“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа энэ удаагийн зочноор Тайваньд суралцаж буй Монгол оюутныг онцолж байна. Түүнийг Тэрбишийн Нарангарав гэдэг. Далайн хавч, хясаа болон далайн замагны хаягдлаас цахилгаан үйлдвэрлэх туршилт, судалгаа хийсэн төдийгүй байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ.
Т.Нарангарав төрөлх Улаанбаатар хотынхоо усны бохирдлын асуудалд санаа зовдог бөгөөд энэ асуудлыг илүү нарийн судлах сонирхлоо даган Тайванийн “Да Е” их сургуульд хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлээр суралцаж, дөрвөн жил хагасын хугацаанд докторын зэргээ хамгаалан, их сургуулийнхаа анхны Монгол эмэгтэй докторын зэрэг горилогч болж чадсан юм. Ингээд түүнтэй танилцъя.
ТЭРБИШ НАРАНГАРАВ: 1988.12.16
Төгссөн сургууль:
Эрдэнэт хотын Орхон цогцолбор сургууль
Монгол Улсын Их Сургуулийн Химийн Факультет (хуучнаар)
Тайвань улсын “Да Е” Их Сургууль
Мэргэжил:
Химич, химийн багш
Хүрээлэн буй орчны инженер
Сошиал хуудас: Nara Terbish /фэйсбүүк/,
БАГАДАА ЯМАР ХҮҮХЭД БАЙВ?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Багадаа нийслэлийн 99 дүгээр цэцэрлэгт явдаг байлаа. Харин сургуульд ордог жил манайх Эрдэнэт хот руу нүүж тэндээ Орхон цогцолборын тавдугаар сургуульд орсон. Тиймээс миний хүүхэд нас Эрдэнэт хотод л өнгөрсөн. Тухайн үеийн хүүхдүүдийн адил хичээлдээ явна. Гэртээ ирээд даалгавраа хийнэ, гадаа гарч тоглоно, орой хоолоо хийнэ. Ер нь хичээлээ сайн хийдэг, даруухан л охин байсан даа. Тооны талын хичээлүүддээ арай сайн сурдаг, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох дуртай тийм л хүүхэд байв.
АНХНЫ АМЖИЛТ
-Анх долдугаар ангиасаа химийн хичээл үзэж эхлэхдээ сургуулийнхаа химийн гүнзгийрүүлсэн сургалттай шинээр нээгдсэн ангид орсон. Анги удирдсан багш Монгол Улсын Гавъяат багш С.Мэнджаргал багш маань намайг энэ мэргэжилд хөтөлж оруулсан хүн. Миний багахан чадварыг минь олж хараад хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан хүн юм.
Анх сургуулийнхаа хими, физикийн олимпиадад ороод аль алинаас нь мөнгөн медаль авч байсан. Аав, ээж минь ч их баярласан. Тэр цагаас хойш долдугаар анги төгстөлөө жил бүр сургууль, аймаг, бүс, улсын бүхий л олимпиадуудад оролцож эхний байруудыг эзэлж байлаа. Сүүлд аравдугаар ангидаа улсын химийн олимпиадаас хүрэл медаль авснаар Монгол Улсын их сургуульд урилгаар элсч, дөрвөн жил тэтгэлэгтэй суралцаж төгссөн.
ДАЛАЙН ХАВЧ, ХЯСАА БОЛОН ДАЛАЙН ЗАМАГНААС ЦАХИЛГААН ҮЙЛДВЭРЛЭНЭ ГЭХЭЭР СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА. СУДАЛГААНЫ АЖЛАА ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?
-Миний судалгаа бол хаягдлыг дахин боловсруулах болон сэргээгдэх эрчим хүч гарган авах судалгаа. Шууд орчуулбал, микробиологийн түлшний элемент (Microbial fuel cell). Энэ нь энгийнээр бол машины аккумулятортой адилхан цахилгаан гаргаж авдаг төхөөрөмж юм. Гэхдээ энгийн бидний мэдэх аккумулятор хүхрийн хүчил, хар тугалга гэх мэт хортой химийн бодисуудын урвалын дүнд цахилгаан эрчим хүчээ үүсгэдэг. Харин микробиологийн түлшний элемент бол хаягдал бохир усыг түлш болгон ашиглаж цахилгаан үйлдвэрлэдэг гэсэн үг.
Тэгэхээр хэрэггүй болсон хаягдал усыг хэрэгтэй зүйл болгон ашиглаж байгаа нь нэг давуу тал. Нөгөөтэйгүүр, энэ төхөөрөмж маань ажиллах зарчмынхаа хувьд бас бүрэлдэхүүн хэсгүүдтэй. Жишээлбэл, анод, катод, мембран гэх мэт. Тэдгээрийнх нь нэг болох протон солилцлын мембраныг нь гарган авахад үндсэн материалаар нь китосан гээд байгалийн полимер материал ашигласан. Тайвань улс өөрөө далайн орон учраас далайн гаралтай хүнсний хаягдал маш ихээр гардаг. Хясаа болон хавчны хальсанд маш их хэмжээгээр китосан гэдэг полимер нэгдэл агуулагддаг. Тэр нэгдлийг нь ялгаж аваад мембранаа хийсэн. Ингээд үзэхэд энэ цахилгаан гарган авалтанд өндөр үр дүн үзүүлж байсан л даа. Тэгэхээр мөн дахин хэрэггүй гээд хаячихсан далайн хүнсний хаягдлаас байгальд хоргүй тогтвортой материал гаргаж аваад үр дүнтэй ашиглаж болно гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ингээд харахаар энэ маань яалтчгүй байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чиглэсэн сонирхолтой судалгаа.
МОНГОЛД ЭНЭ ТӨРЛИЙН СУДАЛГААГ ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ ЮУ?
-Яг энэ микробиологийн түлшний элемент гэсэн ойлголт хөгжөөд 30-аад жил л болж байгаа. Шинэ салбар боловч маш эрчимтэй судалгаа шинжилгээний ажил хийж байгаа халуун сэдвүүдийн нэг. Энэ ч утгаараа цаашид судлах, илүү сайжруулах, практик хэрэглээнд нэвтрүүлэх судалгаанууд асар олон. Миний мэдэж байгаагаар бол Америкийнн Пеннсильвани мужийн дэргэдэх эрчим хүч байгаль орчны судалгааны баг маш эрчимтэй судалгаа явуулж байна.
Үүнээс гадна Герман, Нидерланд, Белги, Хятад, Солонгос гээд, ер нь л бүхий л том том орнуудын судлаачид маш эрчимтэй судалгаа явуулж байгаа. Монголд энэ төрлийн судалгааг хийж хэрэгжүүлэх боломжтой. Ялангуяа хөнгөн болон хүнсний үйлдвэрийн хаягдал усанд бичил биетэн болон органик бодис ихтэй учраас тохиромжтой. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн илүү нарийн судалгаа шинжилгээ хэрэгтэй.
ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛААЧ?
-Манай аавыг Н.Тэрбиш, ээжийг Ц.Жаргал гэдэг. Манайх ам бүл долуулаа. Би хоёр ах хоёр дүүтэй, айлын дундах хүүхэд. Манай ах дүүс бүгд инженер мэргэжилтэй хүмүүс болсон байна. Энэ нь аавтай минь холбоотой юм болов уу. Аав маань механик хүн болохоор юмыг маш эв дүйтэй учрыг нь олоод хийчихдэг. Шатар даам тоглодог, спорт их оролддог, үздэг хүн, бид тэр бүгдийг нь харж үлгэрлэж өссөн. Юмны учир начрыг олж зангилаа тайлах дуртай юм уу даа. Харин ээж маань өөрөөсөө илүү өрөөлийг л гэдэг, сайхан сэтгэлтай зөөлөн хүн бий.
ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?
-Одоогоор бол Тайваньд чөлөөт цагаа компьтерийн ард сууж өнгөрөөж байна даа. Янз бүрийн мэдээ унших, хааяа судалгааны ажлын өгүүллэг харж суудаг. Хааяа усанд сэлэх, сагс тоглох, гадуур уул, устай газраар аялах дуртай.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Ойрын төлөвлөгөө гэвэл олон улсын сэтгүүлд судалгааны бүтээлээ хэвлүүлэхээр ажиллаж байна. Бас нэг олон улсын томоохон хэвлэлүүдийн нэг “Elsevier”-ээс эрхлэн гаргах нэг номын бүлэг дээр хамтран ажиллах урилга авсан. Гэхдээ тэр нь цар тахлаас болоод хойшлогдоод байна.
ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?
-Судлаач хүнийхээ хувьд Монголдоо очиж сурсан мэдсэн зүйлээ ашиглаж, мөн бусадтай хуваалцмаар байна. Харин Монгол хүнийхээ хувьд Монголдоо сайхан амьдрах даруухан энгийн мөрөөдөлтэй л байна даа.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
-Өөрийнхөө чаддаг зүйлдээ дурлаж, чин сэтгэлээсээ л хандах юм бол үр дүн нь чиний хүссэнээр л чамд эргэн ирэх болно. Би “Юу тарина түүнийгээ хураадаг” гэдэг үгэнд итгэдэг. Тиймээс одоо хэцүү байгаа мэт боловч үр шимээ хураах цаг ирнэ гэдгийг байнга санаж өөдрөг байгаарай гэж хэлье.
Холбоотой мэдээ