K-поп бол Өмнөд Солонгосыг дэлхий дахинаа сурталчилдаг хамгийн том соёлын хэрэгсэл гэж үздэг. Энэ урсгал өдгөө дэлхийн өнцөг булан бүрт танигдаж, сая сая залуусыг байлдан дагуулж буй. Харин сүүлийн өдрүүдэд Хойд Солонгосын ухуулга сурталын вэбсайтуудаар K-попыг тэр дундаа Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлагууд болох BTS, Blackpink нарыг боолын хөдөлмөр эрхэлдэг хэмээн шүүмжлэх болжээ.
Тухайлбал, тус улсын “Arirang Meari” сайтад тавигдсан нийтлэлд “K-поп уран бүтээлчид багаасаа итгэмээргүй шударга бус гэрээ байгуулж, бэлтгэл дээрээ олон хоногоор хоригдож, авлигач эзэд нь тэдэнтэй бие, сэтгэл, оюун санааны хувьд боол шиг харьцдаг” хэмээн дурдсан байна.
Хойд Солонгосын иргэд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэх, сонсох хориотой байдаг. Ялангуяа АНУ, Өмнөд Солонгосын контентыг үзэж байгаад баригдах юм бол хатуу шийтгэл хүлээдэг тухай мэдээлэл гарч байв.
K-поп салбар хэдий тэвчээр шаардсан, хэн бүхэн орж чаддаггүй хүнд хэцүү салбар гэгддэг ч Хойд Солонгосын мэдээллийн хэрэгслээр тайлбарлаж байгааг нотлох ямар ч нотолгоо байхгүй. Харин Хойд Солонгосын хувьд хүний эрхийг өргөн хүрээнд зөрчсөн, тэр дундаа улс төрийн хоригдлуудыг албадан ажил хийлгэх, тэдэнтэй боол шиг харьдаг зэргээр НҮБ-ын тайланд дурдсан байдаг.
Олон зууны хамтын соёл иргэншилтэй байсан ч дэлхийн хоёрдугаар дайны дараа хуваагдсан энэ хоёр улсад урлаг соёл л тэс өөрөөр хөгжжээ. Өмнөд Солонгосын K-поп нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн олон тэрбум ам.долларын ашиг орлоготой том салбар болон хөгжсөн бол Хойд Солонгосын хөгжим соёл нь тус улсын удирдагчдын өөрсдийн дэглэмээ ухуулан сурталчлах гол хэрэгсэл болсон байна.
Эх сурвалж: CNN