Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд өчигдөр /2021.03.17/ гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Тэгвэл өнөөдөр /2021.03.18/ 06:00 цагаас эхлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "Рапид харш” хотхонд 72 цагийн хязгаарлалт тогтоолоо.
НАЙМАН БАЙРНЫ, НАЙМАН ОРЦНЫ 16 ӨРХӨӨС 36 ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг дарга П.МӨНХ-ЭРДЭНЭ "15 дугаар хороонд халдварын голомт үүссэн учраас хязгаарлалтын дэглэм тогтоон, яаралтай 18-аас дээш насны иргэдээс шинжилгээ авах тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөмж, Нийслэлийн Онцгой комиссоос ирсэн. Дотоодод халдвар алдсан үеэс Хан-Уул дүүрэгт өчигдрийн байдлаар Covid-19 халдварын 506 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 36 тохиолдол нь “Рапид харш” хотхоноос илэрсэн. Тодруулбал, найман байрны, найман орцны 16 өрхөөс 36 тохиолдол илэрсэн гэсэн үг. Дээрх тохиолдлын 18 нь буюу тал хувь нь гуравдугаар сарын 10-аас хойш батлагдсан тохиолдол. Тиймээс 15 дугаар хороонд халдвар илүүтэй тархсан учраас халдварыг хязгаарлах үүднээс ийнхүү арга хэмжээ авч байна” гэв.
Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг гуравдугаар сарын 5-16-ны өдөрт бүртгэгдсэн Covid-19 халдварын 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолжээ. Ингэхэд судалгаагаар зарим газарт голомт үүсч, халдварын тархалт ихсэх хандлагатай байна. Тухайлбал,
- Чингэлтэй дүүргийн 6, 13, 14
- Сүхбаатар дүүргийн 6, 9, 10, 11, 15
- Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 25, 26, 28
- Хан-Уул дүүргийн 15, 16, 21
- Баянгол дүүргийн 4, 5, 6, 25
Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 35 дугаар хороод багтаад байна. Дээрх хороод ийнхүү эхнээсээ хэсэгчлэн хөл хорио тогтоогоод эхэллээ. Ямартай ч цаашид халдварын тархалт өндөртэй дүүрэг хороодод хэсэгчлэн хөл хорио тогтоох магадлалтай гэдгийг албаныхан хэлж байна.
Угтаа бол хөл хорио тогтоохоос өмнө иргэдэд мэдээлэл өгөх ёстой ч “Хөл хорио тогтоох талаар эрт зарлахаар гараад явчихдаг. Тийм учраас хөл хорио үр дүнгүй болдог” гэх харултыг Хан-Уул дүүргийн шуурхай штабаас өглөө. Дашрамд дурдахад, өчигдөр энэхүү хариултыг мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга нь хэлж байв.
ТЭГВЭЛ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТОГТООСОН 72 ЦАГИЙН ХУГАЦААНД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ ХИЙГДЭХ ВЭ?
Хязгаарлалтын хугацаанд хотхоны нийт айл өрхийн 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд, 50-64 насны ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулалтад хамруулах юм. Шинжилгээний хариу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ачааллаас хамаарч 72 цагийн дотор гарах аж.
- Халдвар илэрсэн иргэдийг тусгаарлах байранд шилжүүлж, эцсийн халдваргүйтэл хийж, обьектыг аюулгүй болгоно.
Эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд тухай бүр зохицуулалтын арга хэмжээ авч, үйлчилгээ үзүүлнэ.
- Хязгаарлалтын үед архи согтууруулах ундаа худалдахгүй.
Хязгаарлалтын хугацаа дуусах үед шаардлагатай бол гэрийн ажиглалт, хяналтад байсан тухай тодорхойлолтыг өрхийн эрүүл мэндийн төвөөс авч болно.
- Тус обьектийн иргэд хүнсний дэлгүүр, эмийн сангаар цагийн хуваарийн дагуу нэг өрхөөс нэг иргэн гадагш гарч хэрэгцээтэй хүнс, бусад шаардлагатай зүйлээ авна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ