Хакүхо М.Даваажаргал зодог тайлах эсэхээ долдугаар сард шийднэ

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

Хакүхо М.Даваажаргал зодог тайлах эсэхээ долдугаар сард шийднэ

Хакүхо М.Даваажаргал зодог тайлах эсэхээ долдугаар сард шийднэ

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал баруун өвдгөндөө дахин хагалгаа хийлгэх болсныг мэдэгдлээ. Өдгөө 36 настай их аварга өнгөрсөн Мягмар гаригт харү башёг орхисон юм. Тэрбээр баруун өвдөгнийхөө нүд, үений орчмын хавдсан газартаа мэс ажилбар хийлгэж, хоёр сар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдгээ сүмогийн холбоонд уламжилжээ.

Аваргын дэвжээний багш Мияагино хэлэхдээ Хакүхо мэс засалд орсныхоо дараа дэвжээндээ эргэн ирэхээр төлөвлөж байгаа ч хагалгааны дараах эмчилгээний үр дүнгээс хамаарч цаашид барилдах эсэхээ шийднэ хэмээжээ. Мияагино “Эмч нар Хакүхог ийм байдалтай барилдаж болохгүй гэж хэлсэн. Хакүхо ирэх долдугаар сарын нагоя башёгийн үеэр эцсийн шийдвэрээ гаргана” гэв.

Хакүхо одоо мэс ажилбар хийлгэх гэж буй баруун өвдгөндөө өнгөрсөн оны наймдугаар сард мөн дурангийн хагалгаа хийлгэж байсан юм. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт эхэлсэн харү башёг сайн эхлүүлж, эхний хоёрын өдрийн барилдаанд хоёр даваа авсан ч харамсалтай нь өвдөгнийхөө бэртлийг сэдрээн гурав дахь өдрийн барилдаанд зодоглоогүй бүр мөсөн башёг өнжихөөр болсон.

Мэргэжлийн сүмо бөхийн дээд макүүчи зиндаанд 44 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон Хакүхо М.Даваажаргал сүүлийн таван башёг өнжиж, эсвэл дундаас нь орхилоо. Түүний адилаар ёкозүна Какүрюү М.Ананд ч бэртлийн улмаас башёг өнжсөн. Сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс Монголын хоёр их аваргыг башё их өнжиж, дундаас нь орхиж байна гэж сануулга өгчээ. Угтаа Хакүхо энэ оны эхний хацү башёд зодоглохоор төлөвлөсөн ч Covid-19 халдвар авч, өнжихөөс өөр аргагүй болсон.

Хакүхо хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сарын харү башёд бүтэн барилдаж, 13 даваа, хоёр унаатай түрүүлж, эзэн хааны цомыг 44 дэх удаагаа өргөсөн.

Хэрэв Хакүхо ирэх тавдугаар сарын нацү башёг өнжвөл 1958 онд жилд зургаан башё зохион байгуулагдаж ирснээс хойш ёкозүна цолтой бөх хамгийн олон башё дараалан өнжсөн жагсаалтын гуравт орж ирнэ. Одоогоор энэхүү жагсаалтыг ёкозүна Кисэносато найман башё дараалж өнжсөнөөр тэргүүлдэг. Кисэносатогийн хувьд 2018 оны есдүгээр сарын аки башёд 10 даваа авсан боловч удалгүй 2019 оны нэгдүгээр сарын хацү башёгийн үеэр зодог тайлж буйгаа зарлаж байв. Мөн ёкозүна Таканохана бэртлийн улмаас долоон башё дараалан өнжсөний эцэст 2002 оны есдүгээр сарын башёд барилдаж, 12 даваа авсан ч 2003 оны нэгдүгээр сарын башёгийн үеэр гэмтлээ сэдрээж, улмаар зодог тайлсан юм. Тухайн үед сүмогийн холбооноос Таканохана аваргыг 2002 оны есдүгээр сарын башёд барилд эсвэл зодог тайл гэсэн шаардлагыг тавьж байв. Ийнхүү Парист өвдөгний том хагалгаанд орсон Таканохана есдүгээр сарын башёд бүрэн барилдсан ч удалгүй бэртлээ сэдрээж, зодог тайлахаас өөр сонголт үлдээгүй. Ёкозүна Мүсашимарү ч зургаан башё дараалан бэртлийн улмаас бүрэн барилдаж чадалгүй, зодог тайлсан түүхтэй.

Тэгвэл бэртэл гэмтлээ ялан дийлж, зургаан башёд түрүүлсэн бөх бол ёкозүна Тайхо. Тэрбээр 1968 онд гэмтлийн улмаас дөрвөн башё дараалан өнжсөн ч эргэн ирж, дөрвөн жилийн хугацаанд зургаан башёд түрүүлсэн аж. Гэхдээ Хакүхо болон Тайхо аваргуудын хооронд нэг ялгаатай зүйл байгаа нь Тайхо аварга 28 насандаа бэртлээсээ эргэн ирж, 31 насандаа зодог тайлж байв. Харин Хакүхо аварга саяхан гуравдугаар сарын 11-нд 36 нас хүрсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж