Үерт автсан айлууд орон гэрээ алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Үерт автсан айлууд орон гэрээ алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна

Үерт автсан айлууд орон гэрээ алдаж, эрүүл мэндээрээ хохирч байна

“Шөнө усанд автах вий гэсэндээ унтаж ч чадахгүй байна. Шавхаад ч нэмэргүй. Үүнийг яалтай билээ” хэмээн Баруун салааны оршин суугчид халаглаж сууна. Энэ хэсгийн айлууд олонх нь шар усны үерт автжээ. Тэдний амьдарч буй газар нь  Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны  нутаг дэвсгэр юм. Энэ хэсгийн оршин суугчид мөсөн дээр өвөлжилж, цас ханзархад шар усны үерт автжээ. Усанд автсан гудамж, хашаа, ундуй сундуй болсон гэр. Ийм л хүндхэн нөхцөлд айлууд зутруухан хаваржиж байна. Энэ удаад зуслангийн бүс буюу Толгойт-Баруун салааны Бумбатын булаг орчмын айлууд хүнд нөхцөлд хэрхэн амьдарч байгааг сурвалжиллаа.


ХАШАА БОЛОН ГЭР НЬ УСАНД АВТЖЭЭ

Баруун салааны зээл орчмын хэсэг айлыг зорилоо. Гудамж, хашаа ус, мөсөнд автаж, автомашин бүү хэл явган хүн явахад ч бэрх болжээ. Үерт зарим айлын гэр, хашаа живж, машин ч явах боломжгүй болсон байна. Айлууд хашаандаа тогтсон зузаан мөсийг сэтэлж хэрдээ л шуудуу гаргах болов ч тусыг эс олно. Урь орохоос ч өмнө жавар тачигнасан хүйтэнд хөрсний ус нэвчиж, гэрийг нь усанд автуулж эхэлжээ. Улмаар халиа дошин үүсч, 200 гаруй айл үерт их бага хэмжээгээр автсан байна.

Тэд хэзээ гэр орныг нь ус хамах бол гэсэн битүүхэн айдастай, унтаж ч чадахгүй  өдөр хоногийг өнгөрүүлж байна. Гэвч хороо, дүүрэг, онцгой байдлын газраас асуудлыг нь тоож хэлэлцдэггүй гэдгийг оршин суугчид хэллээ.

Энэ хэсэгт 15 жил амьдарч буй Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Л.Туяацэцэг “Олон жил амьдарч, гал голомтоо бадраасан газраасаа нүүмээргүй байна. Нөхөр маань хөдөө ажилладаг, би өрх толгойлсон эмэгтэй шиг дөрвөн нялх хүүхэдтэйгээ л амьдардаг. Гэтэл энэ жилээс хөрсний ус нэвчиж, халиа дошин үүсч гэр оронгүй болоход хүрлээ. Яаж би нүүж чадах билээ. Чаддаг зүйл минь гэр орноо усанд алдахгүйн тулд өдрийг мөс сэтэлж, шөнө нь том хүүтэйгээ  гэрийнхээ шалны дороос ус зайлуулж өнгөрүүлж байна. Онцгой байдлын газраас тусламж хүссэн ч сар гаруйн хугацаанд ирсэнгүй. Хорооноос ч бас бидний асуудлыг тоож хэлэлцдэггүй. Ийм байтал нүү гэж шаардаж байгааг эсэргүүцнэ” гэлээ.

Дараа нь өөр айл руу ороход хашаа нь гэртэйгээ усанд автжээ. Тус хашаанд гурван гэр байдаг ч нэг нь усанд автаж, амьдрах аргагүй болсон байна. Биднийг очоод удаагүй байхад хоёр гэрийн нэг нь нүд эрмэх зуур л усанд автчихав. Бүгд сандралдаж дор бүрнээ л усаа шавхах дүр зураг угтлаа.

Усны гуталтай жаахан охин тосгуураар ус хамж, ээждээ туслахыг хичээнэ. Ээж нь хөршүүдтэйгээ хамт гэрт нь хальсан усыг хувингаар зөөж асгах ч дундрах шинж алга. Үерийн гашуун зовлонг монгол гэрт амьдарч буй айлууд илүү их мэдэрч байна.

Байшинтай айлуудын тухайд хананаасаа цууралт өгсөн болохоос биш усанд автаагүй. Гэвч хашаанд нь мөс тогтож машин нь хөдлөхөө больжээ.

ҮЕРТ ОРОН ГЭРЭЭ АЛДАЖ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА

Өвлийн хүйтэн, хаврын хавсарга цас, бороог ажралгүй усны гутал, чийгтэй хувцастай амьдрах болсон иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа юм. Хөрсний ус нэвчсэнээр айлуудын бохир дүүрч хальсан тул шар усны үертэй хамт бохир ус айлуудын гэрт урсчээ. Усны гуталнаас салах аргагүй тул аав ээж нар нь хүүхдүүдтэйгээ хамт ханиаднаас салахгүй. Хүүхдүүд усны гутал байнга өмссөнөөс болж хөл нь идээлж, зарим газарт нь хатиг гарч өвдсөн тухай учирлана. Бохиртой холилдсон үерийн уснаас болж хүмүүсийн арьсан дээр ч бас тууралт гарчээ. Иргэн Д.Өлзийсайхан “Манай гэрийн доороос булаг ундарч, усанд гэрээ алдлаа. Өдөр шөнөгүй ус зайлуулсаар байтал бөөр, нуруу өвдөж гар тэнийхээ больдог юм байна. Гэрээ алдахгүйн тулд хүрз лоом барьж, биедээ ахадсан бүх л ажлыг хийлээ. Усны хор маш аюултай юм байна.

Арьсаар тууралт гарч, усны гутал, чийгтэй хувцаснаас болоод бие маань хавантсан. Хүүхдүүд ч өвдөж, зутарлаа. Бид ч яах вэ, хүүхдүүд маань эрүүл саруул, өвдөхгүй байхад болно. Аргаа барахдаа хүүхдүүдтэйгээ хамт уулын энгэрт түр нүүлээ. Уснаас холдохоор тууралт нь хүртэл багасч байна” гэсэн юм. Энэ эмэгтэй бол бага насны дөрвөн хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй. Хүүхдүүдийнхээ хамт аавтайгаа амьдардаг бөгөөд усанд гэрээ алдаж, улмаар эрүүл мэндээрээ ч хохирсон иргэдийн төлөөлөл юм. Үерийн улмаас гэрийнхээ хананы тал хэсгийг нь тайрч авахаас өөр аргагүй болжээ. Гэрийнх нь хана, эсгий  усанд автсан хэсгээр илжирч, авахын аргагүй болсон тул арга буюу гэрийнхээ модыг тайрч, нүүсэн аж. Зарим айлын жорлонгийн дээвэр дөнгөж цухуйх хүртэл хэмжээний усанд автаж, гэрийн эзгүй буурь олон. Үерт автсан айлууд гэрээ орхиж уулын энгэр, айлын хаяа барааджээ.

                               БИД 61-ИЙН  ГАРАМ РУУ НҮҮХГҮЙ

Бумбатын булгийн орчмын зарим айл байшин нь усанд автаж, мөсөн дороос гол үерлэжээ. Булгаас эхлэлтэй хөрсний ус нэвчиж, халиа дошин үүссэн бололтой. Зуслангийн бүсэд айлууд нэмэгдэхийн хэрээр хувьдаа гүний худагтай болох нь олширч, голын гольдролыг өөрчилснөөс болж халиа дошин үүсэх болжээ.  Үүнээс болж олон айл эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирч буйг оршин суугчид шүүмжилж байлаа. Үерт автсан айлуудыг хороо, дүүргээс нь 61-ийн гарам руу нүүлгэхээр шийдвэрлэсэнд оршин суугчид дургүйцэж байна. Иргэдийн зүгээс “Эрх бүхий албан тушаалтнууд асуудлыг шийдсэн мэт дүр эсгэхдээ биднийг тог цахилгаангүй газарт нүүлгэж, хохироохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.

НОБГ: ДӨРВӨН ХОРООНЫ ҮЕРТ АВСАН 20 АЙЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛСЭН

Оршин суугчдын зүгээс онцгой байдлын газрынхан цаг алдалгүй тусламж үзүүлж, арга хэмжээ авсан бол үерт автаж, орон гэрээ алдах хүртлээ зутрахгүй байсныг гомдоллож байв. Энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй холбогдсон юм. Тус хэлтэсийн Гамшгийн эрсдэлийн урьдчилан сэргийлэх хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэгдэлгэр “Дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж Засаг даргын Тамгын газар, Геодези усны барилга байгууламжийн газартай хамтран шар усны эрсдэл бүхий газар, далан сувгийн үзлэг шалгалтыг зургаан удаа зохион байгуулсан. Энэ сарын 11-14-нд иргэдээс шар усны үертэй холбоотой 31 дуудлага ирсэн. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 19, 26, 27, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үүссэн халиа дошин хайлж усанд автсан 20 айл өрхийн гэрийг нүүлгэн шилжүүлэх, гэр, хашааны ус соруулж зайлуулах арга хэмжээ авлаа” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 2500 гаруй өрх албан ёстой бүртгэлтэй аж. Харин зөвшөөрөлгүй  газарт дур мэдэн бууж амьдардаг айл өрх тун ховор гэдгийг хорооноос хэлж байв. Үерт автсан айл өрхүүдээс 20 орчим айлыг нүүлгэн шилжүүлжээ.

ГОЛЫН БҮС УЧРААС ӨМНӨ НЬ ГАЗАР ОЛГОДОГГҮЙ БАЙСАН

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны зохион байгуулагч С.СҮХЦООЖ: 

-Манай хороо зуслангийн бүсээс суурьшлын бүсэд шилжих болсон. Энэ жилийн хувьд үер болдоггүй газрууд усанд автсан. Гэр үерт автсан гэх гомдлууд ирснийг дүүрэг болон дүүргийн Онцгой комисст уламжилсан. Дүүргийн онцгой комиссоос айлуудыг нүү гэх шаардлага тавьж байгаа. Одоогоор байршлын хувьд тодорхойгүй байна. Гэхдээ үерт автсан айлууд нь олон жил тухайн газартаа амьдарсан, эзэмших эрхийн гэрчилгээтэй, зөвшөөрөлтэй айлууд юм. Ерөнхийдөө голын ай савуудаар шар усны үер их байгаа. Уулаас шар усны үер бууснаас гадна Бумбатын рашаанаас эхлэлтэй халиа дошин үүссэн. Голын захад байгаа айлууд усанд автсан. Зарим нь эзэнгүй байгаа. Дүүргээс усанд автсан айлуудыг  нүүх шаардлага тавьж байна.  Энэ дагуу ердөө арав орчим айл нүүнэ гэсэн. Бусад нь хүлээн зөвшөөрөөгүй. Зарим хүмүүс зөвшөөрөлгүй газарт бууж олон жил амьдардаг. Хороо, дүүргээс нь арга буюу тогтсон хаягтай болгодог асуудал өмнө нь байсан. Ер нь голын бүс гээд зөвшөөрөл олгодоггүй байсан. Яахав зуслангийн зориулалтаар түрдээ байж болдог байсан гэлээ.

Харамсалтай нь, нийслэлийн хамгийн их хүн амтай гэгдэх Сонгинохайрхан дүүргийн Газрын албаныханд мэдэх зүйл байхгүй бололтой. Газрын зөвшөөрөл олгоход ямар хяналт тавьдаг эсэх нь тодорхойгүй. Мэргэжилтнүүд нь “мэдэхгүй” гэх үгээр тайлбар өгөхөөс татгалзаж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж