МАН-ын чихийг халууцуулсан бүтээн байгуулалтууд

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

МАН-ын чихийг халууцуулсан бүтээн байгуулалтууд

МАН-ын чихийг халууцуулсан бүтээн байгуулалтууд

МАН Засгийн эрх барьсан 2016 оноос хойш бүтээн байгуулалтын олон ажил эхлүүлсэн ч ихэнх нь ашиглалтад орж амжаагүй байна.

УИХ-аас баталсан Монгол Улсын 2021 оны төсөвт тусгаснаар энэ онд 1 их наяд 388.9 тэрбум төгрөгийн 1031 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Хэрэв Засгийн газар эдгээр ажилдаа хяналт сайн тавихгүй бол татвар төлөгчдийн мөнгө үнэгүйдэх эрсдэл байгаа юм. Учир нь,  МАН-ынхны чих халууцуулсан ажлууд олон бий. Тоймлож зарим мэдээллийг хүргэе.

ДАРХАН-УЛААНБААТАРЫГ ХОЛБОХ ЗАМ ТАВ ДАХЬ САЙДЫН НҮҮР ҮЗЭВ

Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн эрх барихдаа 10 шахам аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадсан. Харин МАН Дархан-Уул аймаг-Улаанбаатар хотыг холбосон авто замыг барихад дөрвөн жил зарцуулж, таван сайдын томилгоо хийсэн ч ашиглалтад оруулж чадаагүй байна.

Дархан-Уул аймаг-Улаанбаатар хотыг холбосон 240 гаруй км авто зам барих ажлыг 2017 онд эхлүүлэхээр болж, шав тавьсан түүхтэй. Тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайдын албыг Д.Ганбат хашиж байв. Тэрбээр шав тавих үеэрээ 1-р зэрэглэлийн, 4 эгнээтэй, цемент бетон хучилтаар хийсэн олон улсын стандартад нийцсэн чанартай зам барин, 2018 онд хүлээлгэн өгөхөө зарласан. Гэвч хөрөнгө нь шийдэгдэхгүй явсаар 2018 онтой залгаж, У.Хүрэлсүхийн танхим  Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр дээрх замыг барихаар болж, шийдвэрлэсэн. Нийт 83.8 тэрбум ам.долларын зээл авсан юм.

Зам барих ажил 2018 онд эхэлсэн ч тендерт шалгарсан Хятадын компани нь цаг хугацаандаа ажлаа гүйцэтгэж чадаагүй, цар тахал дэгдсэн зэрэг шалтгааны улмаас ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2021 онд шилжиж ирээд буй. Одоогоор бүтээн байгуулалтын ажил хараахан эхлээгүй байна. Төлөвлөснөөр авто зам 2022 онд ашиглалтад орно.

ЗЭЭЛЭЭР БОСГОСОН "АНДЛАЛЫН ӨРГӨӨ" ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газар ач холбогдол өгөн 2019 оноос Хэнтий аймгийн Батноров суманд “Андлалын өргөө”  цогцолбор барьсан ч “Шавар овоохой босголоо” гэх олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан юм.  Зөвхөн энэхүү  цогцолборыг барихад хоёр тэрбум төгрөг зарцуулжээ.

Цогцолбор барих гүйцэтгэгч компанийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар сонгон шалгаруулсан бөгөөд ажлыг гүйцэтгэгч компани нураасан гэсэн тайлбарыг Батноров сумын Засаг дарга тухайн үед өгч байв.

Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан Д.Сарангэрэл Хэнтий аймгийн таван суманд Их эзэн Чингис хаан амьдарч байсан гэдгийг жуулчдад таниулах зорилготой томоохон бүтээн байгуулалт “босно” гэдэг тайлбар хийж байсан.

Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал суманд Чингис хаан цогцолбор,  Норовлин суманд Их засаг хууль буюу Шихихутаг цогцолбор, Өндөрхаан суманд Нууц товчоо цогцолбор, Их хуралдай цогцолбор зэргийг байгуулна. Хэрэв Батноров суманд “боссон” шиг зүйл баригдвал өр тавьж авсан зээл татвар төлөгчдийн нуруунд л дарамт болж бууна. Засгийн газар дээрх бүтээн байгуулалт хийхэд зориулж Азийн хөгжлийн банкнаас 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан юм.

Төлөвлөгөөний дагуу ажил саатахгүй үргэлжилбэл 2024 онд бүх цогцолбор ашиглалтад орно.

ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР 22-р ХОРООНЫХНЫГ ТОРТГООР ДАРАВ

Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 оны аравдугаар сарын 1-нээс нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшний үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байгуулсан юм.

Тус хорооны орчимд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байрладгаас ойр орчмынх нь оршин суугчид нүүрсний тортог дунд амьдрах болсон нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих болсон.

Нөгөө талаас XXI зуун гарчихаад байхад технологийн хувьд хоцрогдсон үйлдвэр байгуулсан нь эрх баригчдын алдаа гэдэг шүүмжлэл ч тасрахгүй байгаа.

Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр тус сайжруулсан түлшний үйлдвэрт ажиллаад нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэхдээ үйлдвэр нүүж, 22-р хорооныхоны аюулгүй амьдрах эрх хангагдлаа ч технологио сайжруулахгүй л бол үйлдвэрт ажиллагсад эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байгаа юм.

Засгийн газар сайжруулсан түлшний үйлдвэрийг Улаанбаатар хотын баруун, зүүн бүсэд байгуулахад нийт 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Уг хөрөнгийг улсын төсвөөс гаргасан.

Хэдий хөрөнгө мөнгө гаргаж үйлдвэр байгуулсан ч нийслэлийн агаарын бохирдол зорьсон хэмжээнд буураагүй байгаа юм.

19 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨӨГҮЙГЭЭС ТААЗГҮЙ ЭМНЭЛЭГ БАРИГДАВ

Хүн амын өсөлтийг дагаад эмнэлэг, сургууль, цэцэрлэг шинээр барих, өргөтгөх шаардлага тулгарч байгаа. Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч эмнэлэг, сургуулийг өргөтгөхөд хөрөнгө хаяж буй ч ажил гүйцэтгэх шатанд алдаа гарсаар байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав дахь Эрүүл мэндийн төвийг өргөтгөх ажил 2019 онд эхэлж, 2020 онд ашиглалтад оруулах ёстой байсан ч таазгүйгээс “гацжээ”. Стандартаараа таазгүй эмнэлэг байж болохгүй.

Гэвч гүйцэтгэгч компаниар шалгарсан “Хөх бүрдний эх” 9.7 тэрбум төгрөгт багтаан есөн дзавхар барилгыг барьсан. Барилгыг барих шатанд буюу 2020 оны зургадугаар сараас тааз, гал тогооны асуудлыг хөндөж ирсэн. Харамсалтай нь, албаныхан анхаараагүй.

Харин барилгын зургийг зурсан “Карказ зураг” компанийн захирал Б.Манлай “Албаныхан ташаа ойлголттой байна. Анх бид барилгын зургаа зураад нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүлээлгэн, өгч шалгуулсан. Мөн эмч нар нь дүүжин тааз хийлгэх санал тавьсан. Бидний зүгээс эмнэлгийн зориулалттай, нян бактер үрждэггүй материалтай тааз хийе гэхэд маргаан үүссэн. Манай компани “Мөнх тогтвортой хөгжил сан”  төрийн бус байгууллагатай хамтран сайн санааны үүднээс зураг төслийг хийж өгсөн. Одоо 19 сая төгрөг нэмж төсөвт суулгаснаар барилгын таазны хэсгийн зураг зурахаар болсон юм билээ” гэдэг тайлбар хийгээд буй. Өөрөөр хэлбэл, барилгын зургийг хянах ёстой газар нь стандарт нийцэж үү гэдгийг хянадаггүй, барилга барих шатанд асуудлыг тавьдаг ч анхаардаг хүн байдаггүй зэргээс шалтгаалж дээрх алдаа гарсан байдаг.

Уг нь шаардлагатай мөнгө нь 19 сая төгрөг. Гэтэл Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 1.6 га талбайг хамруулан усан оргилуур барихад зориулж 3.2 тэрбум төгрөг “цацсан” юм.

Усан оргилуур нь иргэдэд нэн шаардлагатай бүтээн байгуулалт байсан уу гэвэл биш юм.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж