Хувийнхны оруулж ирсэн "Спутник-V"-ыг Засгийн газар худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2021.03.18-нд нийтлэгдсэн

COVID-19

Хувийнхны оруулж ирсэн "Спутник-V"-ыг Засгийн газар худалдаж авна

Хувийнхны оруулж ирсэн "Спутник-V"-ыг Засгийн газар худалдаж авна

Covid-19  халдварын эсрэг  вакцин хүн төрөлхтөнд найдвар төрүүлж, улс орнууд эдийн засгаа сэргээх боломж хэмээн харж буй. Монгол Улсын хувьд Энэтхэг улсаас 150 мянган тун АстраЗенека вакциныг хоёрдугаар сарын 23-нд хүлээн авснаар вакцинжуулалт эхэлсэн. Ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын 73 хувийг вакцинжуулалтад хамруулжээ. Цаашид акцинд хамрагдаагүй бусад хүнийг хуваарийн дагуу үргэлжлүүлэн хамруулах юм.

Үүнээс гадна вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгаа юм. Тиймдээ ч “Монгол эм импекс концерн" компани "Спутник-V" вакцин, “Монос" компани "Астразенека" вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгсөн талаар мэдээлсэн билээ. Тодруулбал, “Монгол эм импекс концерн” эхний ээлжийн 10 мянган тун "Спутник-V" вакциныг хоёрдугаар сарын 27-нд оруулж ирээд ЭМЯ-д хүлээлгэн өгчээ. Үүнээс тодорхой тооны тунг Засгийн газарт хандивласан бөгөөд үлдсэн тунг “Интермэд” эмнэлэгт нийлүүлсэн байна.

Интермед” эмнэлэг гуравдугаар сарын 9-нд тодорхой бүлэгт вакцинжуулалтыг хийж эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 16-нд “Монгол эм импекс концерн” компаниас захиалан авсан “Спутник-V” вакцины эхний ээлжийн тунг хийж дуусчээ.  

Вакцинд хамрагдахтай холбоотой дуудлага нь эмнэлгийн лавлагааны төвийн үйл ажиллагаанд саад учруулах хэмжээний ачаалал үүсгэсэн гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс “Интермед” эмнэлэг вакцины дараагийн захиалгыг нийлүүлэгчтэй баталгаажуулах талаар ажиллаж байгаа бөгөөд тодорхой болсон үед иргэдийг сайн дурын дархлаажуулалтад төлбөртэй хамруулна гэдгийг мэдэгдлээ.

“Монгол эм импекс концерн” компанийн хувьд  ирэх долоо хоногийн сүүлээр ОХУ-аас “Спутник-V” вакцины 10 мянган тунг оруулж ирэх бөгөөд  дээрх татан авалтад Засгийн газраас худалдан авах гэж буй вакцины захиалга, мөн хувийн хэвшлийн байгууллагуудын вакцин багтжээ. Тус компани сардаа 100-200 тун вакцин авчрах төлөвлөгөөтэй байгаа аж.

ВАКЦИНЫ ХЭРЭГЛЭГЧДЭД ОЧИХ ҮНИЙГ НЭГДСЭН БАЙДЛААР ТОГТООНО

“Монгол эм импекс концерн” ХХК-ийн гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын захирал  Б.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй улс "Спутник-V" вакцинд зөвшөөрөл олгосон. Олон улсад "Спутник-V" вакцины нэр хүнд нь өсөхийн хэрээр эрэлт их болж, нөөц нь багасч байна. Өндөр хөгжилтэй орнууд их хэмжээгээр захиалж байна. Вакцин оруулж ирэхэд тээвэрлэлтийн нөхцөлийг маш сайн хангах ёстой. Үйлдвэрээс нь очиж авч, -18 градусаас доош орчинд тээвэрлэнэ. Хувийн хэвшил вакцин оруулж ирэхэд багагүй хүндрэл бэрхшээл тулгарч байна. Тодруулбал, шууд нислэг байхгүй учраас БНСУ-аар дамжуулан вакцин авч ирж байгаа. Бид олон улсын стандартыг хангасан том тээвэр зуучийн компанитай хамтарч ажиллаж байгаа учраас тулгарсан асуудлуудаа зохицуулаад явж байна. Бидний хувьд энэ үйл ажиллагааг бизнес гэж харахгүй байгаа. Энэ нь цэвэр нийгмийн хариуцлагын асуудал юм.

Гэхдээ  хувийн хэвшил вакцин оруулж ирж байгаа тохиолдолд вакцины савлагаа боодол,  тээвэрлэлт, экспортын бүрдүүлэлт зэрэг зардлаа шингээн улсын болон хувийн эмнэлгүүдэд хүлээлгэж өгнө. Улсын эмнэлэг  нэгдсэн байдлаар худалдан авалтаа хийгээд иргэдийг үнэгүй вакцинжуулах байх.

Харин хувийн эмнэлгүүд вакцин хийж эхэлсэн тохиолдолд вакцин оруулж ирсэн үйл ажиллагааны зардал, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын зардал шингэн хэрэглэгчдэд очих үнийг нэгдсэн байдлаар тогтооно.

Монгол Улс иргэдээ вакцинжуулж эхэлсэн Ази тивийн гурван улсын нэг. Вакцины уралдаанд Монгол Улс хойгуур суугаагүй.  Вакцин оруулж ирж байгаа ААН-үүдийн гол зорилго нь улсынхаа ачаанаас хөнгөлөх, нийт иргэдээ вакцинжуулж  эдийн засгаа эргэлтэд оруулан энгийн амьдралдаа шилжих юм.

ВАКЦИНЫ ҮР ДҮНД ЭРГЭЛЗЭХ ШААРДЛАГАГҮЙ

Вакцинжуулалтын асуудлаар Анагаах ухааны доктор, профессор, дархлаа судлаач, гавьяат багш Г.Батбаатар “Цар тахал гарснаас хойш дэлхий дахинд улс орнуудын эдийн засаг, хүний амьдралд томоохон өөрчлөлтүүд гарлаа. Эдийн засаг хямарч, үйлдвэрлэл зогсч, хүмүүс хөл хорионд орлоо. Иймд ердийн амьдралдаа эргэн орохын тулд олон улсын эрдэмтэд богино хугацаанд цар тахлын эсрэг вакцин гарган авлаа. Аливаа халдварт өвчинтэй тэмцэх хамгийн хүчирхэг зэвсэг бол вакцин. Үүнээс өөр үр дүнтэй аргыг хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл бодож олоогүй байна. Вакцинжуулалтыг дархлаажуулалтын голомтын заалтаар, сайн дурын үндсэн дээр хийдэг гэж хуульчилсан. Тиймээс хүн бүр вакцинд хамраагдаасай гэж хүсч байна. Учир нь вакцинд хамрагдсан хэсэг хүн Сovid-19-өөс хамгаалагдана. Вакцин тариулаагүй хүмүүс халдварт өртөх эрсдэл өндөр. Тиймээс вакцинд хүн бүр хамрагдаасай гэж мэргэжлийн хүний хувьд хүсч байна. Вакциныг маш өндөр технологиор үйлдвэрлэдэг. Бүх нийтээр вакцин хэрэглэхэд сөрөг нөлөөлөл байхгүй гэж эрх бүхий байгууллагууд нь дүгнэлт гаргасан учраас вакцин тарьж байгаа юм. Вакциныг үйлдвэрлэгч орноор нь ярьж байгаа ч цаана нь маш том судалгааны баг, лабораториуд бий. Иймд вакцины үр дүнд эргэлзэх шаардлагагүй” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж