С.Одонтуяа: Гуйлгачин сэтгэхүйгээрээ тусламжийн л вакцин авч байна

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

LiveС.Одонтуяа: Гуйлгачин сэтгэхүйгээрээ тусламжийн л вакцин авч байна

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Wednesday, March 17, 2021

15 : 46
2021-3-18

С.Одонтуяа: Гуйлгачин сэтгэхүйгээрээ тусламжийн л вакцин авч байна

УИХ-ын үдээс хойших чуулганы хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд вакцинжуулалтын асуудлаар мэдээлэл өглөө. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж холбогдох мэдээллийг авлаа.

 
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР: Эрүүл мэндийн байгууллагын анхан шатанд ажиллаж байгаа хүмүүст нэмэгдэл, урамшуулал өгөөгүй байна. Тэдэнд хэзээ урамшуулал, цалин өгөх юм бэ. Цагдаа, онцгой, эмч нартай хамт л тэд ажиллаж байхад ялгаварлалт гарсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ. Тэд өөрсдөө очоод өгөхөд бэрх. Хүмүүс Хятадын вакциныг туршиж байгаа юм уу гээд ихэд асууж байна. Вакцины хүрэлцээ хангамж, сонголт байна уу. Эхний хэсэг нь Энэтхэгийн вакциныг хийлгэсэн бол одоо Хятад вакциныг хийж байна. Сонголт алга.Сонголтгүйгээс үүдэж Хятадын вакциныг би хийлгэсэн. Эхний тунгаа тариулсан хүмүүс хоёрдахь тунгаа хийлгэхгүй байх вий гэсэн болгоомжлол байна.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Гадаадад байгаа иргэдийн асуудал шийдэгдсэн. ГХЯ шуурхай ажиллаж, чартер нислэгтэй холбоотой мэдээллүүдийг маш тодорхой хүргэж байгаа. Мэдээлэл тодорхой байснаар иргэдийн бухимдлыг бууруулна.  Дархлаажуулалтын ажлын хэсэг УИХ-          аас байгуулагдсан. Бид долоо санал гаргаад өгсөн. Энэ саналуудаас хэрэгжихгүй байна. Нэгдүгээрт, иргэдэд очиж байгаа мэдээлэл маш бага байна. Хувийн хэвшлийнхэн хэзээ вакцин хийлгэх нь маш бүрхэг, тодорхой байгаа. Төр шахдаг сонголтгүй, тулгадаг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Хоёрдугаарт,   Засгийн газар вакцины татан авалт хийлээ гээд байх юм. Дандаа буцалтгүй тусламжаар ирж байгаа вакцинууд. Засгийн газар өмнө нь төсвөө гаргаад худалдан авах төлөвлөгөөг баталсан байх ёстой. Үүн дээр маш муу ажилласан. Дандаа гуйлгачин сэтгэхүйгээрээ явдаг. Ингэж нэр нүүрээ барж болохгүй. Гуравдугаарт,   БЗД-ийн 26-р хорооны Засаг даргыг улс төрийн зорилгоор халсан. Үүнийг Шадар сайд мэдэж байх хэрэгтэй. Ажлаа мэддэг, хороогоо мэддэг бүх хүнийг халсан. Тэгэхээр тэнд халдвар нэмэгдээд замбараагүй байдал үүсээд байна.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Вакцины татан авалт хуваарийн дагуу явж байгаа. Хандив тусламжаар ирсэн вакцин эрт орж ирсэн учраас бид бүтэн сарын өмнө вакцинжуулалтын ажлаа эхлүүлэх нөхцөл боломж бүрдсэн. Мөнгөгүйдээ хандив тусламж аваад байгаа юм биш. Мөнгө нь байгаа ч вакцин нь олдохгүй байна.

14 : 24
2021-3-18

С.Амарсайхан: Зорилтот бүлгийн 30 хувийг дархлаажуулсан

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газраас дархлаажуулалтыг эрчимжүүлж гуравдугаар сарын 17-ны байдлаар нийт 155.746 иргэн буюу нийт зорилтот бүлгийн 30 хувийг вакцинд хамрууллаа. Үлдсэн 352 мянган хүнийг гурав, дөрөвдүгээр сард вакцинд хамруулахаар төлөвлөж байна” гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнгөрсөн 11 сард 100 тэрбум төгрөгийг төсөвлөж, хүн амаа дархлаажуулж, эдийн засгийн шилжүүлэх тухай ярьж байсан. Одоо баахан тусламжаар вакцин гуйсан улс болчихлоо. Ингэхдээ тэр вакциныг авч ирсэн баатрууд болж шоудаж байна. Заавал ногоон бүсэд байгаа бүх хүнээ хамруулахаас илүү эрсдэлтэй иргэдээ хамруулах боломжтой. Одоо та бүхний хийж байгаа арга хэмжээ бүтэхгүй байна. Вакцинаасаа үнэтэй PCR шинжилгээг хийлээ. Улсын төсвөөс 5.1 их наяд төгрөгийг төсөвлөж, 2.4 их наяд төгрөг зарцуулсан гэсэн. Ийм их хэмжээний мөнгийг үрчихээд вакцины асуудлаа шийдэж чадахгүй байна вэ.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

Вакцин худалдан авахад мөнгөндөө биш. Засгийн газар төлөвлөгөөний дагуу татан авалтыг хийж 317 тэрбум төгрөг Сангийн яаманд шийдэгдсэн. Яриа хэлэлцээрүүд хийж байна. "АстраЗенека” вакциныг хоёрдугаар сарын 23-наас хийж эхэлсэн. Энэ асуудалд дэлхийн олон оронд ханган нийлүүлэлтээс хамаарч байгаа. Бид долддугар сарын 1-нээс өмнө нийт хүн амынхаа 60 хувийг хийнэ. Үндэсний хэмжээнд цар тахал болсон байж болзошгүй хугацаанд “Нэг хаалга-нэг шинжилгээ” үр дүнтэй хийсэн.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Шадар сайдын мэдээллийг сонслоо. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг 90 хувь, онцгой, цагдаагийн албан хаагчдыг 100 хувь дархлаажуулалтад хамруулсан. Мөн төрийн албан хаагчдын 70 хувийг вакцинд хамруулсан гэлээ. Одоо 36 мянган иргэнтэй  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог яагаад гэнэт хатуу хөл хорио тогтоочихов оо. Хүнсний худалдааны төвүүд ажиллахгүй байгаа. “Энхсаран” сувилалын асуудал юу болсон бэ?

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

-Хэсэгчилсэн хөл хориог тогтоохдоо урьдчилсан мэдээлдэг байх холбогдох дүрэм журам бий. Зарим албан тушаалтан урьдчилсан байдлаар мэдээлэхээр гадаад явчихдаг гэж  хэлсэн байсан. Худалдаа, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд хөл хорионы үеэр сайн ажиллах ёстой. Иргэдийн хүнсний торыг шалгаж болохгүй. Тус хорооны Засаг даргыг улстөржүүлж, халаа сэлгээ хийх гэж байгааг анхааруулъя. Анх “Энхсаран” сувилалаас дото 1.300 сая төгрөгийг тусгаарлах байрны зардалд авсан. Эдгээр хүмүүст хариуцлага  тооцохоор ажиллаж байна .Мөн ХӨСҮТ-ийн ажилтан хүний нэр дээр шинжилгээ өгдөг зөрчлийг илрүүлж, өнөөдрөөс ажлын хэсэг ажиллаж байгаа.

Эмийн бизнес гэх мэт асуудал шат шатандаа далд сүлжээнд орсон, шинжилгээний хариуг элдэв янзаар шивдэг зөрчил гарсан. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга албан тушаал ахисан байсныг шалгаж, арга хэмжээ авахаар ажиллаж байна. Шуурхай штабыг цахим болгож байгаа. Албан байгууллагын үйл ажиллагаа нь ямар байх тал дээр анхаарч ажиллана. Хууль хяналтын байгууллагууд шалгаж, ашиг хонжоо хайдаг цөөн тооны нөхдүүдэд хариуцлага тооцно Бидний зүгээс засч сайжруулах асуудал ч байна.

УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:

-Монгол Улс дархлаажуулалтыг сайн хийж байна. Гэтэл энэ ажлыг анхан болон дунд шатны зарим нэг ажилчид тэр олон хүний нэр хүндийг унагаж байна.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Нийслэлд анх Баянзүрх дүүрэг дээр хамгийн том голомт гарсан. Хөл хорио суларсны дараагаар УДЭТ-ын голомтоос гэхэд 200 гаруй тохиолдол батлагдсан. Үргэлжлүүлэн баярын арга хэмжээнүүдээс халдвар олноор илэрсэн. Одоогоор 1140 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

 УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

Өчигдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдэд гэнэтийн бэлэг барьсан. Уг нь ингэж гэнэтийн бэлэг барихгүй, урьдчилж мэдэгдэж байж хөл хориог тогтооно гэж  Ерөнхий сайд хэлж байсан. 26 дугаар хорооны иргэдэд ажлаа төлөвлөх ямар ч боломж олгоогүй, өглөө босоход нь хорионд оруулчихсан. Энэ хороонд 31 мянган хүн амьдарч, 16 мянга нь ажил хийдэг маш идэвхтэй хороо. Миний ойлгосноор Эрүүл мэндийн сайд нь хөл хорио тогтоосон гэж ойлгосон. Эрүүл мэндийн сайд хөл хорионы шийдвэрийг гаргаж байгаа юм уу эсвэл УОК-ын дарга нь юмуу. Босоо удирдлагатай биз дээ. Эсвэл хэл амнаас айгаад бие бие рүүгээ чихээд байна уу. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо шиг халдвар авсан байраар нь хорьж болоогүй юмуу. 26 дугаар хорооны иргэдийг хэзээ хорионоос гаргах юм бэ. Иргэддээ итгэхгүй байгаа юм уу.

Шадар сайд С.АМАРСАЙХАН:

УОК холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг аймаг орон нутаг, нийслэл дүүргүүд хангаж байгаа. Шат шатандаа ойлголтын зөрүүгүй хэрэгжих ёстой. Хэрэв 26 дугаар хорооны иргэдийн бүх шинжилгээний хариу маргаашдаа амжаад гарвал урт хугацаанд хөл хорихгүй вакцинжуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Аль болох нийтээр нь хөл хорихгүй хэсэгчилсэн байдлаар хөл хориог тогтоох чиглэлтэй л ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

Эрүүл мэндийн яамнаас халдварын тархалт аль дүүрэг, хороонд өндөр байна вэ гэдэг судалгааг НОК-т өгсөн. Бид УОК, НОК-т саналаа зөвхөн хүргүүлсэн болохоос биш хатуу хөл хорио тогтоох талаар огт тусгаагүй. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд гуравдугаар сарын 11-нээс 16-ны хооронд 38 байранд 54 голомт 188 ойрын хавьтлыг илрүүлсэн.

12 : 29
2021-3-18

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөж, чуулган түр завсарлав

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ “Өнөөдөр УИХ бага ард түмний төлөөлөл биш болсон. Ард түмнийг зориудаар ядууралд хүргэж, халамж өгдөг болсон. Хар залуугаараа аймгийн засаг дарга, Ерөнхий сайд байсан хүн тангараг өргөх ёслолоо хийх эсэхээ өөрөө сайн бодсон биз. Өөрөө энэ тангараг өргөх ёслолоо хойшлуулж болдоггүй юм уу. Цар тахлын үеэр намчирхахгүйгээр ажиллая гэдгээ илэрхийлсэн шүү дээ.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд үг хэлж болно гэж тусгасан байдаг. Холбогдох хууль журамд заасны дагуу УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг эхлүүлье. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангараг өргөснөөр бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, баталлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, үдээс хойш 14.00 цагаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан дархлаажуулалтын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Posted by News.mn on Wednesday, March 17, 2021

12 : 20
2021-3-18

“Ё.Отгонбаярыг эгүүлэн татахыг УИХ дэмжсэнгүй”

УИХ-ын чуулганы хуралдаанаар АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай асуудалд УИХ-ын гишүүдээс санал асуулга асууж байна.

УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:

-Би энэ асуудлыг ойлгохгүй байна. Элчин сайд Ё.Отгонбаяр шиг туршлагатай хүн томилогдоно гэдэг ховор тохиолдол. Ийм хүнийг олон нийтийн сүлжээнд гарсан асуудлаар эгүүлэн татах гэж байгаад харамсч байна. Хийсэн ажлаа олон нийтийн сүлжээнд бичсэнийг буруутгаж болохгүй юм. Энэ хүний санал санаачлагаар залуус АНУ-д хямд үнээр суралцаж байна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо яагаад ийм хариуцлагагүй шийдвэр гаргасан юм бэ. Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-д айлчлаад олон хэлэлцээр хийсэн ч гурван жил юу ч хийхгүй, захиа бичээд л сууж байдаг. Гадаад харилцааны яамны албаныхны харилцаа, ёс зүй гэж байна уу. Алдаа дутагдлаа засахгүй байна. Энэ хүмүүсийн төлбөрийг монголын ард түмэн төлж байна. Энэ мэт олон асуудлыг хийхгүй мөртлөө сошиал сүлжээнд хүн муулаад сууж байдаг. Ямар завтай хүн бэ?

УИХ-ын гишүүн Б.БАТЦЭЦЭГ:

-Элчин сайдын хувьд олон нийтийн сүлжээнд бичсэн асуудлаар өөрөө тайлбар хийх байх. Европын холбооноос “Донор орнууд талархал илэрхийлээгүй” тухай мэдээлсэн. Бид тус холбооны төлөөллийг яамны байрандаа хүлээн авч, талархал илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Би хоёр асуудлаас болоод Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нь зөв гэж бодож байна. Шүүхийн процесс дуусаагүй байхад Монголын Элчин сайд хүн илт нэг талд ороод сууж байдаг. Албаныхаа и-мэйл хаягийг ашиглаад сайд нарын хүүхдүүдийг сургуульд оруулж өгөөч гэж гуйж болдог юм уу. Тэр хүн гавьяа хийсэн байж магадгүй. Бүх Элчин сайдуудад сануулж хэлэхэд ийм ёсгүй .

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Би энэ асуудлыг дэмжиж байна. Төрийн бүх шатанд сахилга, хариуцлагыг сайжруулъя гэж ярьж байгаа. Өнөөдөр төрийн албан хаагчдыг намын шахаагаар томилдог асуудлыг болъё. Энэ хүн олон нийтийн сүлжээг ашиглаж, олон улсын шүүхээр хэлэлцэж байгаад асуудалд өөрийн байр сууриа илэрхийлж байгаа нь ноцтой асуудал. Тэр хүний байр суурь, Монгол Улсынх биш. Өнөөдөр бүх хүнтэй  хариуцлага тооцно гэж эрх баригч намын дарга нар олон удаа хэлсэн шүү. Ард түмэн харж байгаа.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Сүүлийн үед Ерөнхийлөгч, Засгийн газар ч бай хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц, хавтаст хэрэгтэй  холбоотой зүйлийг уралдан ярьж байна. Элчин сайд Ё.Отгонбаярын албаны и-мэйлийг ямар шугамаар олон нийтэд дэлгэж байгаа вэ. Гадаадын тусгай алба эсвэл монголын тусгай байгууллага ил болгож байгаа юм уу. Цаашдаа энэ Элчин сайд ч бай Засгийн газар ч бай төрийн алба хаагчдын албан и-мэйл хаягийн нууцлалыг хэрхэн хамгаалах вэ.

УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР:

-Гадаад харилцааны яам бол төрийн тусгай алба. Энд сэдэв алдахад 17 жилийн ял авах асуудал гардаг. Элчин сайдын яамны мэдээлэл хэрхэн задарсан бэ. Энэ асуудлыг дотроосоо гаргасан бол яаманд энэ асуудал хөндөгдсөн үү. Гадаад харилцааны яам энэ асуудалд хариулж өгнө үү. Боловсролын асуудал Элчин сайдын яамны хариуцдаг ажлын нэг. Элчин сайд Ё.Отгонбаяр “Мянганы сорилтын сан”-тай хамтран ажиллахад идэвх чармайлт гаргаж байсан.

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Элчин сайд Ё.Отгонбаяр сайн ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын цэвэр усны асуудлыг хангахад хичээл зүтгэлтэй ажилласан. Одоо цар тахлын вакцин, боловсролын гээд олон ажлыг хийж байгаа юм билээ. Эгүүлэн татах гээд байгаа үндэслэл дээр олон нийтийн сүлжээгээр байр сууриа муулсан асуудлыг хэлж байна. нийт 30 мянга гаруй монголчуудыг Элчин сайдгүй байх нь зөв ч юм уу.

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:

-Элчин сайдын яамны албаны цахим сайтад нэвтрэх нууц үг, харилцах эрхийг хариуцсан төлөөлөгч байдаг. Элчин сайдын мэдээлэл алдсантай холбоотой тайлбарыг авсан. Ингэхэд ийм захидал бичсэн ч ялгавартай хандаж бичдэггүй гэдгээ хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Элчин сайд Ё.Отгонбаярыг ажлаа сайн хийж байгаа гэж бодож байна. Олон нийтийн сүлжээнд Засгийн газар, Ерөнхийлөгчийн муулж, бичсэн зүйл байхгүй байна. Гуравдагч хөрш орны худалдааг дэмжих хууль баталсангүй гэх юм. Энэ асуудлыг Элчин сайд баталдаггүй. Гуравдугаарт улстөрчийн хүүхэд ч байна уу, нэг монгол хүүхдийг их сургуульд сургах гэсэн байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир:

-Гурван жилийн хугацаанд гуравдагч хөрш орны худалдааг дэмжих хууль батлахад идэвх зүтгэл гаргаж, нэг ч удаа уулзаагүй. Хүүхдийн сургалт төлбөртэй холбоотой нэг ч үг өгүүлбэр байхгүй.

Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татахгүй гэсэн Байнгын хорооны хурлын саналыг оруулж санал хураалт явуулахад нийт 69 гишүүнээс 38 дэмжиж, 55.1 хувийн саналаар баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдааны дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

Одоо чуулганы хуралдаан Ж.Эрдэнэбат тангараг өргөж байна.

11 : 25
2021-3-18

“Нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулна”

“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс Нөхөн сонгуулийг 2021 оны аравдугаар сарын 10-нд зохион байгуулах талаар санал асуулга асууж байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 26-р тойргоос нэр дэвшсэн Д.Сумъяабазар Хотын дарга болсон учраас түүний оронд нөхөн сонгуулийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгахаар УИХ тогтоол баталсан ч энэ удаад өөрчлөлт оруулж, 2021 оны аравдугаар сард зохион байгуулахаар болсон юм. 

УИХ-ын гишүүн Д.ДОРЖХАНД:

-Мөнгө хэмнэх үүднээс хоёр сонгуулийг нэгтгэж зохион байгуулна гэж байсан. Яагаад тусдаа зохион байгуулахаар болов. Эрх баригч нам хэзээ, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ шийдэж байна. Нөгөө талдаа татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийн санхүүжилт гаргаж байгаад хэн хариуцлага хүлээх юм бэ?

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-Хоёр сонгуулийг 2020 оны арванхоёрдугаар сард шийдэхдээ нэг өдөр санал хураалт явуулахаар зохицуулсан. Зардлын хувьд тусад нь хийвэл их зардал гарах нь ойлгомжтой. Зардлын тооцоог цагдаа, улсын бүртгэлийн байгууллагаас авч дахин тооцоолол хийсэн. Хоёр өөр зохицуулалттайгаар хийх нь техникийн хувьд хүндрэлтэй. Саналын дүн гарахад эрсдэл үүсэх магадлалтай учраас УИХ-ын даргын нэр дээр энэ саналаа ирүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Тусдаа зохион байнгуулбал ямар зардал гарах вэ. Тусдаа байхыг дэмжиж байна. Сонгуулийн Ерөнхий хороо нь 400 сая төгрөгийн зардал гарна гэж мөнгө босгодог юмаа болимоор байна. Улс орон чинь туйлдаж гүйцлээ. Ардын намд орохгүй бол гадаадад сурч болохгүй гэх юм. Бүртгэлийн байгууллага хүртэл Ардчилсан намыг самрахад оролцох юм.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Нөхцөл байдал ингээд өөрчлөгдөж болдог юм уу. Зургадугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг зохион байгуулна гэж байсан. Гэтэл одоо эсрэг юм ярьж, ард түмнээр тоглож байна. Та бүхэн нөхөн сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж бодож байна.   Нэг өдөр санал хураалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Зохион байгуулалтын ажлыг хийгээд явж байхад хүндрэл үүсэх, техник хэрэгслийн асуудал үүсэх эрсдэлтэй учраас

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд болгож өөрчилж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой. МАХН-ын эсрэг хийж байгаа үйлдэл гэдгийг Н.Энхбаяр даргад анхааруулъя.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Нөхөн сонгуулийг хойшлуулж байгаад их эргэлзэж байна. Хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулах ажлыг тус тусад нь зохион байгуулж, хойшлуулж байгаа нь улс төрийн зорилготой. Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдон гэдгийг хуулиараа өөрчилж байгаа. Зургадугаар сарын 9-нд сонгуулиа хийчхээд долдугаар сард хүртэл хүлээж байгаад тангараг өргөх юм уу. Ингэж хууль дээдлэх зарчмаа алдагдуулж байх юм уу.

“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтад нийт 68 гишүүнээс 35 дэмжиж, 51.5 хувийн саналаар баталлаа.

09 : 46
2021-3-18

Ж.Мөнхбатыг Төрийн байнгын хорооны даргаар томилов

Чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар 33 гишүүн, танхимд 18 гишүүн оролцож байна. УИХ-ын дарга Г.Занданшатар нэгдсэн чуулганы эхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ.  

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн болсон учраас түүний оронд Ж.Мөнхбатыг тус байнгын хорооны даргаар томилох асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны даргын томилгоотой холбоотой гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:

-Төрийн байгууллалтын Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангийн өөрийн хүсэлтийг харгалзан үзэж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг тус албанд томилохоор нэр дэвшсэнийг УИХ-ын дийлэнх гишүүн дэмжсэн болно.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ:

-Төрийн байгууллалтын Байнгын хорооны даргад нэр дэвшиж буй Ж.Мөнхбатыг дэмжиж байна. Төрийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагатай холбоотой асуудалд ямар байр суурьтай байх вэ. Бас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал байна.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-Өнөөдөр нийгэмд янз бүрийн асуудал яригдаж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд хуулиа дээдэлдэг байх ёстой. Үндсэн хуулийг хэлбэрэлтгүй даган мөрдүүлэхэд Байнгын хороо анхаарч ажиллах ёстой. "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг өмнө нь илэрхийлж байр суурь хэвээрээ байгаа. Би бас "Дубайн гэрээ"-г цуцлах ёстой.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж байна. Өнөөдөр Төрийн байгууллалтын Байнгын хороо УИХ-ын бодлого тодорхойлогч Байнгын хороо. Энд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль хүлээгдэж байгаа. Энэ албанд маш хариуцлагатай хандахыг хүсч байна. Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын төрд бугшсан асуудлыг улам даамжруулж байгаа шүү. Өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн оронд сонгуульд зориулсан хийрхэл явж байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж байна. Түүхэн ойн хүрээнд хүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулна.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-Бид хүний эрхийн асуудлаар бага санаа тавьдаг болжээ. Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг хангуулах ёстой. Хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлж байна. Өөрт олгосон эрх мэдлээ ашиглаж, хүний эрхийг зөрчиж байгаа хүмүүстэй хатуу тэмцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-д олгосон эрхийг хангуулж ажиллана.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-Энэ танхимд янз бүрийн дэг зөрчсөн асуудал гардаг шүү. Бүх зүйлийг хүчээр хийж байна. Дандаа Ардын намынхаа дарга нарын постыг уншдаг юм шиг байгаа юм. УИХ-ын танхим нэр төр цэвэр байх ёстой. Шүүх байгууллага шинэ эзэндээ маш хурдан үйлчилж байгаа. Тийм учраас Ардчилсан намын бүлэг хатуу байр суурьтай байж, завсарлага авч, Ж.Эрдэнэбат гишүүний тангараг өргөх ёслолыг хойшлуулах хэрэгтэй. Хамгийн их дэг зөрчсөн гэдгээр намайг дээрэлхдэг.

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Үндсэн хууль чуулганы нэгдсэн хуралдааны дэгээ баримталж ажиллая.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ:

-Байнгын хорооны даргаар хэн томилогдох нь сонин биш байна. Нийслэл дүүрэг, дүүрэг нь хороонд хуваагддаг. Хороо нь хэсэгтэй байж болно гэж байгаа.Монгол Улсын төрийн байгуулалт миний нүдэн дээр сүйдэж байна. Ардын нам 62 гишүүн хүч түрж ажиллаж байна. Энэ буруу шүү. Монголчууд 62 хүнийг 100 хувь сонгоогүй шүү.

УИХ-ын гишүүн Д.ДОРЖХАНД:

-Шинэ даргад гурван асуудлыг тавъя. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг 2020 оны арванхоёрдугаар сард ярьж байсан. Хоёр удаа нэр зааж асуухад “Бид хуульд тайлбар хийдэг байгууллага биш” гэж бөөрөнхийлсөн. Хууль тогтоогч байгууллага Үндсэн хуулиа хамгаалах ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэц нөлөөнд орж байна. Төрийн тэргүүн нь хоёр удаа очиход асуудлыг нь хүлээн авч байна. Энэ асуудалд анхаарлаа хандуулж, хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сонгууль дөхөхөөр нийгмийн бухимдал үүсэхгүй байх тал дээр анхаарч ажиллая.

УИХ-ын гишүүн Д.ӨНӨРБОЛОР:

-Ж.Мөнхбат гишүүн УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Туршлагатай хүн. Өнгөрсөн хугацаанд БСШУЯ-ны Байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа хариуцлагатай ажиллаж байсан учраас дэмжиж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийгдэх ажлуудыг хийнэ. Нийслэл хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг олон хуулийг хэлэлцүүлж ажиллана.

УИХ-ын гишүүн Г.МӨНХЦЭЦЭГ:

-Байгалийн гамшгийн улмаас Дундговь аймагт ихээхэн хохирол учирсан. Тус аймагт хөрсний эвдрэл гарч, 130 гаруй айлын гэр нурж, 1.7 сая гаруй мал шуурганд уруудаж, эндсэн. Энэ байдлыг Байнгын хороо анхаарч ажиллаарай. Цаашид байгалийн гамшиг болж болзошгүй. Энэ  хохирлыг бууруулахад Төрийн байгуулалтын Байнгын хорооноос анхаарч ажиллахыг хүсье.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн саналыг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:

-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж байна. Монголын боломжийг хулгайлсан тухай ярьж байна. Би өлсгөлөн зарлахаасаа өмнө УИХ-аар хэлэлцүүлээч ээ гэж хүссэн. Төрд үйлчлэх ёстой үүргээ гадаадын компанид худалдсан энэ асуудлыг анхаараач ээ.

Төрийн байгуулалтын Байнгын хорооны даргыг томилох асуудлаар санал хураалтад нийт 61 гишүүн оролцож, 48 гишүүн дэмжиж, 71.8 хувийн саналаар баталлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

10 : 36
2021-3-18

УИХ-ын чуулган хуралдана

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан 10 цагаас эхэллээ. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар:

-Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал,

-Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Элчин сайдыг эгүүлэн татах тухай асуудал,

-Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа,

-“Дархлаажуулалтын явцын талаар” Ерөнхий сайд мэдээлэл хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж