"Хуурамч вакцин үйлдвэрлэж, худалдаж буй асуудал гарч байна"

Хуучирсан мэдээ: 2021.03.20-нд нийтлэгдсэн

"Хуурамч вакцин үйлдвэрлэж, худалдаж буй асуудал гарч байна"

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"МОНГОЛД 953 БИЕ ГҮЙЦСЭН ЦООХОР ИРВЭС БАЙГААГ ТОГТООЛОО"

Монгол Улс нэн ховор цоохор ирвэсийн судалгааг ирвэс бүхий нутгийнхаа хүрээнд шинэлэг арга зүй, том талбайг хамарч хийснээрээ дэлхийд анхдагч болжээ. Судалгааны ажил нийтдээ дөрвөн жил үргэлжилж 500 орчим судлаачид, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд оролцсон нүсэр ажил болсон байна. Өргөн цар хүрээтэй энэ судалгааны талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүйлийн мэргэжилтэн, доктор /Ph.D/ Б.Гантулгатай ярилцлаа.

-Цоохор ирвэс бүхий орнуудаас Монгол Улс дэлхийд анх удаа ийм өргөн хүрээг хамарсан судалгаа хийжээ. Энэ судалгааны талаар ярилцлагаа эхэлье?

-Цоохор ирвэс бүхий 12 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталсан “Дэлхийн цоохор ирвэс болон амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-т дэлхийн хэмжээнд энэ амьтны тоо толгой, тархац нутгийг тогтооно гэсэн томоохон зорилго тавьсан байдаг. Өмнө нь зарим орнуудад нутагтаа ганц нэг ууланд ч юм уу, хэсэгчилж судалгаа хийж байсан. Харин Монгол Улсын хувьд бүх нутгийг хамарч, том талбайд, шинэлэг арга зүйгээр нарийвчлан хийснээрээ дэлхийд анхдагч болж байгаа юм. Энэ утгаар нь харвал улс орны нэр хүндтэй холбоотой, чухал судалгаа болсон.

-Энэ судалгаанд маш олон хүний хөдөлмөр шингэсэн юм билээ. Та судалгаанд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Монгол орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх судалгааны ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар анх санаачилж, Монголын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнтэй хамтран 2017 оноос зохион байгуулсан юм. Түүнчлэн МУИС, Тусгай хамгаалалттай газар нутгуудын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид, нутгийн иргэд нийлсэн 500 орчим хүн 40 гаруй удаагийн хээрийн судалгаагаар  хийж гүйцэтгэлээ. Энэ ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам бодлогоор дэмжиж оролцсонд талархалтай байна. Монголчууд хамтарвал юуг ч хийж чаддагийг энэ судалгаа нотолсон гэж ойлгож болно.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Р.РЕНЧИНДУЛАМ


ХИЛЧИН ХОС: ХАЛХ ГОЛЫН ОТРЯДАД ТАНИЛЦСАН МИНЬ ХАМГИЙН САЙХАН

Өнөөдөр орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Баярын өдрийг тохиолдуулан хилчин хостой ярилцлаа. Тэднийг Э.Бат-Эрдэнэ, Д.Ариунтөгс гэдэг. Хил хамгаалах байгууллагад 10 гаруй жил ажиллаж буй тэдэнтэй Дорнод аймгийн төв дээр байрлах Хилийн цэргийн 0132 дугаар ангийн утсаар холбогдлоо.

-Монгол цэргийн баярын мэнд хүргэе. Та хоёр баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?          

Э.БАТ-ЭРДЭНЭ: Цэргийн баяраар баярын хурал болж, хамт олноороо тэмдэглэдэг. Бид энгэр дүүрэн одон медалиа зүүгээд л анги бүрэлдэхүүнээрээ тэмдэглэдэг юм. Хил хамгаалах байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна. Манай эхнэрийг Д.Ариунтөгс гэдэг. Одоо хил хамгаалах байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байна.

Д.АРИУНТӨГС: Миний хувьд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, цэргийн баяраар ч баярлачихдаг. Энэ өдрүүдэд найз нөхдийнхөө баярын мэндчилгээнд дарагддаг шүү (инээв.сурв).

-Анх яаж танилцсан нь сонирхол татаж байна. Аль заставаас ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн бэ?

Д.АРИУНТӨГС: Би Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд, Хил хамгаалах ерөнхий газар ажилд орсон. Тэндээсээ Халх голын отряд руу малын их эмчээр хуваарилагдан, очиж байлаа. Тэгсэн манай гэр бүлийн хүн зэвсгийн мастер хийдэг, ахлагч цолтой байлаа. Бид хоёр тэр отрядад анх танилцаж, тэндээс ажил, амьдралынхаа гарааг эхэлсэн. Одоо манайх хоёр хүүтэй. Том хүү маань долдугаар анги, бага нь дөрөвдүгээр ангид сурдаг. Дорнод аймгийн төв дээр Хилийн цэргийн 0132 дугаар ангид ажилладаг.

-Та хоёр одоо тав дахь отряд дээрээ ажиллаж байгаа гэсэн үү?

Э.БАТ-ЭРДЭНЭ: Тийм ээ. Дандаа хөдөөгүүр явдаг. Сүүлийн хоёр жил л төвийн отрядад ажиллаж байна. Анх Халх голын 0198 дугаар ангиас ажлынхаа гарааг эхэлж, дараагаар нь Багануурын 0252 дугаар анги, Дорнонговь аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр 0168 дугаар анги, хотын төвийн дүгээр ангид шилжиж очсон. Одоо Дорнод аймгийн төв дээрх  0132 дугаар анги дээр ажиллаж байна.

-Анх хилчин болсон замналаасаа ярихгүй юу?

Д.АРИУНТӨГС: Миний гэр бүлээс хилчин хүн байхгүй. Гэхдээ хамаатан садны ах, дүүс маань хил дээр ажилладаг. Би хилийн цэргийн амьдралыг багаасаа мэдэж, ойлгож өссөн. Анх тавдугаар ангидаа хилийн застав дээр очоод ах, эгчтэйгээ цагийн манаанд гарч, хил рүү дурандаж үзэж байлаа. Тэр үед яг нар жаргаж, хилийн тор бүр илүү тодорч харагддаг. Хүүхэд байхаасаа хилчин албаараа бахархаж өссөн. Тэгээд л их сургуулиа төгсөөд, цэргийн хүн болно гэж боддог болсон.

Э.БАТ-ЭРДЭНЭ: Би Халх голын отрядад цэргийн алба хааж байхдаа хил хамгаалах байгууллагад ажиллах хүсэлтэй болсон. Хил дээр ажиллаж байгаа хүмүүсээр бахархаж, их л сайхан санагдсан. Тэгээд цэргийн албаасаа улирч, хилчин болсон доо. Гэр бүлд маань удам дамжсан хилчин хүн байхгүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
А.ЦЭЭСҮРЭН


Г.БАТБААТАР: ВАКЦИНЖУУЛАЛТ ЭНЭ ХУРДААР ЯВБАЛ ДӨРӨВДҮГЭЭР САРД ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭНЭ

Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш вакцинд хамрагдсан хүний тоо 100 мянга даваад байна. Одоогийн байдлаар төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн, ахмад настанууд гэсэн үе шаттайгаар вакцинжуулалт үргэлжилж буй юм. Ирэх тавдугаар сар гэхэд нэг сая иргэнээ дархлаажуулах төлөвлөгөөтэй байгаагаа Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Вакцинжуулалтын асуудлаар Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавьяат багш Г.Батбаатартай ярилцлаа.

-Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн covid-19-ийн эсрэг вакцины хүлээлттэй байлаа. Вакцин тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл. Гэвч вакцин тариулснаар бүх асуудал шийдэгдчихгүй гэж судлаачид хэлсээр байна. Та юу хэлэх вэ?

-Цар тахал гарснаас хойш дэлхий дахинд улс орнуудын эдийн засаг, хүний амьдралд томоохон өөрчлөлтүүд гарлаа. Эдийн засаг хямарч, үйлдвэрлэл зогсч, хүмүүс хөл хорионд орлоо. Иймд ердийн амьдралдаа эргэн орохын тулд олон улсын эрдэмтэд богино хугацаанд цар тахлын эсрэг вакцин гарган авлаа. Аливаа халдварт өвчинтэй тэмцэх хамгийн хүчирхэг зэвсэг бол вакцин. Үүнээс өөр үр дүнтэй аргыг хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл бодож олоогүй байна. Вакцинжуулалтыг дархлаажуулалтын голомтын заалтаар, сайн дурын үндсэн дээр хийдэг гэж хуульчилсан. Тиймээс хүн бүр вакцинд хамраагдаасай гэж хүсч байна. Учир нь вакцинд хамрагдсан хэсэг хүн Сovid-19-өөс хамгаалагдана. Вакцин тариулаагүй хүмүүс халдварт өртөх эрсдэл өндөр. Тиймээс вакцинд хүн бүр хамрагдаасай гэж мэргэжлийн хүний хувьд хүсч байна. Вакциныг маш өндөр технологиор үйлдвэрлэдэг. Бүх нийтээр вакцин хэрэглэхэд сөрөг нөлөөлөл байхгүй гэж эрх бүхий байгууллагууд нь дүгнэлт гаргасан учраас вакцин тарьж байгаа юм. Вакциныг үйлдвэрлэгч орноор нь ярьж байгаа ч цаана нь маш том судалгааны баг, лабораториуд бий. Иймд вакцины үр дүнд эргэлзэх шаардлагагүй.

-Вакцинжуулалт эхэлснээс хойш төрийн албан хаагчид “Астразенека” вакцинд хамрагдсан. Гэтэл сүүлийн үед улс орнууд тус вакциныг татан авч эхэллээ. Одоогоор вакцинд хамрагдсан хүмүүст эрсдэл үүсэхгүй гэхэд цаашид сөрөг нөлөөлөл үзүүлэх үү. Энэ талаар манай улсад судалгаа байдаг уу?

-"Астразенека" вакцинд хамрагдсан хүмүүст ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрээгүй. Цаашид ч илрэхгүй. Уг вакцин Монголд 75-хан мянган тун орж ирсэн. Одоо дуусч байхад энэ сайн вакциныг муулаад яах юм бэ. Сая 14.000 тун орж ирлээ, энэ нь 7000 хүн л вакцинд хамрагдана гэсэн үг. "Астразенека" вакциныг улс орнууд буцаан татсан гэх мэдээлэл бол ташаа. Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ


"ОЛИМПИЙН ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАХ БОЛСНОО СОНСООД БАЯРЛАХЫН САЦУУ САНАА АМАРСАН"

"Токио-2020" олимпийн наадмыг дэнслэх хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэлтэй ярилцлаа.

-Та олимпийн наадамд оролцох албан ёсны шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Анхны гэж тодотгож болох уу?

-News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Токиогийн олимпод ажиллахаар одоогоор гурван эмэгтэй шүүгч тодроод байна. Анхны гэвэл миний хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 22-нд олимпийн наадам шүүх урилгаа авсан. Урилгаа авсан анхны монгол шүүгч гэж хэлж болно. Мэдээж маш их баярласан. Олимпод оролцоно гэдгээ сонсоод баярлахын сацуу санаа амарсан. Тэмцээн уралдаанд явахаар олон хүний дэмжлэг туслалцаа хэрэг болно. Биеийн тамир, спортын улсын хороо, Сүхбаатар аймгийн биеийн тамир, спортын газар, аймгийн Засаг даргын тамгын газар, Үндэсний олимпийн хороо гээд олон газар намайг олимпийн эрх авахыг дэмжиж байлаа. Эдгээр дэмжиж байсан хүмүүсийн маань хүсэл талаар болоогүйд их баяртай байсан.

-Таныг Токиогийн олимпийг зорих болзлоо аль хэдийнэ хангасан байсан гэж дуулсан. Хариу нь хэр их удаж ирэв?

-2019 онд улс орон бүр олимпийн нааадам шүүх боломжтой олон улсын нэгдүгээр зэрэгтэй шүүгчдийнхээ нэрсийг явуулсан. Тэгээд 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр сонгон шалгаруулалт нь дуусч, хариу нь гарсан. Миний хувьд жилийн дараа буюу 2020 оны хоёрдугаар сард хариугаа хүлээн авсан.

-Ямар болзол, шалгуурууд тавьдаг вэ?

-Олон улсын хүндийн өргөлтийн холбоо бүрэлдэхүүндээ 198 гишүүн оронтой шүү дээ. Улс орон бүр олимпийн шүүгчтэй болохын тулд нэгдүгээр зэрэгтэй шүүгчдийнхээ нэрсийг дэвшүүлнэ. Эндээс 35 шүүгч сонгоно. Ганцхан олимп ч гэлтгүй дэлхийн аварга, олон улсын томоохон тэмцээнүүдэд ийм тооны шүүгчид ажилладаг. Ер нь томоохон тэмцээн, уралдааны өмнө шүүгчдийн бүрэлдэхүүнийг ил зарладаггүй. Энэ нь шүүгчдээ янз бүрийн лоббид орохоос сэргийлж буй бодлого л доо. Шүүгчдийн чансааны оноог ч ил гаргадаггүй. 198 орны шүүгчид дундаас 35 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн багт сонгогдсон байна гэдэг таны хэр чансаатайг харуулж байгаа хэрэг. Мөн шүүгч бүр зургаан сегментэд ажилладаг байх шаардлагатай. Жин үзэлт, нарийн бичиг, бие халаалтын зааланд тамирчдыг шалгах, дэвжээний шүүгч, цаг барих шүүгч, жури шүүгч гээд зургаан сегментэд ажиллах чадвартай байх хэрэгтэй. Дээрээс нь олон янзын зохион байгуулалттай наадмуудад ажиллаж байсан туршлагатай байх хэрэгтэй. Би одоогоор 40 гаруй тэмцээнд ажиллаад байна.

-Жүдо бөхийн тамирчин яаж яваад хүндийн өргөлтийн спорттой холбогдсон юм бэ? 

-Би чинь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд арван жилээ дүүргэсэн хүн. Нийгэм солигдоод, хөдөө орон нутагт спортын салбар уначихсан байсан үе. Тийм учраас оюутан болсон хойноо, орой спорттой холбогдсон. Хөдөө аж ахуйн их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид анх нэгдүгээр курст ороод, спортоор хичээллэмээр санагдсан юм. 2000 онд аавыгаа дагуулаад, Спортын төв ордны жүдогийн дугуйланд анх Б.Буядаа багшдаа шавь орж байлаа. 2001 онд жүдогийн залуучуудын улсын аваргаас алтан медаль аваад зогсохгүй самбо бөхийн залуучуудын улсын аваргаас хүрэл медаль бас хүртсэн дээ. Нэг жил хичээллээд, их л амжилт гаргасан байсан. Багш маань ч намайг ирээдүйтэй гэж бодсон байх. Харин тэгтэл хүчний бэлтгэл хийх гээд хүндийн өргөлтийн зааланд оров. Тухайн үед хүндийн өргөлтийн спортын мастер С.Хөхөө багш маань “Одгэрэл ээ, чи хүндийн өргөлтөөр хичээллэвэл амжилт гаргана. Одоо дэлхийд эмэгтэй хүндийн өргөлт эрчимтэй хөгжиж байна. Чамд боломж бий. Бэлтгэл хийе” гэж санал тавихад нь зөвшөөрсөн дөө. Яагаад ч юм бэ, анх хүндийн өргөлтийн зааланд ороход миний сэтгэл маш их хөдөлсөн. Цаанаасаа дуудсан юм шиг ээ. Гэтэл Б.Буядаа багш “Миний охинд жүдогоор том ирээдүй байхад хэмжигдэхүүнтэй хүндийн өргөлтийн спорт руу орлоо доо. Эмэгтэй хүнд хэцүү спорт шүү” гэж хэлж байлаа. Би өөрөө ч багшдаа хүсэл сонирхлоо ойлгуулаад, багш маань хүндэтгэн авч үзээд зөвшөөрсөн. Ингэж л анх 2002 онд хүндийн өргөлтийн спорттой холбогдож, 2003 онд насанд хүрэгчдийн Ази тивийн аваргаас Монголын эмэгтэй хүндийн өргөлтийн тамирчдаас анхны мөнгөн медалийг хүртэж байсан түүхтэй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу
Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж