Грэммийн шагнал хүртсэн төмөр замчин

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Грэммийн шагнал хүртсэн төмөр замчин

Грэммийн шагнал хүртсэн төмөр замчин

Дэлхийн дуу хөгжмийн ертөнцийн хамгийн том наадам “Grammy Awards” Ням гаригт /2021.03.14/ АНУ-ын Лос Анжелес хотод болж өнгөрөв. 63 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолоос Казахстаны 20 настай DJ залуу шагнал хүртсэн нь Төв Азийн орнуудаас анхны тохиолдол болж түүхэнд бичигдсэн юм. Иманбек хэмээх залуу рэппер Сэйнт Жоны “Roses” дууны найруулгаараа энэ удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын “Оны шилдэг ремикс” төрөлд шалгарсан билээ.


ТӨМӨР ЗАМЧИН ИМАНБЕК ЗЕЙКЕНОВ

Түүнийг Иманбек Зейкенов гэдэг. Тэрбээр Казахстаны хойд бүсийн Павлодар мужийн Аксу хэмээх жижиг хотод 2000 оны аравдугаар сарын 21-нд мэндэлсэн. Тэрбээр одоо эцэг эхийн хамт амьдардаг. Дунд сургуулиа төгсөөд төмөр замын сургуульд  орж, суралцахын зэрэгцээ төрөлх хотынхоо төмөр замын өртөөнд ажилладаг байв. Найман настайгаасаа гитар хөгжим тоглож эхэлсэн түүний хувьд дуу хөгжим бол хобби нь. Тэрбээр ажил хичээлийнхээ хажуугаар хөгжмийн сонирхлоо хөгжүүлсээр ирсэн байна. Төмөр замчин болох нь түүний жинхэнэ хүсэл мөрөөдөл биш гэдгийг ойлгосон Иманбек 2019 оны өвлөөс ажил, сургуулиа орхиж, дуу хөгжмийн ертөнцөд нэг мөсөн хөл тавьсан байна. Энэ нь ч хамгийн зөв сонголт байсан гэдгийг тэр одоо баталж яваа.

ХУУЛЬ БУС РЕМИКС

Түүнийг алдар хүндтэй шагналд хөтөлсөн “Roses” дуу нь анх 2016 онд цацагдаж байв. Энгийн нэгэн төмөр замчин залуугийн амьдрал 2019 оны хавар Сэйнт Жоны “Roses” хэмээх дууг олж сонссоноор өөрчлөгдсөн байна. Гурван жилийн өмнө цацагдсан, нэг их хит болоогүй тэр дууг Иманбек өөрийнхөөрөө өөрчилж үзжээ. Дуу хөгжмийг шимтэн сонирхоод жил гаруй болж байсан түүнд ямар ч мэргэжлийн тоног төхөөрөмж байсангүй. Хуучин зөөврийн компьютероо асаагаад ердөө хоёр цаг гаруйн хугацаанд тэр Грэммийн шагналт бүтээлээ туурвижээ.

“Тухайн үед би хэрхэн албан ёсоор зөвшөөрөл авахыг огт мэдэхгүй байсан учраас хийсэн ремиксээ зүгээр өөрийн цөөхөн дагагчтай цахим сүлжээнд байрлуулчихаад мартчихсан. Гэтэл хэсэг хугацааны дараа миний бүтээл дэлхий даяар танигдаж эхэлсэн” хэмээн тэрбээр сүүлд ярьжээ.

Зар сурталчилгаанд нэг ч төгрөг зарцуулаагүй хэдий ч Иманбекийн бүтээл тэр зундаа Орос, Беларусь, Украины шилдэг дуунуудын жагсаалтад тэргүүлсэн байна. Ингээд тэр бүтээлээ “YouTube” сүлжээнд байршуултал маш их алдаршиж, АНУ-ын “Billboard”-ийн шилдэг 100 дууны жагсаалтын тавдугаарт бичигдэж, Их Британийн жагсаалтад мөн тэргүүлжээ.

Үүний дараа Зейкенов Оросын “Effective Records”-той гэрээ байгуулан хамтран ажиллаж, “Roses” дууг дуулсан рэппер Сэйнт Жонтой холбогдож зөвшөөрөл авч, албан ёсны сингл гаргахаар болсон байна.

“ОДОО БИ ӨӨРИЙГӨӨ БАТЛАН ХАРУУЛНА”

Шинэхэн Грэммийн шагналтан Иманбект Казахстаны Ерөнхийлч албан ёсоор баяр хүргэжээ. Төв Азийн орнуудаас анх удаа дэлхийн дуу хөгжмийн “Оскар” хэмээгддэг шагналыг хүртсэн тэрбээр “Хөгжимчин хүн бүрийн мөрөөдөл бол Грэмми. Би үүнийг чадчихлаа. Одоо л би хаана хүрээд байгаагаа ухаарч байна. Миний бүтээл үнэхээр дэлхийн хэмжээнд хүрсэнийг ойлгож байна. Харин одоо би санамсаргүйгээр, ганцхан удаагийн азтай тохиолдлоор энэ хүндтэй шагналыг аваагүй гэдгээ батлан харуулах болно” хэмээн хэлсэн байна. Тэрбээр цааш нь “Би энэ дууг анх сонсоод дуучных нь мэдрэмжийг мэдэрсэн ч надад нэг л зүйл дутуу санагдаж байсан” гэв.

Багаасаа Martin Garrix, David Guetta, Marshmello, Dillon Francis нарын дууг сонсож өссөн ба DJ-ийн техникүүдийг “Youtube”-ээс сурсан байна. Амьдардаг жижиг хотод нь клубын соёл тийм ч их түгээгүй, залуус орчин үеийн дуу хөгжмийг интернет, цахим сүлжээгээр л ихэвчлэн сонсдог байжээ. Иманбек ч тэдний адил интернетээр дамжуулан энэ бүхнийг сурсан аж. Анхны томоохон орлогоосоо өөрийн хүссэн машинаа авсан тэр "Би багаасаа машинд дуртай хүүхэд байсан. Том болоод эцэг, эхээрээ биш өөрийн хөдөлмөрөөр мөрөөдлийн машинаа авна гэж боддог байлаа. Энэ мөрөөдлөө биелүүлсэндээ өөрөөрөө бага зэрэг бахархаж байна" хэмээн ярьжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж