Усны нөөцөө хадгалан үлдэх нь бидний эрхэм зорилго мөн

Хуучирсан мэдээ: 2021.03.22-нд нийтлэгдсэн

Усны нөөцөө хадгалан үлдэх нь бидний эрхэм зорилго мөн

Усны нөөцөө хадгалан үлдэх нь бидний эрхэм зорилго мөн

3 дугаар сарын 22-дэлхийн усны өдөрт

Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг НҮБ-өөс “Дэлхийн усны өдөр” болгож хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа тодорхой сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил: “ Уур амьсгалын өөрчлөлт ба усны нөөц “ гэсэн сэдвээр тэмдэглэж байна.

Улс орон бүхэн байгаль, экологийнхоо нөөц, чадавхийн хэм хэмжээг судлах, үнэлэх цаашдаа хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн шаардлагад хэрхэн нийцэх эсэх, мөн улс үндэсний цаашдын хэрэгцээнд хэрхэн зохицуулах хамгаалах талаар нилээд анхаарах болж байна. Үүний дотроос усны нөөцийг хамгаалах, хадгалж үлдээх, буюу Монгол орны нутагт бүрдсэн “ бурхны хишиг” усаа хуримтлуулах талаар одооноос эхлэн анхаарахгүй бол ирээдүйд хожимдох болно. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт жилээс жилд эрчимшиж, улам бүр хуурайшиж байгаа өнөөгийн нөхцөлд манай орны усны нөөцийн аюулгүй байдал алдагдахад тун ойрхон болж байгаад эрхэм зон олон та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсэж байна.

Монгол орны усны нөөц хязгаарлагдмал хэмжээтэй. Усны нөөц жилээс жил багасаж, хорогдож байна. Нөгөө талаар усны чанар муудаж, бохирдож байгаа нь бас аюулгүй байдлын нэг хэсэгт хамаарагдана.

Монгол орон усны нөөцөөр төдийлөн баялаг биш. Монгол орны нийт нутаг дээр тархааж үзвэл 230 мм буюу 361 шоо км хэмжээний ус бүхий хур тунадас унадаг. Жилд орох энэхүү хур тунадасны 90 хувь нь ууршиж алга болдог. Зөвхөн арван хувь буюу 36 шоо км ус Монгол орны нутагт үлдэх боловч түүний 37 хувь нь хөрсөнд шингэж, 63 хувь нь гол мөрний усыг бүрдүүлнэ. Ашиглах боломжтой усны нөөц хэмжээ 34.3 шоо км байна. Үүний 80 гаруй хувь нь гадаргын, үлдсэн хэсэг нь гүний ус гэж доктор Г.Даваа, доктор Жадамба, доктор Л.Жанчивдорж  нарын олон манай судлаачид тогтоосон байдаг . Гэхдээ усны нөөц нь улс орныг нутаг дэвсгэрийн хэмжээгээр туйлын жигд биш тархсан байдаг. Манай орон хойд хэсэгтээ усны нөөц хүрэлцээтэй мэт боловч тал хээр, говь цөлийн бүсээр усны нөөц ихээхэн хомсдож, усан хангамж хүрэлцээгүй болдог .

Хот суурин газрын усны замбараагүй үрэлгэн хэрэглээг зохицуулах шаардлагатай байна. Ус, уурыг аль ч хот суурины албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хэтэрхий үрэлгэн ашиглаж байна. Усны ийнхүү үрэлгэн хэрэглээ нь тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, орлого, ашигт тодорхой мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг арга хэрэгслийг бий болгох ёстой юм. Ийм арга хэрэгсэл бол усны үнэ цэнэ, усны төлбөр байх ёстой. Усыг үнэгүй мэт үзэж их хэмжээгээр урсган хаягдал болгон гаргаж байна. Иймд байгалийн усны нөөцийн үнийг ойрын үед зайлшгүй шинээр үндэслэл сайтайгаар тогтоож өгөх нь ус хамгаалах, зохистой ашиглах бодлогын нэг гол цөм мөн.

Усны ухаалаг хэрэглээг хэвшүүлэх нь эдийн засгийн дээрх арга хэрэглэлтэй холбоотой байдаг. Гэхдээ эдгээрийг ажил хэрэг болгоход усны хэмжүүржүүлэлт, тоо бүртгэл чухал үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа нийтийн хэрэглээний ус түгээгүүрийн дэд бүтцийг өөрчилж, усны тоолуур тавихад ихээхэн хөрөнгө, хугацаа зарцуулах нь дамжиггүй. Нөгөө талаар манай орны эдийн засаг сүүлийн жилүүдэд эрс өсөж, уул уурхайд түшиглэсэн хөгжлийн баримжаа нэгэнт бүрдээд байгаа нь усны хэрэглээг асар ихээр шаардах болно.

Манай орны шинээр бүрдэж байгаа гадаргын усны нөөцийн дийлэнх хувь нь гадагшаа урсгалтай голуудаар дамжин урсаж оддог.  Монголын нутаг дээр дөнгөж 10 орчим хувь нь үлдэж газрын хөрсөнд шингэж биологийн баялаг болох буюу нийгэм эдийн засгийн хэрэгцээг хангадаг. Маш бага хэмжээний ус Монгол орны нутагт шингэж үлдэж байна . Иймд усны нөөц гэсэн үндэсний хамгийн чухал баялагаа гадагшаа санамсаргүйгээр алдаад байгаад анхаарлаа хандуулах цаг болсон.

Монгол улсын нутаг дээр бүрдсэн усны нөөцийн дийлэнх хэсэг нь гол мөрнөөр дамжиж гадагшаа урсаж одох нь байгалийн жам мэт санагдах боловч цаад агуулгаараа бидэнд асар их хохиролд учирч байгааг үл анзаарна.

Монгол улсын нутаг дээр бүрдсэн усны нөөц бол монголын ард түмний өмч, хэнтэй ч булаацалдашгүй үнэ цэнэтэй баялаг болно.Бид бороо цасны буянаар бүрдсэн усны нөөцөө өөрсдөө мэдээд ямар нэг зорилгоор ариг гамтай ашиглах бүрэн эрхтэй ,хэн ч бидэнтэй манай усны асуудлыг хөндлөнгөөс оролцож, булаацалдах буюу ашиглуулахгүй гэж дээрэлхэх ёсгүй юм.

Цаашдаа дэлхий нийтийн хэмжээнд ундны цэвэр усны нөөц багасаж, үнэ цэнэ нь улам нэмэгдэх хандлагатай болж байна. 2040-өөд оны үед дэлхий дахинд усны үнэ одоогийноос хэд дахин нэмэгдэж, эрэлт хэрэгцээ улам бүр өснө гэж үзэж  байна.

Иймд эх нутагтаа бүрдсэн усны нөөцөө зохистой ашиглах, мөн боломжийнхоо хирээр хуримтлуулж үлдээх асуудал бол манай улсын дотоод бодлого, усны аюулгүй байдлын гол үндэслэл байх ёстой.

Усны нөөцийн аюулгүй байдлын талаар төрийн бодлогоор болон эрдэмтэд судлаачдын зүгээс  тодорхой хэмжээгээр санаа тавьж анхаарсан байдаг.

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (2010 он) усны нөөцийн хомсдолоос сэргийлэх талаар “Гадаргын усны ашиглалтыг сайжруулах үүднээс томоохон гол, мөрөнд урсацын тохируулга хийж, бороо, цас, мөсний усыг хуримтлуулж нөөцлөх усан санг ууршил багатай, эрчим хүчний нөөц ихтэй бүс нутагт байгуулж, говь, тал хээрийн ууршил ихтэй бүсэд усыг нөөцлөх, дамжуулах далд систем барьж байгуулна” гэж заасан байдаг нь усны нөөцийн аюулгүй байдлыг хангах дохио болж байна.

Тэгвэл энэ санааг лавшруулан судлаач доктор Ц.Балдандожийн “Усны аюулгүй байдлын үнэлгээнд сонгож авсан 5 гол хэмжүүр үзүүлэлтүүд:

Нэгдүгээрт – Хот суурины айл өрхийн ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хангалт

Хоёрдугаарт – Эдийн засгийн салбаруудын усны хүрэлцээ хангалт

Гуравдугаарт – Хүн ам, хот суурин, үйлдвэрийн барилга байгууламжийн усны үерийн аюулгүй байдал

Дөрөвдүгээрт – Байгаль орчны усны аюулгүй байдал

Тавдугаарт – хөдөөгийн хүн амын унд, ахуйн усны хэрэгцээ, хангалт эдгээр болно” гэж тодорхойлоод Монгол орны усны аюулгүй байдлын өнөөгийн төсөөлөл болгож дараах саналыг дэвшүүлжээ.

2012 оны Азийн усны хөгжлийн хэтийн төлөв (АУХХТ)-ийн хүрээнд Монгол улсын усны аюулгүй байдлыг Ази-Номхон далайн зарим орнуудтай харьцуулан судалсан дүн, Монгол улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулахад хийсэн үнэлгээ болон 2015 оны байдлаар  хийсэн үнэлгээнүүд үндсэндээ төсөөтэй дүгнэлтэд хүрч байгаа бөгөөд эдгээр үнэлгээнүүдээр Монгол улс усны аюулгүй байдлыг хангах хэмжээнд хүрэхэд нилээд хол байна.

Дээрх АУХХТ-ийн өгсөн үнэлгээгээр Азийн орнуудаас Шинэ Зеланд хамгийн өндөр оноо авсан орнуудын нэг байсан бол бидний нилээд сайн төсөөлөлтэй Өмнөд Солонгос дунд зэргийн үзүүлэлттэй гарч байжээ .

Монгол орон усны аюулгүй байдлын өнөөгийн үнэлгээг XX зууны сүүлийн хагасынхаас хэрхэн өөрчлөгдөж байгааг дүгнэвэл эдийн засгийн салбаруудад нилээд дээшилсэн мэт харагдах боловч тэдгээр нь шинээр бий болсон уул уурхайн үйлдвэрүүд, тэдгээрийн усны хангалтын аюулгүй байдал өссөнөөр тайлбарлагдаж байна.

Хүн төрөлхтний туулж ирсэн он жилүүдийн түүхэнд хамгийн түгээмэл, хамгийн үр дүнтэй арга нь усны нөөц элбэгтэй бүс нутгаас усны гачаалтай бүс нутагт усыг шилжүүлэн ашиглах арга юм” хэмээн маш тодорхой авч үзсэн байдаг.

Тэгвэл судлаач доктор Д.Батмөнх “Аль ч улс үндэстэн эдийн засгийн аюулгүй байдлаа хангахад усны нөөцийг стратегийн ач холбогдолтой баялагт тооцон үздэг. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд усны нөөцийн менежментийн уламжлалт бодлогод өөрчлөлт орох чиг хандлага бий болсон. Өөрөөр хэлбэл, төслүүдэд тулгуурласан усны нөөцийн менежментийн бодлого явуулахаас, усны нөөцөд тулгуурласан төсөл хэрэгжүүлэх менежментийн бодлого боловсруулах шинэ гүн ухаан гарч ирээд байна. Энэ нь одоогийн усны менежментийн онол, практикт шинэчлэл хийх шаардлагатайг хэлээд байгаа юм. Үүнийг энгийнээр тодорхойлбол, байгаа усныхаа нөөцийн тоо хэмжээнд тулгуурлан бүтээн байгуулалтын ажлын цар хүрээгээ тодорхойлох шаардлага гарч ирнэ” гэж усны аюулгүй байдлын талаар өөрийн бодол санаагаа илэрхийлсэн байх юм .

Энэ мэтчилэнгээр олон судлаачид усны нөөцөө хамгаалах талаар янз бүрийн санал дэвшүүлж байгаа юм.

Усны нөөцийн аюулгүй байдлыг хангахын тулд төрийн бодлогын баримт бичигт болон судлаачдын санал аль аль нь гадаргын усны нөөцөө хуримтлуулахад чиглэсэн байгааг анхаарах ёстой. Иймд бид усан цахилгаан станц барих эсвэл усан хоолой татах, усан байгуулах гэх мэт “эрс зоригтой” төслүүд, шийдлүүдийг үндэсний аюулгүй байдлыг хангах хэмжээний бодлого болгож хэрэгжүүлэх шаардлага урган гарч байгаа юм .

Бид энэ бүхэнтэй санал нэгдэхийн зэрэгцээ өнөөдөр гадагшаа урсаад байгаа гадаргын усныхаа  нөөцөө ямар нэг хэмжээгээр хадгалж үлдэх нь манай улсын усны аюулгүй байдлын гол баталгаа болох ёстой гэдэг үндсэн санаагаар дараах  зорилтуудыг дэвшүүлж, энэхүү өгүүлэлд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Үүнд:

  • Усны нөөцөө яаж хадгалж үлдээх вэ? Энэ бол улс төрчид, бодлого боловсруулагчид, эх оронч сэтгэлгээтэй бүх хүний хамгийн эрхэмлэх зүйл болох ёстой.

Усны нөөцөө дотооддоо авч үлдэж, эхний ээлжинд өөрсдийнхөө өсөн нэмэгдэж байгаа нийгэм эдийн засгийн хэрэгцээг хангах шаардлагатай байна.

  • А. Энэ зорилгоор “Туул голын усан сан”, “Орхон – говь” зэрэг төслүүдийг манай иргэд, судлаачид маш зөв ойлгож дэмжиж нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийн онцлон дурьдмаар байна. Энэ чиглэлээр одооноос хөрөнгө мөнгө “босгох” цаг болжээ.
  • Б. Мөн гадагшаа урсгалтай голууд дээр барих гэж байгаа “Эгийн голын УЦС”, “Шүрэнгийн УЦС” төслүүдийг мөн адил хэрэгжүүлэх нь ирээдүйнхээ төлөө хийж байгаа манай усны аюулгүй байдлыг хангах хамгийн эхний онцгой чухал алхам байх болно.

Эгийн голын УЦС-ын усан сан болон Шүрэнгийн УЦС-ын усан санд олон мянган тонн/м3 ус тус тус хуримтлагдаж үлдэх тооцоотой. Энэ бол Монгол улсын усны нийт хэрэглээний тодорхой хувь байх болно.

Цаашид ч бас адил усан сангууд байгуулж бүрдсэн усаа авч үлдэх талаар үе үеийн засгийн газрууд анхаарч ажиллавал зохино. Аливаа Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг зөвхөн усны аюулгүй байдалд оруулсан хувь нэмрээр нь жишиж үнэлдэг байвал зохино.

Дээрхи А,Б чиглэлд орсон төслүүд нь нийгэм эдийн засгийн хэрэгцээгээ хангахаас илүүтэйгээр үнэн хэрэгтээ усны аюулгүй байдлаа хангаж байгаа нэг гол арга хэмжээ гэж маш зөвөөр ойлгох ёстой.

Эдгээр усанд санд хуримтлагдаж үлдсэн усны нөөц бол манай улсын алтаар ч сольшгүй баялаг, байгалийн асар их үнэ цэнтэй өмч гэдгийг бид ойлгож, хамтаараа нэгдмэл зорилготой болох ёстой. Бас үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэтийн том бодлого байх ёстой гэдгийг монгол хүн бүр дээр дооргүй ухаж ойлгох цаг болоод байна.

Б чиглэлийн төслийг хэрэгжүүлэхдээ усан сангуудыг тохируулгатай хийж ОХУ-д усаа гуйлгаж өгч байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай юм. Бид одоо болтол ОХУ-аас нефть, эрчим хүчний хараат байдалд байна. Энэ байдал ч бас нилээд хэсэг хугацаанд үргэлжилнэ. Иймд манай улсын нефтийн хэрэгцээг хааж боогдуулах, үнийг өндөрсгөх зэргийн хариуд бид тохируулгатай усан сангийнхаа нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх, эсвэл  багасгах зэргээр хариу барьж байх нэг боломж бүрдэнэ гэдгийг бас цөөн тооны хүмүүсийн хүрээнд сайтар ойлгож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ авч байвал зохино.

Манайд бүрдсэн усны нөөц манай улсын үндэсний баялаг, хэнтэй булаацалдашгүй Монголын ард түмний өмч учир бид бусдын ямар нэгэн шахалтанд ороод байх шаардлага байхгүй, өөрсдөө усны нөөцөө мэдэж захиран зарцуулж, бас хөрш зэргэлдээ орууддаа “наймаацалж” болно. Энэ бол олон улсын ямар ч эрх зүйг зөрчөөгүй хэрэг.

Миний бие байгаль орчны олон улсын гэрээ хэлэлцээрийн болон байгалийн нөөцийн судалгаан асуудлаар олон жил ажиллаж байсны хувьд тухайн улс өөрийн нутаг дээр бүрдсэн усаа ашиглахыг хориглосон олон улсын ямар нэг гэрээ хэлэлцээр байдаггүйг сайн мэднэ. Зөвхөн ганц нэг голын ай саваар хийсэн “Дунайн хэлэлцээр”, “Меконг мөрний гэрээ” мэт байхаас бусад өөр олон улсын зохицуулалт байхгүй.

Хэдийгээр хоёр хөрштэйгөө хилийн усны хэлэлцээртэй боловч тэнд ашиглах усны хэмжээг экологийн нөөцөөс хэтрүүлэхгүй байхаар баримжаалан авч үзсэн байдаг.

Монгол улсад усан сангууд байгуулж усны нөөцөө хадгалж үлдээх  үндэслэл нь НҮБ-аас 2015 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт – 2030” , Дэлхийн Банкны Үйл ажиллагааны бодлогын нэг болох ядуурлыг бууруулах чиглэлээр говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх, байгаль орчны доройтлыг нөхөн сэргээх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах явдал бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын төрөөс бүрэн эрхт тусгаар улсын хувьд нутаг дэвсгэртээ байгаа байгалийн баялаг, тэр дундаа гол мөрний усыг зохистой ашиглах, урсацад тохируулга хийх бүрэн эрхтэй бөгөөд энэхүү бүрэн эрхийг аль ч олон улсын аливаа нэгэн гэрээ конвенциор хязгаарлаагүй болохыг тэмдэглэж байна.

Бид усан сангууд байгуулахдаа гадагшаа урсгалтай голынхоо экологийн урсацаас хэтрүүлэхгүйгээр, зөвхөн зуны улиралд орсон борооны үерийн ус буюу үеийн усны гадагшаа урсаж алдаж байгаа тэр их нөөцийг хуримтлуулж үлдээх асуудлыг ярьж байгаа хэрэг.

Иймд усан сан барьснаар Байгал нуурын усны түвшинд нөлөөлөх асуудал гарахгүй. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хуурайшил бий болж аливаа нууруудын усны түвшин буурч байгааг энэ асуудалтай хольж хутгаж бас болохгүй.

Байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр гол мөрний усыг зохистой ашиглах, урсацад тохируулга хийх гэдгийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж гаргаж болно. Энэ зөвлөмжийн хүрээнд экологийн урсацыг тодорхойлохдоо голын сав газрын экосистемийг тэтгэх, гол мөрнөөс хүрээлэх орчин болон хүний ахуй амьдрал, нийгэмд үзүүлдэг олон талт ашигт тусыг хадгалахын тулд голд үлдээх урсацын хэмжээ бөгөөд тогтмол бус, сар бүр өөр өөр утгатай байх аргачлалыг баримталвал зохино.

Усан сан, усан цахилгаан станц барих болон усны хоолой татах зэрэг нь бүгдээрээ эдийн засаг, нийгэм, байгаль орчны олон талын цогц шийдлүүдийг хамарсан макро төслүүд болох юм. Эдийн засгийн хувьд авч үзвэл 2022 оноос эдийн засаг сэргэж уул уурхайгаас хөрөнгө мөнгө хуримтлагдах үед тэдгээрийн зарим хэсгийг дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулах нь хамгийн зохистой шийдэл болно. Тэр нь эргээд удаан хугацааны дараа “цэнхэр алт” хэмээх үнэ цэнэтэй баялгийн санг үүсгэж хойч үе маань түүгээр амьдрах боломж бүрдэнэ. Харин нийгмийн талаас нь авч үзвэл төслүүдийг хэрэгжүүлэхэд олон  ажлын байр бий болох бөгөөд тал хээр, говь нутгийн  иргэд хангай газрын цэвэр усаар ундлах, эрүүл мэнд нь хамгаалагдах ач тустай. Байгаль орчны талаас нь үзвэл их хэмжээний газар, ой мод, тодорхой хэмжээний тариалангийн талбай усан сангийн доор орох боловч тэдгээрийн шууд алдагдал нь үүссэн нуураас хүчилтөрөгч хуримтлагдаж гарах, орчны уур амьсгал зөөлрөх, бичил уур амьсгалын шинэ нөхцөл бүрдэх, нүүрс хэмнэх зэргээс нүүрс хүчлийн хийн ялгарал багасах, цэвэр усны асар их нөөцтэй болох зэрэг удаан хугацааны экосистемийн үйлчилгээний өгөөж ашиг нь давамгайлах бүрэн боломжтой. Иймд усны нөөцийг газар нутаг дээрээ хуримтлуулах талаар төр, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөл нэгдсэн зөв ойлголттой болж, хамтран ажиллах цаг болоод байна.

  • Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл бодитой болж, хуурайшиж байгаа өнөөгийн болон хэтийн ирээдүйн нөхцөлд манай хуримтлуулсан усан сангийн усны нөөц нь тодорхой нэгэн хугацаанд Байгал нуурыг аврах нэг боломж болохыг ч үгүйсгэх аргагүй. Тэр үед бид усаа бас зүгээр өгөхгүй нь дамжиггүй.
  • Үүнээс үндэслээд энэ асуудлыг цаашид улам нарийвчлан судалж үндэсний аюулгүй байдлын нэг гол бодлого болгон баримталж явахыг эрхэм мэргэн дүү нараас хүсэж байна.

Монгол орны усны нөөцийн аюулгүй байдлыг өнөө болоод ирээдүй үеийн эрх ашгийн үүднээс хангах үндэс нь одоогоор урсаж гадагшаа алдагдаж байгаа гол мөрнийхөө усыг томоохон усан сангуудад хадгалж үлдэх асуудал болж байна. Энэ талаар монголчууд нэгдсэн ойлголттой болж,хамтран ажиллах нь усны аюулгүй байдлыг хангах нэг үндэслэл болох ёстой.

Доктор, профессор Ц.АДЪЯАСҮРЭН

Эко Ази дээд сургуулийн захирал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж