Ардчилсан нам УИХ-ын сонгуулиас хойш нам дотроо тохилцож учраа олохгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгуультай золгох гэж байна. Өдгөө намын даргаа тодруулах дотоод сонгуулийг хоёр талд тус тусдаа зохион байгуулж байна. Тус намын хоёр хуваагдал хаанаас эхлэлтэй вэ гэвэл УИХ-ын сонгуулийн үр дүн гарсны маргааш нь намын дүрмийн дагуу С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд түр шилжүүлснээр хуваагдал эхэлсэн.
АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч хийж байсан Ц.Туваан хэсэг нөхдийн хамтаар дүрмийн бус тоглолтууд хийж, Ардчилсан намын Х дугаар Их хурлыг хуралдуулж намын дүрмээ өөрчилсөн хэдий ч уг дүрмийн өөрчлөлтийг нь Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан байдаг. Тодруулбал, АН-ын X их хурлаас гарсан Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл, холбогдох бичиг баримтыг процессын дагуу явагдаагүй, дүрмийн бус гэж Улсын Дээд шүүх үзсэн. Мөн Ардчилсан намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг хасах шийдвэр гаргаж, С.Эрдэнийг бүртгэж өгөх хүсэлтийг хүлээж авахгүй боломжгүй гэсэн. Гэхдээ Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоол болох Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээр үлдсэн юм. Ц.Тувааны АН хууль ёсны намын тамга тэмдэггүй бол нөгөө тал болох С.Эрдэнэд АН-ыг төлөөлөх эрх нь хадгалагдаж байгаа учраас намын даргыг тодруулах процесс нь хууль ёсных гэж үзэж болно.
Ц.Тувааны талын АН-ын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явуулж дууссан. Улмаар гуравдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 26-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдах бол гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгуулийн санал хураалт болно.
Тус сунгаанд анхлан 10 гаруй хүн бүртгүүлсэн ч маргаантай дансанд дэнчингийн мөнгөө төлөхгүй гэдгийг Ц.Оюунгэрэл илэрхийлж, хууль ёсны хүчинтэй албажсан, нээлттэй, дүрмийн дагуу зохиогдох дотоод сонгуульд үргэлжлүүлэн оролцохоо тэрбээр мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Ц.Тувааны зарласан АН-ын даргын сонгуульд оролцохоос татгалзсан гэсэн үг. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татаж эцэст нь Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар АН-ын даргад өрсөлдөж байна. Тэдний цахим сурталчилгаа үргэлжилж байгаа бол С.Эрдэнийн тал энэ сарын 17-ны өдөр намын дунд шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотоод сонгуулийг зохион байгууллаа. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль цахимаар явагдсан. Цахим сонгуулийн дүнг өчигдөр/2021.3.18/ олон нийтэд танилцууллаа.
Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдсон бол Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдсон байна.
АН-ын ҮБХ-ны сонгууль нь 14 аймаг, зургаан дүүргийн 53 тойрогт явагдсан бөгөөд 100 нэр дэвшигч ялалт байгуулжээ. Улмаар өчигдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурал болж, дөрөвдүгээр сарын 25-нд тодруулах намын даргын сунгааны хугацааг наашлуулж энэ сарын 28-нд зохион байгуулах шийдвэр гаргав. Энэ хүрээнд өнөөдөр /2021.03.19/ 10.00-22.00 цагийн хооронд АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлнэ.
Нийслэлийн АН-ын даргаар сонгогдсон Э.Бат-Үүл "Энэ сарын 28-нд намын даргаа сонгох сонгуулийг Ц.Туваан тэргүүтэй хүмүүс хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намаа нэгтгэх нь зөв. Тиймээс Ц.Туваанд ч энэ шийдвэр таалагдана гэж бодож байна" гэдгийг тэрбээр тодотгосон.
Ийн хоёр талд тус тусдаа намын даргаа тодруулах сунгаан зарласан АН-ынхан дотроо учраа олох зорилготой хэд хэдэн уулзалт хийсэн боловч ойлголцолд хүрээгүй. Хамгийн сүүлд гэхэд АН-ын дарга С.Эрдэнэ УИХ дахь намын бүлгийн гишүүдийг хүлээн авч асуудлыг нэг талд нь гаргах зөвшилцөх ажлын хэсэг байгуулах талаар хөндсөн боловч үл бүтэв.
Шуудхандаа Ц.Тувааны талын АН-ыг Ерөнхийлөгч араас нь удирдаж, намын даргаар өөрийн хүнээ томилохыг санаархаж буй гэх. С.Эрдэнийн тал Ерөнхийлөгчтэй ойлголцож байж АН-ын хуваагдал нэг тийш шийдэгдэнэ гэж зарим гишүүд нь ч хэлж байгаа. Саяхан хийсэн хоёр талын уулзалтаар энэ тухай УИХ-ын гишүүн Д.Ганбат хөндөж, "Хоёр тийш харалгүйгээр Ерөнхийлөгчтэй ойлголцох нь чухал" гэсэн саналыг илэрхийлсэн байдаг.
Энэ сарын 28-ны өдөр Ц.Тувааны тал намын даргаа тодруулах бол С.Эрдэнийн тал мөн энэ өдөр намын даргын сурталчилгааг албан ёсоор эхлүүлнэ. Хоёр талаас сонгогдох АН-ын шинэ даргын алийг нь хууль ёсны хэмээн үзэж Улсын дээд шүүх бүртгэж авах вэ гэдгээс АН-ын хувь заяа ихээхэн хамаарахаар болж байна.
Холбоотой мэдээ