С.Гантогоо: Маш олон хүүхэд дарамтад байсан нь ил болсон

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

С.Гантогоо: Маш олон хүүхэд дарамтад байсан нь ил болсон

С.Гантогоо: Маш олон хүүхэд дарамтад байсан нь ил болсон

Дүү нь 2-3 жил бүлэг хүүхдүүдэд заналхийлүүлж, зодуулж байсан талаар дуучин С.Гантогоогоос тодрууллаа.


-Танхимын хичээл орохгүй байгаатай холбоотойгоор сурагчид нэгнээ дарамтлах асуудал намжсан.  Гэсэн ч танай дүүд ийм зүйл тохиолдсон юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ахлах ангид сурдаг, үлгэр жишээ болсон, хайртай дүү минь 2-3  жилийн турш ангийнхаа хүүхэд болон түүний нийлдэг 30-50 орчим бүлэг болж, мафижсан хүүхдүүдэд дээрэлхүүлж, зодуулж, заналхийлүүлж, мөнгө төгрөг өгч, сэтгэл санааны гүн хямралд орж байсныг мэдээд шүүхийн байгууллагад хандсан. Үүнд эрүүгийн хэрэг нээсэн бөгөөд хэрэг прокурорт шилжсэн. Зөвхөн манай дүү бус ангийнх нь сайн найз болон бусад хүүхдүүд, тус сургуулийн ахлах ангийн сурагчид хүртэл удаа дараа хохирсон юм билээ. Олон хүүхдийн нэр хүндийн асуудал хөндөгдөж байгаа болохоор сургуулийнх нь талаар дэлгэрэнгүй ярих хэрэггүй байх. Энэ тухай сая л мэдэж гэр бүлээрээ гүн шоконд орж сургуулийн удирдлагуудтай уулзсан хохирсон хүүхдүүдийн асран хамгаалагч нарын хамт хэрэг үүсгэн шалгуулж байна.

-Дүүг нь 2-3 жил дарамталсан байхад энэ талаар саяхан мэдсэн юм уу?

-Манай гэр бүлийн зүгээс дүүд маш сайн анхаарал халамж тавьдаг. Манай дүү ахлах анги хүртлээ ангийн дарга хийсэн, нийгмийн идэвх сайтай, онц сурлагатан бас сургуулийнхаа тэргүүний сурагчдын нэг. Манай дүү ухаантай болохоор дээрэлхүүлж байсан найзынхаа хамтаар өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн юм билээ. Сүүлдээ бүр болохгүй болохоор нь бид нарт хэлсэн.

-Эхэн үедээ дүүгээс нь юу шаарддаг байсан юм бол. Асуудал сүүлдээ яаж хүндэрсэн бэ?

-Манай дүү боксын дугуйлан, каратегийн дугуйлан гэх мэт биеэ хамгаалах урлагаар хичээллэдэг байсан. Ер нь баргийн хүнд дээрэлхүүлээд байхааргүй. Гэтэл олноороо нийлж бүлгийн дарамтад оруулдаг байсан юм билээ. Дүү минь гэр бүлээсээ зөвшөөрөл аваад дээрх дугуйлангаар хичээллэх болсон нь хүмүүжилгүй, хүчирхийлэгч болсон хүүхдүүдээс өөрийгөө болон бусдыг хамгаалах гэсэн зорилготой байсныг ойлгосон. Ингээд сүүлдээ аргаа барж, гэмтэж бэртэх магадлалтай боллоо гээд бидэнд мэдэгдсэн.

-Танхимын хичээл орохгүй байгаа энэ үед ямар хэлбэрээр дарамт үзүүлдэг байсан бэ?

-Гэртээ оруулж нэг цагийн турш зодох, янз бүрийн зүйл, мөнгө төгрөг нэхэх зэргээр яривал аймшигтай зүйлүүд олон бий.

Дүү маань ээждээ “Ашгүй Covid-19 гараад дарамтнаас түр хугацаанд хөндийрлөө. Гэхдээ хичээл орвол би алуулах юм шиг байна” гэж хэлсэн.

Тэр хүүхдүүд нь хичээл орохоор чамайг “ална” гэдэг байсан юм билээ. Нарийн яривал маш олон зүйл бий. Гэхдээ тэр бүрийг нарийвчлан ярьж болохгүй байх.

-Дарамтыг голлон үзүүлдэг сурагч дүүгийнх нь ангид байдаг уу?

-Тийм нэг анги. Яг үнэндээ ямар ч хүмүүжилгүй, заналхийлэгч, хүчирхийлэгч болсон эдгээр хүүхдүүдэд бурууг өгмөөргүй байна. Энэ бол цэвэр эцэг эхийн анхаарал, халамж муу байсантай салшгүй холбоотой. Бүр цаашлаад анги удирдсан багшийн анхаарал ч хөндөгдөнө. Уг нь хүүхдийн хамгийн аюулгүй байх орчин нь гэр болон сургуулийн орчин байх ёстой. Тийм биш байгаа нь харамсалтай. Энэ мэдээллийг ил болгосноор маш олон хүүхэд энэ дарамтад орж байсан нь ил болсон.

-Энэ хугацаанд дарамтад орсон ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй юу?  

-Ээж ер нь гадарлаад байсан. Тэгээд лавлаад асуухаар асуудалгүй гэдэг байсан. Ер нь хүүхдүүд сургуулиа солихыг хүсч байвал, хичээлдээ явахыг хүсэхгүй байвал ямар нэгэн асуудал гарсан гэсэн үг. Ээж маань багш, би ч бас багш мэргэжилтэй. Дүүдээ маш их анхаарал хандуулдаг гэж боддог байлаа. Гэсэн ч илүү сайн ярилцах хэрэгтэй байж. Өсвөр насны хүүхэдтэйгээ, дүүтэйгээ сайн тулж ажиллаж маш сайн ярилцах зайлшгүй шаардлагатай болж. Цаашид хэн нэгэн аавын хүү, ээжийн охин бүү ялгаварлан гадуурхалт, үзэн ядалт, дэрээлхэлт, зодуур, заналхийлэл, сэтгэл зүйн дарамтад бүү өртөөсэй гэж бодож байна.

Миний бие нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өсвөр насны хүүхдүүдийн сайн сайхны төлөө анхаарал хандуулж тууштай ажиллах болно. Үе тэнгийн дээрэлхэх, үзэн ядалт, заналхийлэл, сүрдүүлэг, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл нь өсвөр насны хүүхдийн амиа хорлолтын 80 хувийн эзэлж байна. Монгол Улс өсвөр насныхны амиа хорлолтоор дэлхийд гуравт ордог гэсэн сэтгэл эмтрэм статистик мэдээлэл ч байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
147
ХарамсалтайХарамсалтай
56
ЗөвЗөв
21
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж