Маргаан үргэлжилбэл вакцины хямрал нүүрлэнэ

Хуучирсан мэдээ: 2021.03.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Маргаан үргэлжилбэл вакцины хямрал нүүрлэнэ

Маргаан үргэлжилбэл вакцины хямрал нүүрлэнэ

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен өчигдөр /2021.03.18/ “Хэрэв Сovid-19-ийн эсрэг вакцины хангамж Европт сайжрахгүй бол вакцинжуулалтын явц өндөр байгаа орнууд руу экспортлох хэмжээгээ багасгаж, адил тэгш болгоно” хэмээн мэдэгдэв. Энэ мэдэгдэл шууд Их Британийг чиглэсэн бөгөөд гэхдээ тэр Лондоноос эерэг хариулт хүлээж байгаагаа ч илэрхийлжээ.

“Brexit”-ээс хойш Европын холбоо ба Их Британийн хоорондох санал зөрөлдөөн вакцин экспортлохтой холбоотой дипломат маргаанаас үүдэн улам хурцдаж байгааг энэ мэдэгдлээс харж болохоор байна.

Түүнчлэн Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель өнгөрсөн долоо хоногт Их Британи улс вакцин болон түүний дагалдах хэрэгслийн экспортыг шууд зогсоосон гэж мэдэгдсэн ч Их Британийн зүгээс үүнийг эрс няцаасан юм.

ЕВРОПЫН ХОЛБОО ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ВАКЦИН ЭКСПОРТЛОЖ БАЙГАА ВЭ?

Европын холбоо гишүүн орнуудынхаа вакцинжуулалтын хөтөлбөрийг хурдасгахад хангалттай хангамж авах гэж хичээж байгаа учир ийнхүү вакцины экспортод хориг тавих асуудлыг сөхөж эхэлсэн. Европын холбооноос хамгийн их вакцин импортлон авч байгаа улс нь Их Британи аж. Европын холбоо сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд 33 оронд 41 сая вакцины тун экспортолсон бөгөөд үүний 10 гаруй сая нь зөвхөн Их Британи руу хүргэгдсэн байна.

Гэхдээ Европын холбоо дангаараа вакцины экспортын асуудлыг шийддэггүй, Европын холбооны улсуудад үйлдвэрлэлийн гол баазууд нь байрладаг “Файзер”, “АстраЗенека” вакцин үйлдвэрлэгч компаниудтай заавал зөвшилцөж байж шийддэг юм.

Гуравдугаар сарын 11-ний байдлаар Европын холбооноос Канад руу 3.9 сая тун, Мексик рүү 3.1 сая тун, АНУ руу нэг сая тунг экспортлосон ч ЕХ-нд нэг ч вакцин нийлүүлээгүй байна. Харин АНУ-ын хувьд 1950-аад онд Солонгосын дайны үеэр анх батлагдсан Батлан ​​хамгаалах үйлдвэрлэлийн тухай хуулийн дагуу холбооны засгийн газрын зөвшөөрөлгүйгээр компаниуд дур мэдэн вакцин болон түүний ор найрлагыг экспортлохыг хориглож байгаа юм.

ИХ БРИТАНИЙН ЕВРОПЫН ХОЛБОО РУУ ХИЙЖ БУЙ ЭКСПОРТЫН ТАЛААР

Их Британийн зүгээс вакцины экспортыг хааж боосон явдал огт байхгүй бөгөөд энэ нь ямар ч баримт нотолгоогүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн долоо хоногт "Би нэг л зүйлийг тодорхой хэлье. бид ганц ширхэг ч вакцины экспортыг хааж боогоогүй" гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр Сovid-19-ийн эсрэг вакциныг дэлхий даяар тэгш хүртээмжтэй тараах “COVAX” хөтөлбөрт 548 сая фунт стерлинг хандивласан гэдгийг онцолжээ. Гэхдээ энэ бол вакцин хандивласан гэсэн үг биш юм.

Харин түүний мэдэгдлийн маргааш нь Ирландын Ерөнхий сайд Мишель Мартин "Их Британийн Ерөнхий юун түрүүнд өөрийн сайд ард түмнээ вакцинжуулах нь нэн тэргүүний зорилт гэдгийг анхааруулсан. Үүнээс өмнө хэнд ч вакцин өгөх боломжгүй гэдгийг тэр надад хэлсэн”  гэж мэдэгдсэн нь эргэлзээ төрүүлжээ.

 АЛБАН ЁСНЫ ХОРИГ ГЭЖ БАЙХГҮЙ

Их Британи улс вакцин экспортлохгүй гэсэн албан ёсны хориг, шийдвэр гаргаагүй ч тус улсаас вакцин экспортод гарахгүй байгааг олон нийтэд нээлттэй мэдээллийн сангуудаас илт харагдаж байгаа юм. Харин тус улсын засгийн газар вакцины асуудлыг аль нэг улсын улстөрчидтэй бус вакцин нийлүүлэгч болон хүлээн авагч талын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэсэн байр суурийг илэрхийлжээ.

“АстраЗенека”-ийн тэргүүн Паскал Сориот тус компани нь Их Британи улсыг хамгийн түрүүнд вакцинаар хангах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулснаа зарлаж байв. Иймд Европын холбооны орнууд Их Британийг вакцины экспортын мэдээллээ нээлттэй болгохыг шаардаж байгаа юм.

Үүний хариуд Их Британийн Эрүүл мэндийн нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок “Манай засгийн газар “Oxford/AstraZeneca” вакцины эхний 100 сая тунг авах гэрээг хууль ёсоор байгуулсан гэж мэдэгдээд "Европын холбооны үйлдвэрүүдээс Их Британи руу вакцин нийлүүлэх нь тус гэрээний дагуу явагдаж буй үйл явц бөгөөд цаашид ч гэрээний заалтуудыг чанд мөрдөнө гэж найдаж байна” хэмээн мэдэгджээ.

Европын холбоо нь вакцинтай холбоотой хэд хэдэн асуудалтай тулгарч байна. Тухайлбал, тус холбооны газар нутагт байрлаж буй вакцин үйлдвэрлэгч нар экспортын хяналтанд байдаг бөгөөд борлуулалтыг хийхдээ заавал өөрийн эх орноосоо зөвшөөрөл авах ёстой байдаг. Нийлүүлэлтийн зөрчилдөөн улам эрчимжиж болзошгүй байгаа ба энэ байдлаараа үргэлжилбэл 2021 оны хоёрдугаар улиралд дэлхий даяараа вакцины хямралд орж болзошгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж