Тоо тоолоод хямарч суух уу, дасан зохицоод амьдрах уу?

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

Тоо тоолоод хямарч суух уу, дасан зохицоод амьдрах уу?

Тоо тоолоод хямарч суух уу, дасан зохицоод амьдрах уу?

Covid-19 цар тахлын халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд зуу, зуугаар нэмэгдэж буй нь нийгэмд маргаан дагуулж эхэллээ. Ажил, амьдрал хэвийн үргэлжилж, хүн хоорондын харилцаа өрнөж байгаа тохиолдолд халдварын эрсдэл нэмэгдэнэ. Иймээс “Халдвар төдөөр нэмэгдлээ” гэж тоолон, тоо бодож хямарч, толгой хоргодох газар хайж, хэн нэгнийг буруутган чичлэх нь гэнэн хийгээд өрөөсгөл юм.

Хүссэн, хүсээгүй дэлхий нийтээрээ цар тахлын халдварын нөхцөл байдалд дасан зохицож, аюул эрсдэлээс дор бүртээ сэргийлж амьдрахад суралцах шаардлагатай болсон.

Гэтэл монголчууд бид л ганцаараа үүдээ тас түгжээд, өрхөө таг бүтээн гэр гэртээ бүгээд, Covid-19 дэлхийгээс нэг мөр арилахыг хүлээнэ гэвэл жинхэнэ маанаг үйлдэл тэр болно.

Харин түүний оронд ямар x нөхцөлд аль салбар, ямар үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх, халдвар хамгааллын ямар дүрэм журам баримталж ажиллах гэх мэт тодорхой мэдээллээр иргэд, олон нийтийг ханган, эргээд хяналт тавих, хариуцлага тооцох асуудалд бодлого шийдлээ чиглүүлэхэд анхаарах шаардлагатай болж байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүд ч цар тахлын үеийн бэлэн байдалд дасан зохицож амьдрах, өөрийгөө болон өрөөлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх байнгын дадал хэвшилд сурах нь энэ цаг үед хийх хамгийн чухал ажил болоод байна.   Халдварын тоо нэмэгдэхээс эмээгээд хатуу хөл хорио тогтоочихож болно. Айл өрх болгоны үүдэнд харуул манаа гаргаж, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг тас хааж боочихоод, хажуугаас нь чимээгүй хараад суух шиг амархан зүйл үгүй. Гэвч энэ бол гарц шийдэл бус, гал унтраах хэмжээний түр зуурын арга зам юм.

Эрүүл мэндээ бодож байгаа нь энэ гээд сэхээнд дэн дун дэнжигнэж буй эдийн засгаа элгээр нь мөлхүүлэх замыг сонгосоор байвал дахин сэхэл автлаа удна.

Ялангуяа өдөр өдрийн орлогоор амьдралаа залгуулдаг, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг, дунд бизнесийнхэн нийт аж ахуйн нэгжүүдийнх нь 70 шахам хувийг эзэлдэг улс, хотод ийм бодлого баримтлах нь учир дутагдалтайг эдийн засагчид анхааруулж буй.

Иймд энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамт “завиа” сэлүүрдэж, үүрэг хариуцлагыг хамтдаа хэрэгжүүлмээр.

Ядаж насанд хүрсэн хоёр сая иргэнээ бүрэн акцинжуулалтад хамруулж дуустал дахиад хатуу хөл хорио тогтоохгүйн тулд шүү дээ.

Л.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж