Covid-19-ийн сэжигтэй тохиолдол илэрснээс хойш “Оюутолгой” компани зэсийн баяжмалын тээвэрлэлтээ түр зогсоожээ. Гашуунсухайт-Ганцмод боомтоор өчигдөр (2021.03.17) ачаа тээврийн нэг ч автомашин БНХАУ руу нэвтрээгүйг эх сурвалж мэдээлэв.
"БНХАУ-ын тал “Оюутолгой” ХХК-ийн ажилтнаас Covid-19 илэрсний дараа Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх ачаа тээвэрт хязгаарлалт тогтоосон. Улмаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоог 200 болгож бууруулахаар төлөвлөж байна" гэж "SXCoal"мэдээлжээ.
Халдварын тархалт цаашид эрчимжвэл нүүрс тээврийн автомашинуудыг түр хугацаанд гаалиар нэвтрүүлэхгүй байх магадлалтай юм байна. Өнөөдрийн байдлаар Ганцмод боомт дахь агуулахуудад Монголын экспортолсон 600 мянган тонн нүүрсний нөөц байгаа аж.
Монголын угаасан коксжих нүүрсний үнэ энэ сарын 15-ны өдрийн байдлаар өмнөх долоо хоногийн дүнгээс 40 юаниар буурч, тонн нь 1290 юань, түүхий коксжих нүүрсний үнэ 60 юаниар буурч, 1010 юань болжээ.
“Оюутолгой” ХХК-ийн ажилтнаас Covid-19 илэрч, ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж буй бөгөөд биеийн байдал нь хэвийн байна. Тус батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 43 хүнийг тусгаарлан, PCR шинжилгээнд хамруулахад хариу нь сөрөг гарчээ. Харин дам хавьтлуудыг тусгаарлан, Гашуунсухайт болон Оюутолгойн лабораторид PCR шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарчээ. Өчигдөр халдвартай иргэний ойрын хавьтлаас нэг сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна.
Халдвар гарснаас хойш ээлж солилцон, тус компанийн ажилчид 10 аймагт очсон тул Өмнөговь аймгийн удирдлага аймгуудын Онцгой комисстой мэдээлэл солилцож, иргэдийг тандах ажлууд хийгдэж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ