Олон улс энэ жил гуравдугаар сарын 19-ний өдрийг дэлхийн нойрны өдөр хэмээн тэмдэглэж байна. Тэгвэл статистик баримтуудаас үзвэл, монголчууд хоногт унтаж өнгөрүүлдэг хугацаагаараа Азид тэргүүлдэг аж. Харин эсрэгээр хамгийн бага унтдаг хүмүүсийг өмнөд солонгосчууд гэжээ.
Тухайлбал, хүн хоногт найман цаг унтахад нойр бүрэн авдаг хэмээн эмч нар үздэг бол өмнөд солонгосчууд хоногт дунджаар 7 цаг, 51 минут унтдаг гэнэ. Харин хятадууд хоногт ойролцоогоор есөн цаг унтдаг гэх судалгаа бий аж. Тэгвэл монголын Үндэсний статистикийн хорооны 2019 онд хийсэн судалгааны үр дүнгээс харахад 12-оос дээш настай монголчууд хоногт дунджаар 9 цаг, 12 минут унтдаг аж. Барууны орнуудыг харьцуулж үзвэл, америкчууд 8 цаг, 48 минут, канадууд 8 цаг, 40 минут, францчууд 8 цаг 33 минут унтдаг гэнэ.
Иймд дэлхийн нойрны өдрийг тохиолдуулан "Simmons" байгууллагын зүгээс “1, 2, 3”-ын дүрэм мөрдөхийг зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, нэг гэдэг нь 15:00 цагаас хойш дуг хийхгүй байх, хоёр гэдэг нь орондоо хэвтсэнээс 20 минутын дотор унтах, гурав гэдэг нь өдөрт дор хаяж 30 минут наранд гарахын нэр аж.
Түүнчлэн орондоо орсноос хойш түргэн хугацаанд унтахын тулд орондоо гар утас, зурагт үзэхгүй байх, өдөрт дор хаяж 30 минут наранд гарч байх хэрэгтэй хэмээн эрдэмтэд зөвлөжээ.
Эх сурвалж: YONHAP ҮСХ
Холбоотой мэдээ