Дарханы зам барих хятадууд Монголд ирэх хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

Дарханы зам барих хятадууд Монголд ирэх хүсэлт гаргажээ

Дарханы зам барих хятадууд Монголд ирэх хүсэлт гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газраас  Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэдэд явуулсан хяналт шалгалтын дүнг өнөөдөр /2021.03.19/ танилцууллаа.


Тодруулбал, Засгийн газрын квотоор өнгөрсөн 2020 онд 4000 гаруй гадаадын иргэн Монголд хөдөлмөр эрхлэх визээр иржээ. Энэ төрлийн визээр ирсэн ажиллах хүчний дийлэнх нь уул уурхай, зам гүүр, барилга зэрэг бүтээн байгуулалтад оролцохоор ирдэг байна.

Гэвч Монголд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг хянаж чаддаггүй болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас онцлов. Тус газрын мэдээлснээр хөдөлмөр эрхлэх визээр манай улсад хил нэвтэрсэн гадаадын иргэдийн дийлэнх нь тухайн газартаа ажилладаггүй, чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаггүй зэрэг зөрчил илэрчээ. Жишээ татвал, Дарханд төмөрлөгийн үйлдвэрт ажиллахаар ирсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажилласан, Тэрэлжийн барилга дээр ажиллах ёстой байтал тухайн газартаа байдаггүй, Дундговь аймгийн Гурвансайхан суманд уул уурхайн компанид ажиллахаар ирсэн ч Хан-Уул дүүрэгт ажиллаж байсан зэрэг зөрчил илэрчээ. Мөн ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгжүүд урилгаар авсан гадаадын иргэдээ таньдаггүй зэрэг зөрчил илэрсэн аж.

Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээлснээр бүтээн байгуулалтын салбарт ажиллаж байгаа гадаадын 1000 гаруй ажилтан байна. Өнгөрсөн онд тэдний 500 гаруйг нутаг буцаасан бол 180 гаруй иргэнийг албадан гаргасан гэдгийг албаныхан мэдээллээ.  Тус газраас өнөөдөр ОХУ-ын хоёр иргэнийг албадан гаргахаар болжээ. Тодруулбал, Монгол Улсад гурван жил гаруйн хугацаанд хууль бусаар оршин сууж байсан иргэдийн нэг нь Монгол Улсад гэмт хэрэг үйлдэж, ял нь дууссан тул албадан нутаг буцааж буй аж.

ДАРХАНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД АЖИЛЛАХААР ХЯТАД ИРГЭД ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ

Монголд ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа.

Дарханы бүтээн байгуулалтад оролцохоор Монголд ирсэн хятад ажилчид нутаг буцсан уу, эсвэл энд байгаа юу?

Энэ талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл алга. Гэхдээ тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн ажилчид нутаг буцсан. Энэ жил Дарханы зам барихаар Монголд ирэх хүсэлтээ гаргасан хятад иргэд байгаа юм билээ.  Тус улсын хэчнээн иргэн одоогоор саналаа өгсөн талаарх тодорхой мэдээлэл алга. Харин гадаадын иргэд  хил нэвтэрсний дараа бид хяналтаа тавина. Нэн тэргүүнд энэ бүтээн байгуулалтыг дуусгах нь зүйтэй гэж бид үзэж байна.

-Вьетнам улсын иргэд хөрөнгө оруулагч визийн ангиллаар хил нэвтэрсэн ч хөдөлмөр эрхэлж байсан зөрчлийг өнгөрсөн онд илрүүлж байсан. Энэ зөрчилд ямар арга хэмжээ авсан бэ?

Вьетнам иргэдтэй холбоотой асуудлыг нарийвчлан шалгаж, хөрөнгө оруулагч визийг нь цуцалж, хөдөлмөр эрхлэх виз рүү шилжүүлсэн. Зөрчил гаргасан гадаадын иргэдэд арга хэмжээ авсан. Үүнээс гадна өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан вьетнам иргэд ч байна. Хөдөлмөр эрхлэх визээр амьдарч буй гадаадын иргэд сар бүр 840 мянган төгрөгийн татвар улсад төлөх үүрэгтэй байдаг.

-Цар тахлын улмаас хил хаалттай байгаа энэ үед албадан гаргах ажлыг хэрхэн зохион байгуулж байна. Хил нээгдвэл нутаг буцаах, албадан гаргахаар төлөвлөсөн гадаадын хэчнээн иргэн байна?

-Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын иргэдийг  албадан гаргах ажил түр саатсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар ОХУ-ын хоёр иргэнийг албадан гаргана. Аж ахуйн нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын явцад илэрч буй зөрчлөөс хамаарч албадан гаргах иргэдийн тоо гарна. Нутаг буцаах иргэдийн тоо ч бас адилхан. Бүтээн байгуулалтын ажлын явцаас шалтгаална.

-Цаашид гадаадаас ажиллах хүчин авсан аж ахуйн нэгжүүдэд хийх хяналт шалгалт үргэлжлэх үү. Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авах вэ?

-Засгийн газрын квотоор ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгжүүдээс зургаан зөрчил илэрсэн. Тухайлбал, 80 гаруй ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгж нь ажилчдаа танихгүй байгаа юм. Мөн хяналт тавьдаггүй. Ийм зөрчил гаргасан  атлаа гадаадаас ажиллах хүчин авахаар дахин хүсэлт гаргадаг компани байна. Уг хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэхгүй. Цаашид хөл хорионы нөхцөл байдал сулрахаар  гадаадаас ажиллах хүчин татан авсан аж ахуйн нэгжүүдэд  нарийвчилсан хяналт, шалгалт явуулна. Үүнээс гадна Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар одоо тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр болж байна. Тухайлбал, визийн ангиллыг хуулиар тогтоодог байсан бол Засгийн газрын журмаар тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан уян хатан журмаар зохицуулахаар болсон. Мөн хилийн боомтуудад хил орчмын бүсээр аялах визийг 24, 48 цагийн дотор олгох. Түүнчлэн цахимаар визийн мэдүүлэг авдаг болох. Мөн Монгол Улсад удаан хугацаанд амьдарч буй гадаадын иргэд хилээр гарсан, орсон тохиолдолд тамга дардаг байсныг болиулна.

 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж