2021 оны 3 дугаар сарын 18. Хорин таван жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсад анхны үүрэн холбооны үйлчилгээ “мэндэлж”, Монголчууд бид гар утастай анх “танилцаж” байсан түүхтэй.
1995 онд Монгол Улсын Засгийн Газраас хөдөлгөөнт холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тендер зарласнаар үүрэн холбооны үйлчилгээ нэвтрэх боломж бүрдэж, Мобиком Корпораци нь уг тендерт шалгарч, улмаар 1996 оны 3 дугаар сарын 18-ны өдөр GSM технологид суурилсан үүрэн холбооны үйлчилгээг Улаанбаатар хотод нээсэн. Өрхийн хэрэгцээний суурин утсыг айл хөршөөрөө дундаа ашиглаж, хөдөө орон нутагт цахилгаан холбооны салбараар дамжуулан утсаар холбогддог байсан тухайн цаг үед үүрэн холбоо гэх цоо шинэ зүйлийг Монгол оронд, Монголчууддаа “авчирч”, тив дэлхийн хөгжилтэй холбосон юм. 1996 онд үйл ажиллагаа эхлүүлсэн жилдээ 889 хэрэглэгчийг эгнээндээ нэгтгэж байсан бол харин өдгөө 1.6 сая хэрэглэгчтэй өнөр бүлийг бий болгож чаджээ.
Анх 2G буюу хоёр дахь үеийн үүрэн сүлжээгээр дамжуулан дуудлага хийх, текст бичвэр, зурагт мессэж илгээх боломжийг бүрдүүлж, үүний дараа гар утсаараа өндөр хурдны интернэтэд холбогдох боломж бүхий 3 дахь үе (3G), цаашлаад 4 дэх үеийн сүлжээг (4G) тухайн бүрд нь шинэчлэн нэвтрүүлж, тэрхүү шинэ технологи бүрд хүмүүсийн харилцааны арга хэрэгсэл хувьсан өөрчлөгдсөөр өнөөдрийн дижитал эриний иргэд бэлтгэгдсэн билээ.
Гар утсыг зөвхөн ярих хэрэгсэл болгон ашигладаг байсан тэртээх 96 оныг өнөөтэй харьцуулбал гар утас нь суурин утаснаас халаасны “компьютер” болтлоо хөгжиж, Та бид гар утсанд суурилсан апликейшнуудыг ашиглан төлбөр тооцоог хормын төдийд төвөггүй хийж (Monpay), ТВ-ийн сувгууд, видео контентуудыг ч гар утсаараа шууд хүлээн авч үзэж (VOO), боловсрол мэдлэг чадвараа ч хөгжүүлэх боломжтой болсон. Энэ бүх боломжууд Та биднийг дижитал эриний хувьсал өөрчлөлтөд хөтөлж, замчилж, өдөр тутмын амьдралын нэг хэсэг, албан ажил, бизнесийг хурдасгагч нэг хүч нь болгож чаджээ.
Алс холын мэт харилцаа холбоог хажуу дэргэд авчирч, малчны хотоосоо Америкт сурч буй хүүтэйгээ, Баян-Өлгийгөөс Туркт ажиллаж байгаа охин руугаа гээд эх дэлхийн хаанаас ч хаашаа ч холбогдох хязгааргүй харилцаа холбооны асар олон боломжуудыг халаасанд багтах гар утас, хурууны өндгөн дээр тогтох симээр дамжуулан та бидэнд өгч байна.
Мобиком үүсэн байгуулагдсан, хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ хүргэсэн 25 жилийн хугацаа бол улсдаа харилцаа холбооны үйлчилгээг түүчээлэн хөгжүүлсэн, өрсөлдөгчдөдөө бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын хэмжүүрийг тогтоосон, хэрэглэгчдэдээ үйлчилгээний соёлын хэмжүүрийг тамгалсан он жилүүд билээ. Энэ бол хөгжлийн түүх болон хадгалагдах он цаг хугацаа. Харин үүний дараагийн үе юу байх бол? Та бид ямар хөгжлийн эзэд болох бол?
Холбоотой мэдээ