“Энхсаран” сувилалд 2020 оны аравдугаар сард тусгаарлагдсан иргэдээс халдвар илэрсэнтэй холбоотойгоор Улсын Онцгой комиссоос цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбоотойгоор албан тушаалтан 6, дэглэм зөрчсөн 5, бусдыг өдөөн турхирсан 2, нийт 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Дээрх сувилал нь Энэтхэг, Солонгос, ОХУ-аас ирсэн иргэдийг нэг дор байрлуулж, Эрүүл мэндийн яамны холбогдох журам заалтуудыг зөрчсөн байна. Мөн тусгаарлах байранд байхдаа нэгнийхээ өрөөгөөр орж гарах, амны хаалт зүүхгүй байх зэрэг дэглэм зөрчсөн таван иргэн, мөн иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурорын байгууллагад ханджээ.
Дашрамд дурдахад, шалгалтын явцад тухайн байранд байсан иргэд халдвар хамгааллын дэглэм сахидаггүй, амны хаалт зүүдэггүй, өрөө хооронд хэсдэг, мөн ажилчдад нь хамгаалах хэрэгсэл байдаггүй, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэггүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ