УБТЗ төмөр замчдаа Спутник-V вакцинаар дархлаажуулна | News.MN

УБТЗ төмөр замчдаа Спутник-V вакцинаар дархлаажуулна

УБТЗ төмөр замчдаа Спутник-V вакцинаар дархлаажуулна

УБТЗ төмөр замчдаа Спутник-V вакцинаар дархлаажуулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных өнгөрсөн сарын 25-ны өдөр уулзах үеэрээ "Улаанбаатар төмөр зам" ХНН өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас Спутник-V вакциныг худалдан авч, нийт төмөр замчид болон тэтгэвэрт гарсан ахмадуудаа вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ ажлын бэлтгэл ажил, явцын талаар Төмөр замын төв эмнэлгийн Поликлиник эрхэлсэн орлогч дарга Ч.Хэрлэнчимэгээс тодрууллаа.

Төмөр замчдыг вакцинжуулах ажил ямар шатандаа явж байна вэ. "Спутник-V"-аар вакцинжуулахаар болсон гэж сонслоо?

УБТЗ ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийт төмөр замчин, ахмад настан, оюутан сурагчдаа "КОВИД-19"-ийн эсрэг вакцинаар дархлаажуулах санаачилга гаргасан. Үүний дагуу манай улсын эмийн салбарын тэргүүлэгч компани болох "Монгол Эмимпекс Концерн" ХХК-тай гэрээ байгуулж  ирэх дөрөвдүгээр сарын 01-нээс эхний тунгийн нийлүүлэлтийг авахаар болоод байна. Тодруулбал, ОХУ-ын Спутник-V вакцинаар дархлаажуулалт хийх бэлтгэл ажил хангагдаад байна.

Вакцинжуулалтыг ямар зохион байгуулалтаар, хэдий хугацаанд бүрэн хийж дуусгах вэ?

Улаанбаатар хотод дархлаажуулалтын түр цэгүүдээр, шугам замд тусгай тоноглосон "Хөдөлгөөнт оношилгооны төв"  вагон аялуулан явуулын цэгээр дархлаажуулах ажлыг зохион байгуулна. "Спутник-V" вакцинжуулалтын явцад хоёр удаагийн тунгаар анх буюу давтан гэсэн хоёр үе шаттай хийлгэнэ. Вакцин хийлгэсэн хүн бүр заавал хоёр дахь удаагийн тунгаар тариулах ёстой гэсэн үг. Эхний тунг хийлгэсний дараа хоёр дахь удаагийн тунг 21 хоногийн зайтай хийлгэнэ. Дөрөвдүгээр сарын 01-нд хийлгэсэн бол мөн сарынхаа 21-нд дараагийн тунгаа хийлгэх болохоор дархлаажуулах ажилд нэлээд хугацаа шаардагдана. Төмөр замын хэмжээнд эхний тунгийн дархлаажуулах ажлыг тавдугаар сарын 01 гэхэд дуусгаад хоёр дахь тунгийн дархлаажуулалт  зургадугаар сарын эхээр бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

Хятад, Энэтхэг гээд орон орны вакцинууд Монгол улсад хийгдэх нь. Мэдээж өөр өөрийн онцлогтой байх. "Спутник-V" вакцины мэдээллийг урдьчилж авсан байх. Ямар давуу тал, хир үр дүнтэй вакцин  вэ?

Коронавирусийн эсрэг ОХУ-ын Спутник-V вакцин нь Монгол Улсын  ЭМЯ-нд бүртгэгдсэн, Хүний эмийн зөвлөлөөр орж зөвшөөрөгдсөн вакцины нэг. Энэхүү вакцины гол давуу талууд нь:

-Спутник-V вакцины үр дүн нь 91.6 хувьтай байгаа талаарх мэдээлэл дэлхийн хамгийн нэр хүндтэй анагаах ухааны сэтгүүлүүдийн нэг болох “Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн. 90 хувиас дээш үр дүн үзүүлж байгаа дэлхийн гурван вакцины нэг юм. "Спутник-V" нь КОВИД-19-ын хүндрэлээс бүрэн хамгаалдаг.

-Энэ вакцин ханиадыг үүсгэдэг, олон мянган жилийн өмнөөс бий болсон хүний аденовирусийн векторуудын батлагдсан, судлагдсан платформ дээр суурилдаг.

-Спутник-V вакцинжуулалтын явцад хоёр удаагийн тунгаар тус тус хоёр өөр вектор ашигладаг бөгөөд хоёр тунд ижил хүргэх механизмыг ашигласнаар бусад вакцинаас харьцангуй урт хугацаанд дархлааг тогтоодог.

-Аденовирусийн эсрэг вакцины аюулгүй байдал, үр нөлөө, урт хугацаанд сөрөг нөлөө бага байдаг нь 20 жилийн хугацаанд 250 гаруй клиник судалгаагаар нотлогдсон.

-Спутник-V вакцины бүтээгчид нь AstraZeneca вакцины үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хамтарсан клиник туршилтыг AstraZeneca-тай хамтран хийж байна.

-Спутник-V вакцинаас шалтгаалсан хүчтэй харшил өгөхгүй зэрэг онцлог, үр дүнтэй.

 –Төмөр замчдаас гадна ахмадуудыг бас вакцинжуулна гэсэн. Ер нь, хэдий хэмжээний тун орж ирэхээр гэрээ хийсэн бэ?

2021 оны эхний улирлын байдлаар хүн амын тоон судалгааг гаргасан. Нийт 28.000 хүн тун орж ирэхээр гэрээ хийсэн. Төвийн хэсэгт 14732 хүн, хойд шугам замд 6524 хүн, урд шугам замд 6387 хүн байна. 8183 ахмадаа дархлаажуулна. Мөн ТЗДС, Политехникийн коллежийн оюутнуудыг ч хамруулна.

-Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа.

                                                                          Сэтгүүлч Б.Дэлгэрхишиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж