Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн захирал Ж.Сандагсүрэн өчигдөр буюу гуравдугаар сарын 17-нд төслийн I үе шат болох Баянхошуу болон Сэлбэ дэд төвд ажиллалаа. Энэ хүрээнд төслийн зохицуулагч Д.Авирмэд болон инженерийн баг Баянхошуу,Сэлбэ дэд төвүүдэд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлууд болон төсөл хэрэгжсэнээр гарч буй үр дүнгүүдийн талаар танилцуулсан юм.
Төслийн захирал Ж.Сандагсүрэн эхлээд Баянхошуу дэд төвд барьсан Дулааны даралт өргөх насос станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй танилцав. Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлын хүрээнд Дулааны 11И магистрал шугам шинэчлэл өргөтгөлийн ажил, Дулааны даралт өргөх насос станц болон 3.3 км шинэ шугамыг ус дулаан дамжуулах нийт 14 төвийн хамт бүрэн хийж гүйцэтгэсэн. Одоогоор Баянхошуу дэд төвд нийт 27 аж ахуйн нэгжийг төвийн төвлөрсөн дулаанд холбоод байгаа бөгөөд цаашид 20 мянган айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломж бүрдсэн юм.
Үүний дараа Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн нийгмийн барилга байгууламжууд болох 240 хүүхдийн цэцэрлэг, нэг цэгийн үйлчилгээ бүхий Бизнес инкубатор сургалтын төв, Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв, Орлогод нийцсэн загвар орон сууц, үерийн далан суваг, тохижилт, автозам, гүүр, 28 мВт хүчин чадалтай Дулааны станц, 1000 шоо метр хүчин чадалтай Усан сан болон цахилгааны 35/10кВт станцын барилга угсралтын ажлуудтай танилцлаа. Цаашид төслийн I үе шат бүрэн хэрэгжиж дууссанаар иргэдэд хүрэх үр дүнг нарийн тодорхойлон, улам илүү хүртээмжтэй байх тал дээр түлхүү ажиллах чиглэл өгөв. Баянхошуу,Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлуудыг энэ оны зургадугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС