"Монгол эрчүүдийн хүнлэг сэтгэл, холч ухааныг бид хэр өвөлж авсан бол"

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

"Монгол эрчүүдийн хүнлэг сэтгэл, холч ухааныг бид хэр өвөлж авсан бол"

"Монгол эрчүүдийн хүнлэг сэтгэл, холч ухааныг бид хэр өвөлж авсан бол"

Монгол эрчүүдийн цог золбоо, хийморийг харуулсан “Түүхийг өртөөлсөн монгол эрчүүд” хэмээх үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн нь зураач Ч.Цогбаярын анхны бие даасан үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгийн талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Та анхны бие даасан үзэсгэлэнгээ яагаад эртний монгол эрчүүдийн талаарх зургаар эхэлж байна вэ?

-Бид түүхээ ярих дуртай, түүхээрээ бахархах дуртай хэдий ч түүхээсээ суралцаж, өвлөж авах учиртай олон үнэт зүйлсийг мартсан мэт надад санагддаг. Энэ үүднээсээ Монголын түүхийн тодорхой цаг үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, үнэт зүйлсийг уран бүтээлээрээ харуулахыг зорилоо.

-Монгол эр хүнийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Монголын түүхэн дэх Монгол эрчүүдийг бид хүчтэй, уухайлсан баатруудаар төсөөлж омогшиж бахархдаг хэрнээ, тэр үеийн монгол эрчүүдийн дотоод үнэт зүйлс болсон хүнлэг сэтгэл, холч ухаан, өөрөөсөө илүүтэй өөрөөлийн төлөө амьдралаа зориулах тэр агуу зүрх сэтгэлийг бид хэр өвөлж чадсан бол гэж бодоход өөрийн эрхгүй санаа зовдог.

Өнөө үед улс орон маань дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн хөгжиж байгаа ч жинхэнэ утгаараа хөгжил гэдэг зүйлээ мартсаар байна. Хэдий эдийн засаг, техник технологийн өндөр хөгжил нь хөгжил мэт харагдаж байгаа ч дотоод сэтгэлгээний мөн чанараа алдаж, бие биенээ хайрлаж хүндлэх хүнлэг сэтгэл, улс үндэстнээ хайрлах сэтгэл дутах юм бол үүн шиг том доройтол, мөхөл байхгүй.

-Та эртний монголчуудын талаар нэлээд судалгаа хийж зургаа зурсан уу?

-Тиймээ, өөрийн хэмжээнд зохих судалгааг хийсэн. Монгол эрчүүд түүхийнхээ хамгийн дорой буурай үе болох XIX зууны Манжийн дарлалд байхдаа ч харийн хууль цаазад дарлагдан зовж буй ард түмнийхээ төлөө өөрийнхөө нэг насныхаа амьдралыг зольж үхлээс айлгүй тэмцэж чадсан агуу сэтгэл шилийн сайн эрчүүдэд байжээ. Шилийн сайн эрчүүдийн талаар судалгаа хийж уран бүтээлээ бүтээж байхдаа ч өөрийн эрхгүй бахдах бахархах сэтгэл төрж, ийм агуу үнэт зүйлийг бусдад илүү ихээр таниулах, ойлгуулах гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.

-Үзэсгэлэнд нийт хэдэн уран бүтээл дэлгэгдэх вэ?

-Энэхүү үзэсгэлэнд нийт 20 бүтээл тавигдаж байгаа. Үүний 10 орчим бүтээл нь шилийн сайн эрчүүдийн тухай, үлдсэн бүтээл нь эртний Киданы үе болон XIII зууны үеийн эрчүүдийн амьдралын хэв маягийг харуулсан бүтээлүүд.

-Цар тахалтай холбоотойгоор үзэсгэлэнгийн нээлт хийх өдөр хойшлогдсон гэсэн үү. Чухам хэзээ нээлт болох вэ?

-“Түүхийг өртөөлсөн монгол эрчүүд” анхны бие даасан үзэсгэлэн маань энэ сарын 20-нд “Монгол арт” галерейд болох байсан. Гэвч Covid-19-ийн халдварын тархалтын улмаас Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтоосон тул үзэсгэлэнгийн нээлт түр хугацаагаар хойшлогдож байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан үзэсгэлэнгийн хугацааг дахин мэдээлэх болно.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж