Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай өчигдөр /03.16-ны өдөр/ уулзлаа.
Энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр орон даяар хүчтэй салхи шуурч цаг агаарын аюулт үзэгдэл болсон. УИХ-ын гишүүдийн зүгээс Архангай аймгийн сумдад байгалийн гамшигт үзэгдлээс болж учирсан хохирол, эндсэн иргэний ар гэрийн байдал, хорогдсон малын мэдээ мэдээлэл, хохирлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуудал тавьж, Шадар сайд С.Амарсайхантай зөвлөлдсөн юм.
Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн уршгаар амь нас эрсэдсэн иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, байгууллага, аж ахуй нэгж болон айл өрхийн байшингийн дээвэр их бага хэмжээгээр хууларсан, гэр нь нурж дахин ашиглах боломжгүй болсон 25 өрх, малдаа яваад сураггүй алга болсон 3 иргэнийг эрлийн ажил зохион байгуулж эсэн мэнд олсон зэрэг мэдээлэл солилцлоо.
Байгалийн гамшигт нэрвэгдсэн малчид, орон гэргүй болсон айл өрхөд яаралтай гэр орныг нь шийдэх, учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр улсын онцгой комиссын зүгээс анхаарал хандуулж, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүн Улсын Онцгой комисст уламжилсан юм.
Мөн уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболдод Архангай аймгийн “Хавдрын эрт илрүүлгийн төв”-д шаардлагатай байгаа техник тоног төхөөрөмж, “Хавдрын аюулгүй – Архангай” төслийг энэ хавартаа эхлүүлэх эмч мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах ажлыг яаралтай шийдвэрлэх хүсэлтийг тавилаа. Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарын санаачилгаар Монгол Улсын 21 аймгаас анх удаа Архангай аймаг “Хавдрын эрт илрүүлгийн төв”-тэй болж, барилга ашиглалтад ороод байгаа билээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ