Оюутолгой уурхайд Covid-19 халдвар гарсан тул Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар өнөөдөр /2021.03.17/ танилцууллаа.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ч.БАЯРЖАРГАЛ:
-Өмнөговь аймгийн Оюутолгойн уурхайд энэ сарын 15-нд Covid-19 халдварын нэг тохиолдол батлагдсан. Тухайн тохиолдлыг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа, биеийн байдал нь дунд зэрэг гэсэн мэдээлэл бий. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 43 хүнийг тусгаарлан, PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг буюу халдваргүй гарсан. Мөн дам хавьтлуудыг тусгаарласан PCR шинжилгээг Гашуунсухайт болон Оюутолгойн лабораторид хийхэд бүх хариу сөрөг гарсан. Өчигдрийн байдлаар Оюутолгойд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлаас сэжигтэй тохиолдол илэрсэн учраас ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Мөн ээлж солилцоод 10 аймагт очсон иргэд байгаа учраас аймгуудын Онцгой комисстой мэдээлэл солилцоод тэдгээр иргэдийг тандах ажлууд хийж байна.
Даланзадгад хотод өчигдөр иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор GPS төхөөрөмжийг утсанд суурилуулсан байна. Өнөөдрөөс сэжигтэй тохиолдлуудтай холбоотой аймгийн иргэдийн утсанд дээрх төхөөрөмжийг суулгаж эхлээд байна Оюутолгойн ойрын бол дам хавьтлуудыг тодорхойлж , PCR шинжилгээ хийх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажил зохион байгуулагдаж байна.
Э.БУРАМ