Монголын зээлжих зэрэглэлийн төлөвийг ахиулахад юу нөлөөлөв?

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

Монголын зээлжих зэрэглэлийн төлөвийг ахиулахад юу нөлөөлөв?

Монголын зээлжих зэрэглэлийн төлөвийг ахиулахад юу нөлөөлөв?

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг нь “сөрөг”-өөс “тогтвортой” болгож ахиулсан. Цар тахал дэгдсэн 2020 оны тавдугаар сард тус агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “сөрөг” болгож бууруулснаас хойш 10 сарын дараа ийнхүү эргэн тогтвортой түвшинд шилжүүлэв.

Зээлжих зэрэглэлийн төлөвийг сайжруулахад хөрвөх чадварын эрсдэл буурсан, мөн гадаад зах зээлтэй холбоотой дарамт тогтворжсон нь гол нөлөөлөх хүчин зүйл болсон байна. Мөн тус агентлаг мэдээлэлдээ, Засгийн газраас өрийг дахин санхүүжүүлэх зорилгоор бонд гаргаснаар хугацаа тулсан өр төлбөрийн дарамт буурсныг дурджээ.

Гадаад зах зээлтэй холбоотой эрсдэл буурч, уул уурхайн экспорт төсөөлснөөс хурдтай сэргэж буй нь цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгааг "Moody’s" агентлаг тэмдэглэсэн байна. Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард 4.56 сая тоннд хүрч, жилийн дүнгээр 63 хувиар өсчээ.

Эдийн засагч Б.Дөлгөөн "Moody’s" агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг ахиулсныг төсөөлөлтэй холбон, байр сууриа илэрхийлэхдээ “Зэсийн ханш 9000 ам.доллар даваад ирэхээр манай экспортын орлого нэмэгдэх дүр зураг харагдаж байгаатай холбоотой болов уу” хэмээв.

Зээлжих зэрэглэлд нэг хүнд ногдох ДНБ, авлигын түвшин, инфляц, төсвийн тэнцэл, ажилгүйдлийн түвшин, эдийн засгийн урт хугацааны өсөлт гэсэн хүчин зүйлс нөлөөлдөг.

Цар тахлаас өмнө төсвийн үзүүлэлтүүд харьцангуй сайжирсан ч Covid-19-ийн нөлөө болон Засгийн газраас зарласан эдийн засгийг дэмжих үе шаттай арга хэмжээний нөлөөгөөр энэ үзүүлэлтүүд эргээд муудсан гэж "Moody’s" үзсэн байна. Өнгөрөгч 2020 оны төсвийн гүйцэтгэл 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан билээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр "Standard and Poor’s", "Fitch", "Moody’s" гэсэн зэрэглэл тогтоогч гурван байгууллага нийт зах зээлийн 95 хувийг хамран үйл ажиллагаа явуулж буй. Хэрэв бид зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагын үнэлгээний аргачлалыг оновчтой таамаглаж чадвал зэрэглэл тогтооход нөлөөлдөг хүчин зүйлсээ тодорхой төвшинд байлгаж, зэрэглэлээ өсгөх боломжтой.

Улмаар улс орны зэрэглэлээс хамаарч бусад олон зүйлс тухайлбал, гадаад бондын өгөөж өртөг багатай санхүүжилтийн эх үүсвэр татах боломж, мөн арилжааны банкуудын тогтоож буй дундаж нэрлэсэн зээлийн хүүний хэмжээг бууруулах боломжийг зээлжих зэрэглэлийн ялгаатай түвшинд судалж, иргэд хувийн хэвшлийн өртөг багатай санхүүжилтийн эх үүсвэр авах боломж бий болох боломжтой юм.

“Moody’s” агентлаг Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд зургаан хувиар өснө гэж тооцоолжээ. Харин өнгөрсөн онд ОУВС-гийн тооцооллоор, манай улсын ДНБ-ий өсөлт энэ онд зургаан хувь байх бол Монголбанк 8.7 хувь, Засгийн газар 7.2 хувьд хүрнэ гэж тус тус тооцоолсон билээ.

Зээлжих зэрэглэлд эдийн засгийн тухайн үеийн өсөлт биш урт хугацааны дундаж өсөлт илүү нөлөө үзүүлж байна. Мөн Монголын зээлжих зэрэглэлийг цаашид нэг зэрэглэлээр нэмэгдүүлэхийн тулд төсвийн алдагдлыг тав орчим хувиар бууруулах шаардлагатай гэж зарим шинжээчид үзэж буйгаа илэрхийлэв. Учир нь манай зээлжих зэрэглэл B3 тогтвортой төлөвөөс дээш үед зээлийн хүү өсөх магадлалыг бууруулжээ. Өөрөөр хэлбэл, "Moody’s" агентлаг манай орны зээлжих зэрэглэл өндрөөр тогтоосон B3 (stable) төлөвт байсан 2005 оны аравдугаар сараас 2014 оны дөрөвдүгээр сарын хооронд банкны дундаж зээлийн хүү 28.2-19.4 хувийн хооронд тасралтгүй буурчээ.

Хэрэв улс орнууд зэрэглэлээ сайжруулж чадвал одоо байгаагаасаа өртөг багатай эх үүсвэр татах бүрэн боломжтой юм. Зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал бий болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд хөрөнгө оруулагчид итгэх итгэл бага, улмаар зээлийн хүү өндөр байдаг.

Зээлжих зэрэглэлийг улс орон, байгууллага, эсвэл тэдний бонд, өрийн бичигт тус бүрд нь засаглал, эдийн засаг, төсөв санхүүгийн үзүүлэлтүүдийг нь нэгтгэн тогтоодог. Улсын зээлжих зэрэглэл өндөр байх нь маш чухал. Учир нь ямар ч компани, санхүүгийн байгууллага, банк даатгал хэчнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоогдох боломжгүй байдаг учраас улсын зэрэглэл эдийн засгийн байдалд шууд нөлөөлдөг.

Зээлжих зэрэглэлийг тогтоохдоо тухайн улсын санхүүгийн систем, засаглал, төсөв мөнгөний бодлогыг бүхэлд нь авч үздэг. Дэлхийн санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцох болсон Монгол Улсын хувьд өөрийн эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт бий болгох, зээлийн хүүг бууруулах зэрэгт зээлжих зэрэглэл чухал юм.

Эх сурвалж: MOODY’S, МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж