Ардчилсан намын шинэ дарга хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.03.20-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын шинэ дарга хэн бэ?

Ардчилсан намын шинэ дарга хэн бэ?

Ардчилсан нам өнөөдөр Ц.Тувааны болон С.Эрдэнийн гэх хоёр том фракцид хуваагдсан. Аль аль тал нь энэ сарын 28-ны өдөр намын даргаа тодруулахаар болсон. Гэхдээ сунгаа нь тус тусдаа явагдана. Ийнхүү ардчиллаар овоглож, нэгэн цагт ардчиллын туг нь болж явсан Ардчилсан нам цаашид орших уу, эс орших уу гэдгээ хэдхэн хоногийн дараа шийдэх юм. Мэдээж үнэт зүйл үзэл бодлын нэгдэл байх уу, эсвэл мөнгөтэй нөлөөтэй хүний хувийн компани болж хувирах уу гэдгээ. Энэ бол Ардчилсан намын мянга мянган гишүүний өөрсдийнх нь дур сонирхол.

Ардчилсан нам эгнээндээ 180 мянган гишүүнтэй. Тус намын үзэл бодол, үнэт зүйлийг дэмждэг энгийн иргэд ч олон байлаа. Байлаа гэхийн учир нь өдгөө Ардчилсан нам толгой хоргодох оронгүй, малгай тавих толгойгүй болчихсон.

Нэгэн голын хоёр эрэг шиг эвлэж нийлэхээсээ өнгөрсөн АН-ын тамгатай, тамгагүй, бүртгэлтэй, бүртгэлгүй дарга нарын зохион байгуулж буй сунгаанд нийтдээ 9 хүн нэр дэвшиж буй юм.

Ц.Тувааны АН-аас С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин нарын хүмүүс нэр дэвшиж, сурталчилгааны ажилдаа хэдийнэ орсон.   

Энэ талаар дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “АН-ын Дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийн саналын хуудсыг хэвлэж бүх аймаг, дүүргүүдэд хүргэгдсэн. Өнөөдрөөс эхлэн сумдад саналын хуудас хүргүүлж эхэлнэ. Бидний сонгуулийн үйл ажиллагаанд саад болох гэсэн зорилгоор буруу ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүргэж байгаад харамсч байна. Өнөөдрөөс эхлэн "АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж байна" гэх ташаа мэдээлэл гарч байгааг мөн залруулъя. Гуравдугаар сарын 28-ны өдөр АН-ын даргыг тодруулах сонгуулийн санал хураалт уламжлалт буюу цаасан хэлбэрээр явагдана” гэсэн юм.

С.Эрдэнэболдын хувьд залуусын дэмжлэгийг авах магадлалтай нэр дэвшигчээр нэрлэгдэж буй. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил С.Эрдэнийн фракцид намынхаа залуусыг толгойлж ирсэн гэх аян шалтаг хэлэх хүн гарах байх. Гэхдээ нэр дэвшигч нараас хамгийн зөв фигур болж харагдаж байна.

Д.Пүрэвдаваа Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажилласан. Орон нутгийн сонгуульд нийслэлийн АН-ыг удирдан Н.Энхбаяртай эвсэж оролцсон ч харамсалтайгаар ялагдал хүлээсэн. АН-ын даргаар сонгогдлоо гэхэд “утсан хүүхэлдэй” болох магадлал их. Үзэл бодолгүй улстөрч.

Харин О.Амартүвшингийн хувьд МАН-аас АН-д урваж орсон. Ерөнхийлөгч Х.Баттулгын тус дэмээр МҮХАҮТ-ын дарга болсон гэгддэг. МАН-ынхан түүнийг АН-ын даргад балиашиглаж байгаа гэх мэдээлэл байна.

Түүний хүчтэй өрсөлдөгч бол О.Цогтгэрэл. Ерөнхийлөгч Х.Баттулгын хамгийн их итгэл найдвараа хаяж байгаа нэр дэвшигч.  Хэдийгээр мөнгөтэй улстөрч ч гэлээ өнгөрсөн дөрвөн жилийн АН-ын дуу хоолой болсон нь үгүй ч мөнгөтэй хүн гэдгээрээ АН-ын даргаар сонгогдох магадлал өндөр. УИХ-ын бүлэг дотроо ч эрх баригчдын эсрэг үг хэлэх нь ховор. Амжилттай яваа бизнесмен мөн ч Ардчилсан намыг амжилттай удирдаж чадах нь эргэлзээтэй.

Харин хамгийн боломжит хувилбар нь Ц.Туваан өөрөө байсан юм. Эрх баригчдын эсрэг муу, сайн ч акци хийж, хэрдээ л Ардчилсан намын өмнөөс сөрөг хүчин болж явсан. Гэхдээ тэр нэр дэвшээгүй нь олны хэл амнаас болгоомжилсон байх. Ц.Туваанаас өөр хүн түүний АН-д харагдахгүй байна. Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг. Ямар ч байсан АН-ын шинэ даргын сонгуульд өрсөлдөх дөрвөн хүн мөрийн хөтөлбөрөө гишүүддээ танилцуулаад эхэлсэн.

Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын мэдээлснээр “Дөрвөн нэр дэвшигчээс 200 мянган гишүүний олонхын санал авсан нь намын зөрчил маргааныг тасалж, намын жинхэнэ дарга болно”. Мэдээж сонгогдсон даргадаа Ц.Туваан тамгаа шилжүүлэх биз.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж