Цэвэр эрчим хүчний шилжилт никелийн ханшийг өсгөж эхлэв | News.MN

Цэвэр эрчим хүчний шилжилт никелийн ханшийг өсгөж эхлэв

Цэвэр эрчим хүчний шилжилт никелийн ханшийг өсгөж эхлэв

Цэвэр эрчим хүчний шилжилт никелийн ханшийг өсгөж эхлэв

Лондоны металлын бирж дээр энэ сарын эхээр наймаас дээш хувиар буураад байсан никелийн ханш огцом өсөлт үзүүлж байна. Энэ нь дэлхий даяар цэвэр эрчим хүчинд шилжиж, ногоон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж буйтай холбоотой. Өөрөөр хэлбэл, дээрх зорилтуудыг биелүүлэхэд ашиглагддаг металлууд болох зэс, никелийн үнэ огцом өсч, “суперцикл” эхлэх хүлээлт үүсээд буй билээ.

Лондоны металлын бирж дээр өнөөдрийн байдлаар никелийн ханш тонн нь 16131 ам.долларт хүрчээ. Тус бирж дээр гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн эхээр никелийн ханш 8.5 хувиар буурч, тонн нь 15,945 ам.доллар болсон нь 2016 оны арванхоёрдугаар сараас хойших нэг өдрийн хамгийн огцом уналтад тооцогдсон. Олон улсын зах зээл дэх никелийн нийлүүлэлтийн хомсдол буурах хандлага ажиглагдаж эхэлсэн нь ханшид ийнхүү нөлөөлжээ.

“Fitch Solutions” тус түүхий эдийн олборлолт энэ онд жилийн дүнгээр 8.3 хувиар өсөх төлөвтэй байгааг танилцуулсан. Харин “Roskill” байгууллага ирэх 20 жилийн хугацаанд никелийн эрэлт огцом өснө гэж тооцоолжээ. Ялангуяа цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт никелийн эрэлт хамгийн өндөр байх төлөвтэй байгаа аж. Тус байгууллага 2020 онд 92 мянган тонн байсан никелийн эрэлт 2040 он гэхэд 2.6 сая тоннд хүрнэ гэж тооцоолжээ. Харин нийлүүлэлт талаасаа цахилгаан автомашины цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг өндөр чанарын никелийн сульфатын хомсдол үүсч болзошгүй байна.

IDTechEx-ийн тооцоолсноор, никелийн эрэлт 2030 он хүртэл 10 дахин өсөх төлөвтэй байгаа ажээ. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилгоор үйлдвэрлэж буй цахилгаан автомашины цэнэг хураагуурт энэхүү түүхий эдийг өргөнөөр ашиглаж буй. Гэвч олборлолтын явцад их хэмжээний хаягдал ялгаруулдаг тул олборлох арга барилыг сайжруулах шаардлагатайг тус байгууллага тайландаа дурджээ.

Өнгөрсөн жил никелийн ханш 8.4 хувиар нэмэгдэж, тонн нь 10414 ам.долларт хүрсэн бол 2021 оны нэгдүгээр сард тонн нь 13200 ам.доллар болж өссөн. Цахилгаан хөдөлгүүрт автомашины зай хураагуурт хэрэглэгддэг тус түүхий эдийн хувьд энэ нь 2015 оны дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Никелийг кобальтын адил литий-ионы зай хураагуурт хэрэглэдэг. Зарим үйлдвэрлэгчдийн хувьд аль болох никель хэрэглэхгүй байх шийдлийг эрэлхийлж буй аж. “Mining”-д мэдээлснээр, “Tsingshan Holding Group Co” нь дэлхийн хамгийн том никель үйлдвэрлэгч бөгөөд автомашин үйлдвэрлэгчдийг хямд, цэвэр металлаар хангахыг гол зорилгоо болгон ажиллаж байгаа аж.

“Тесла Инк” компанийн захирал Илон Маск өнгөрсөн онд никел их хэмжээгээр авахаа зарласан. Мөн тэрбээр 2020 оны сүүлийн сард Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодотой хамтран ажиллахаар яриа хэлэлцээ хийж, Жава арлын төв хэсэгт цахилгаан автомашины батарейн үйлдвэр байгуулах санал тавьсан билээ.

Тус компани Ази тив дэх анхны үйлдвэрээ Хятадын Шанхай хотод байгуулсан бөгөөд жилд 250 мянган автомашин үйлдвэрлэж, Азийн зах зээлд нийлүүлж буй мэдээлэл бий. Шанхайд үйлдвэрлэсэн “Model 3” загварын автомашинаа Илон Маск Европ тивд гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн.

Индонез, Филиппин, Орос улсууд дэлхийн хамгийн том никель нийлүүлэгч орнууд юм. Энэ жилийн никелийн шилдэг 10 төслийн эхний зургаа нь Хойд Америкт хэрэгжиж буй аж. Индонез улс зэс, никел, цагаан тугалгын арвин нөөц баялагтаа тулгуурлан цахилгаан автомашины батарейн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх зорилт тавьжээ.

Монгол Улсын хувьд, Говь-Алтай аймагт никелийн орд, илэрц ихтэй, заримынх нь лицензийг Австралийн BHP зэрэг компаниуд эзэмшдэг гэх зэрэг албан бус мэдээлэл байдаг ч геологичид үүнийг үгүйсгэж буй юм.

Никелийг голдуу хайлуулах үйлдвэрүүдэд зэвэрдэггүй ган болон бусад зэврэлтээс хамгаалагдсан хайлш хийхэд, харин зэс-никелийн хайлш хоолойг давсгүйжүүлэх үйлдвэрт ашигладаг.

Нэмж өгүүлэхэд, дэлхий даяар цэвэр эрчим хүчинд шилжиж, ногоон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж буйтай холбоотойгоор улс орнууд хайгуулын үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа аж. Тухайлбал, Колумби улс энэ оны зургадугаар сарын эцэс гэхэд уул уурхайн мужууд дахь зэсийн хайгуулын таван талбайд хайгуул хийх зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ.

Монгол Улсын хувьд, Ашигт малтмал, Газрын тосны газраас мэдээлснээр, гуравдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд нийт 913 хайгуулын тусгай зөвшөөрөл, 1699 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа аж. Энэ нь 2017 оны дүнгээс 47 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.

Дэлхийн никелийн шилдэг 10 төсөл

Эх сурвалж: MINING, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-18 192.82.84.191

Гадны юм хуулаад байхаар монголд никель ямар бн бичээч мааалааа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж