Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн ажилтан танил хүмүүсийнхээ PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байжээ. Тэрбээр мөн нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан аж. Хамгийн сүүлд түүний өгсөн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарснаар энэхүү хуурамч үйлдэл нь илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн. ХӨСҮТ дээрх асуудлыг шалгуулахаар гуравдугаар сарын 17-нд цагдаагийн байгууллагад ханджээ.
ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний бичгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шинжилгээ өгөөгүй хүнийг шинжилгээ өгсөн мэтээр хуурамч хариу гаргасан. Мөн ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд цар тахлын үед мөнгө завшсан, бусад хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн" гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан гуравдугаар сарын 17-нд Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн удирдлагуудтай хуралдах үеэр “ХӨСҮТ-ийн ажилтан нь танил хүмүүсийнхээ шинжилгээний хариуг өөр хүний шинжилгээгээр солих, нөхрийнхөө өмнөөс 2-3 удаа PCR шинжилгээ өгсөн зэрэг тохиолдол гарлаа. Өнөөдөр нөхөр нь хөдөө явах болоход өмнөөс нь дахин шинжилгээ өгтөл хариу нь эерэг буюу халдвартай гарсан байна. Бид ойрын хавьтлыг хөөгөөд байгаа гэсэн боловч халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хариу нь сөрөг буюу халдваргүй гараад халдвартай хүний хариу нь халдваргүй гэж гарч байна. Энэ бол маш хариуцлагагүй, ноцтой, хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг зэрэг нь тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгож байна” гэж мэдэгдсэн билээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ