“ЭЕШ-ыг зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна”

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

“ЭЕШ-ыг зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна”

“ЭЕШ-ыг зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд авна”

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Б.Тунгалагтуяагаас тодрууллаа.


-ЭЕШ-ын бүртгэл болон шалгалтын хуваарийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 09.00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18.00 цагт дуусна. Шалгалтын товыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай зөвшилцөж баталдаг. Одоогоор шалгалтын тов батлагдаж гараагүй байна.

-Энэ жил цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ЭЕШ-ын агуулгад өөрчлөлт орно гэж мэдээлсэн. Сурагчдын хувьд энэ жил бараг танхимаар хичээллээгүй шүү дээ. Тэгэхээр арванхоёрдугаар ангийн хичээлээр шалгалт авах уу?

-Энэ жилийн ерөнхий шалгалтын сэдэв даалгаврыг суурь болон бүрэн дунд боловсролын заавал судлах агуулгын хүрээнд зохионо. Өөрөөр хэлбэл, зөвхөн танхимаар хичээллэсэн агуулгын хүрээнд шалгалтыг авна.

-Энэ жилийн шалгалт өөр юугаараа онцлог байх вэ?

-Дээр дурдсанчлан, ерөнхий шалгалтын сэдэв даалгаврыг суурь болон бүрэн дунд боловсролын заавал судлах агуулгын хүрээнд зохиохоос гадна сонсоод ойлгох чадварын даалгавруудыг нөхөх болон тест хэлбэрээр оруулж байна. Мөн дэлхий нийтэд тархаад байгаа Covid-19 цар тахлын үед зохион байгуулж байгаагаас хамааран шалгалтын байр, суудлын хуваарь, шууд засалтын шилэн технологийг ашиглан шууд дамжуулалт хийх зэрэг олон онцлог давуу талтай.

-Сонсоод ойлгох чадварын даалгавруудыг нөхөх болон тест хэлбэрээр оруулж байна гэлээ. Энэ хэлбэрээр өмнө нь шалгалт авч байсан уу? 

-Өмнө нь англи хэл болон орос хэл, монгол хэлний хичээлийн даалгаврыг энэ хэлбэрээр авч байсан.

-Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил авах үгүй нь одоогоор тодорхойгүй байна уу?

-Боловсролын үнэлгээний төвөөс энэ жил монгол хэл, бичгийн шалгалтыг авах төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор шалгалтыг хэзээ зохион байгуулах, босго оноо нь хэд байх нь ч тодорхойгүй байна. Мөн бусад хичээлийн хэмжээст оноо 200-800, их, дээд сургуулийн босго оноо нь 400 хэвээр байна.

-Урьдчилсан байдлаар ЭЕШ-ыг хэчнээн сурагч өгөх вэ?

-Энэ жил ЭЕШ-д нийт 39 мянган шалгуулагч хамрагдана. Үүний 35797 шалгуулагч нь энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа бол 3500 орчим нь өмнөх онд төгссөн шалгуулагч байна.

-Бүртгэл болон ЭЕШ-ын үеэр сурагчид ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?

-Бүртгэлийн үед буруу зураг оруулах болон и-мэйл хаягаа буруу бичих тохиолдол их гарч байна. Бүртгэл хийж байх явцдаа мэдээллээ сайтар хянах шаардлагатайг дахин анхааруулъя. Мөн онлайн бүртгэлийн хугацаанд амжиж бүртгэлээ хийлгээрэй. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
13
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж