Улаанбаатар хотын хоёр ч дүүрэгт Covid-19 халдварын томоохон голомт үүссэнээр нөхцөл байдал хүндрээд буй. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Рапид харш" хотхон халдварын голомт болж, хэсэгчилсэн хөл хорионд орсон. Гэвч хөл хорио тогтоосон өдрөөс иргэд дэглэм зөрчиж, эрсдэлтэй байдал үүсгэж эхэллээ гэх мэдээлэл гарсан тул газар дээр нь очиж үйл явдлыг сурвалжиллаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байрлах "Рапид харш" хотхонд өчигдөр /2021.03.18/ үдээс хойш очиход явуулын баг оршин суугчдаас шинжилгээ авч байхтай таарав. Байрны гадаа явуулын шинжилгээний баг, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдаас өөр хүнгүй байлаа. Тус хороололд өчигдөр 06.00 цагаас эхлэн гурав хоног хөл хорио тогтоосон тул орох, гарах гарцан дээр “Улсын хоёрдугаар төв эмнэлэг” гэсэн бичигтэй яаралтай түргэн тусламжийн автомашиныг хөндлөн зогсоож, замын хаалт эгнүүлэн байрлуулжээ.
"СҮҮЛИЙН ДОЛООН ХОНОГТ COVID-19-ИЙН 36 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН"
Хотхоны хойд гарцан дээр хяналт тавьж буй цагдаагаас нөхцөл байдлын талаар тодруулахад “Өглөө 05.00 цагт хэсэг дээрээ цуглаж, 06.00 цагт энд ирсэн. Орой ээлжнээсээ бууна. "Рапид харш" хотхоны оршин суугчдыг чөлөөтэй оруулж байгаа ч гаргахгүй. Гарах шаардлагатай, хүндэтгэн үзэх шалтгаантай бол хороолол дунд байрлах 15 дугаар хорооны Шуурхай штабаас зөвшөөрөл авах ёстой. Харин эм хангамж, хүнсний түгээлтийн автомашинуудыг чөлөөтэй нэвтрүүлж, гаргаж байгаа. Цагдаа нарын хоол унд асуудалгүй, хорооноос бидэнд цай унд өгч байна. Өнөөдөр шинжилгээ авах явуулын баг энэ хорооллын оршин суугчдаас шинжилгээ авч байгаа болохоор хөдөлгөөн бага байна. Өглөө мэдээлэлгүй иргэд гаръя гэж хэсэг бужигнасан. Түүнээс өөрөөр ямар нэгэн зөрчил, хууль зөрчсөн үйлдэл ажиглагдсангүй” гэв.
Биднийг цагдаатай ярилцаж байх үеэр иргэд ирж “Хэзээ хөл хорио тогтоочихсон юм бэ, хүнээс юм авъя. Хөдөөнөөс мах ирсэн оруулж өгье” гэх зэргээр хамгаалалтад гарч байгаа цагдаа нартай яриа өрнүүлж байв.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нөхцөл байдлын талаар тус дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтнаас тодруулахад "Рапид харш хотхонд өнөөдөр 06.00 цагаас эхлэн 72 цаг хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Тус хотхоны оршин суугчдаас сүүлийн долоон хоног Сovid-19-ийн халдвар эрчимтэй илэрч, одоогоор 36 тохиолдол бүртгэгдээд байна. Өрх бүрийн 18-аас дээш насны гишүүдээс PCR шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн. Халдвар авсан иргэдийг тусгаарлах байр руу нүүлгэн шилжүүлж байгаа. Халдвар илэрсэн газруудыг халдваргүйжүүлж, ариутгал хийсэн. Мөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан 50-65 насны ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулахаар төлөвлөөд байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг хуулийн дагуу зохицуулж хотхоноос гаргаж байгаа. Одоогоор 2000 гаруй иргэд шинжилгээ өгөөд байна" гэв.
"ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛАХ ХҮСЭЛТЭЭ НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССТ ХҮРГҮҮЛНЭ"
"Рапид харш" хотхоноос холгүйхэн орших Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог зорив. “Home Plaza”-аас "Дүнжингарав" хүртэлх гудамж хөл хөдөлгөөн ихтэй, иргэд нааш цааш холхилдсон, автомашинууд мэр сэр явж байгаа харагдана.
Цагдаагийн алба хаагчид замыг нь хааж, “Police” гэсэн замын хаалт, туузтай явуулын пост байрлуулжээ. Иргэд намхан хашлагын наана цаанаас тор дүүрэн хүнс, хүргэлтийн хоол, компьютерийн дэлгэц, бичиг баримт, түлхүүр зэрэг зүйлсийг тусгаарлалтын шугамын наана, цаанаас солилцоно. Зарим иргэд хорооны тодорхойлолтоо үзүүлж, чөлөөтэй орж гарч байгааг нь харахад хөл хорио тогтоогоогүй мэт.
Нэг иргэнээс хэрхэн хөл хорионоос гарсныг нь асуухад “Энэ хорооны эмийн санд ажилладаг. Хорооны хийж өгсөн тодорхойлтыг үзүүлээд гараад ирлээ. Хүнсний дэлгүүр, эмийн сангийн ажилчид чөлөөтэй орж гарч байгаа” хэмээн замын хажууд такси хүлээн зогсов. Угтаа тус хорооноос 188 иргэн Сovid-19-ийн халдвар авсан нь тогтоогдоод буй. Уг нь улам хичээх ёстой ч нэг л замбараагүй, хөл толгой нь мэдэгдэхгүй, цагдаа нарын хяналт дутмаг, иргэдийн хөл хөдөлгөөн дийлдэхгүй байгаа нь илхэнээ харагдана.
Хяналт сул, иргэд хайнга байгаа энэ асуудлыг тодруулах зорилгоор бид Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэнтэй холбогдоход "Оршин суугчдаас авсан шинжилгээний хариуг үндэслэн гуравдугаар сарын 19-ний 12.00 цагаас эхлэн хөл хориог сулруулах эсэх хүсэлтээ дүүргийн Засаг дарга нийслэлийн Онцгой комисст хүргүүлнэ. Засаг даргын хувьд хөл хориог сулруулж, хөдөлгөөнөө нээх байр суурьтай байгаа. Хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллаж байна. Түгээлт нь ч тасрахгүй хэвийн үргэлжилж байгаа. Тиймээс иргэд хоол, эм тарианы хомсдолд орно гэж айх хэрэггүй.
Хорооны 50-65 насны ахмад настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй 2500 гаруй иргэнийг вакцинжуулна. Эхний өдөр зөрчлүүд гарсан.
Өнөөдөр 12.00 цагийн байдлаар ямар нэгэн зөрчил гараагүй байна. Үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг 133 дугаар цэцэрлэгээс хооллож байгаа. Одоогоор 300 гаруй цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаа нь урт хэдий ч ээлжилж байгаа" гэлээ.
Харин Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Б.Батбаяр өчигдөр орой "26 дугаар хорооны 16 мянган иргэдийг гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд PCR шинжилгээнд хамруулж дуусч, лаборатори руу сорьцыг нь хүргэлээ. Одоо энэ хорооны 118 орон сууцны 91700 м.кв талбайг ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлнэ.
Энэ ажлын дараа шинжилгээний хариу, цаашид авч хэрэгжүүлэх ажлын уялдаа холбоотой холбогдуулан цагдаагийн хамгаалалтыг буулгахаар дүүргийн Онцгой комисс ажиллаж байна. Мөн нийтийн эзэмшлийн талбайг халдваргүйжүүлэх төлөвлөгөөтэй байгаа хэдий ч цаг агаарын нөхцөл байдлаас болж түр хойшлуулсан" хэмээн мэдэгдсэн юм.
Халдварын голомт болоод буй хоёр газар очиход тэс өөр дүр зураг ажиглагдсан нь энэ. "Рапид харш" хороололд нам гүм, хөл хорио тогтоосон нь мэдэгдэж байсан бол 26-р хорооны хувьд төв гудамжаараа хөл хөдөлгөөн ихтэй, цагдаагийн постууд нь эмнэлгийн эргэлтийн цэг шиг санагдуулсан. Тодруулбал, хүн амын тооноос хамаарч нөхцөл өөр байж болох ч нэг хэсэг иргэд хөл хорионы дэглэмийг маш сайн сахиж байхад нөгөө нь үл тоож, замбараагүй харагдлаа.
Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, нийслэлийн Онцгой комиссын алба хаагчид дэглэм мөрдүүлэхээр амралтгүй ажиллаж байгаа ч иргэдийн ухамсар, цар тахлыг үл тоосон энэ байдлыг харахад урам хугармаар. Уг нь хөл хорионы хэдхэн хоногийг дэгтэй, журамтай, хяналттай өнгөрүүлвэл удахгүй чөлөөтэй амьсгалж, амьдрах өдрүүд ирнэ гэдгийг сануулмаар байна.
Холбоотой мэдээ