Монгол орны нийт нутгаар энэ сарын 13, 14-ний өдрүүдэд салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын аюулт үзэгдэл болсон. Хүчтэй салхи шуурганы улмаас эрдэнэт хүний амь нас эрсдэж, олон мянган мал хорогдон, байшин барилга нурж, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарсны улмаас зарим аймгууд тог цахилгаангүй болоод байсан юм. Бид энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, зөвлөх инженер Э.Түвшинчулуунтай уулзаж тодрууллаа.
-Өнгөрсөн өдрүүдэд болсон хүчтэй салхины улмаас хичнээн газар цахилгаангүй болоод байна вэ?
-Нийт нутгийг хамарсан хүчтэй салхи шуурганаас шалтгаалан улсын хэмжээнд 12 аймгийн 89 сумын эрчим хүчний хангамж тасалдсан. Эдгээрийн зарим нь түр тасралт бөгөөд шуурганы дараа шугамыг хүчдэлд залгаж хэвийн болгосон. Зарим сумдын өндөр хүчдлийн тулгуурууд унасан гэмтэл гарсныг мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж хэвийн болгоод байна.
-Увс аймагт томоохон гэмтэл гарсан, цахилгааны тулгуур унаж баруун гурван аймаг цахилгаангүй болсон. Одоо хэвийн болсон гэж ойлгож болох уу?
-Хүчтэй салхи шуурганы улмаас Баруун бүсийн эрчим хүчний системийн эзэмшлийн Хандгайт-Улаангомын 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 тулгуур унаж Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид эрчим хүчээр хязгаарлагдсан. Энэ хугацаанд дээрх аймгуудын 1-р зэргийн хэрэглэгчдийг Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүчээр ханган ажилласан. Гарсан гэмтэл саатлыг богино хугацаанд арилгах талаар Эрчим хүчний яамнаас шуурхай арга хэмжээ авч, “ББЭХС” ТӨХК, “Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ний хамт олон мэргэжлийн өндөр түвшинд ажиллан үйл ажиллагааг хэвийн болгож Баруун бүсийн хэрэглэгчдийг эрчим хүчээр бүрэн хангаж байна.
-Баруун бүсийг эрчим хүчээр хангаж байгаа шугам, дамжуулах станцуудад байн байн томоохон гэмтэл гардаг. Энэ шугам нь хэзээ ашиглалтад орсон бэ?
-Өмнө нь Увс аймагт болсон хүчтэй салхи шуурганы улмаас 1998, 2008, 2018 онуудад Хандгайт-Улаангомын 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарсан, томоохон хэмжээний гэмтлүүд гарч байсан. “ББЭХС” ТӨХК-ийн эзэмшлийн ОХУ-ын Хандгайт-Улаангомын 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам нь 1995 онд ашиглалтад орсон бөгөөд ОХУ-аас импортын цахилгаан эрчим хүчийг дамжуулж баруун гурван аймгийг эрчим хүчээр хангах зориулалттай юм. Энэ шугамын зураг төслийг 1988 онд ОХУ-ын Ленинградын “Энергосетьпроект” байгууллага хийж, барилга угсралтын ажлыг Дарханд байрлаж байсан эрчим хүчний барилга угсралтын “ЛЭП Строй” гэдэг байгууллага хийсэн байдаг.
-Хүмүүс сүүлийн үед салхи гарангуут унаад байдаг шугам гэж шүүмжлээд байгаа. Үнэхээр чанаргүй баригдсан байна уу? Эсвэл тооцоо буруу хийгдэв үү? Мэргэжлийн хүний хувьд юу гэж бодож байна?
-Миний хувьд барилга угсралтын ажлын чанар, материал, хийцтэй холбоогүй байх гэж боддог. Яг ийм цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг Монгол Улсын эрчим хүчний системд ашигладаг, 50 гаруй жил ажиллаж байгаа агаарын шугамууд ч бий. Эдгээр гэмтэл нь агаарын шугамын чанараас илүүтэй, байгаль цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор гарч байгаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тухайн шугамын тооцооны механик ачааллаас давсан хөндлөн хүч буюу салхины хурд анхны тооцсон тооцооноос илүү гарсан байж болно. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа “Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт” норм дүрмээр манай улсын газар нутгийн салхины тооцооны хамгийн их хурдыг 1-4 бүсчлэлд хуваасан байдаг. Дээрх норм дүрмээс харахад Увс аймаг 2-р бүсэд хамаарагдахаар байна. Тэгэхээр 10 жилд нэг удаа тохиолдох салхины хамгийн дээд хурдыг 25 м/с-ээр тооцсон байх магадлалтай. Гэтэл бодит амьдрал дээр салхины хурд 30-34 м/с, зарим тохиолдолд түүнээс ч илүү байх тохиолдлууд байна. Тэгэхээр цаг уурын энэ онцгой нөхцлүүдийн давтамж магадлалыг тооцох шаардлагатай болж байна. Ер нь цахилгаан дамжуулах агаарын шугамын механик тооцоог хийхдээ 10 жилд нэг удаа тохиолдох салхины дээд хурд, дамжуулагчийн хөндлөн огтлол, жин, мөстөлтийн зузаан, тухайн бүс нутгийн хамгийн их болон бага, дундаж температураар тооцдог. Нэг газарт байн байн ийм гэмтэл гарч байгаа учраас тулгуур хоорондын зайг багасгах, өөр төрлийн тулгуураар солих гэх мэт арга хэмжээ авч ажиллаж байна.
-Та сая зөвхөн баруун аймгуудын агаарын дамжуулах шугамын талаар ярилаа. Ер нь бусад бүс нутагт иймэрхүү гэмтлүүд гардаг уу? Энэ талаар нарийвчилсан судалгаа байдаг уу?
– Судалгаа байлгүй яахав. Бусад бүс нутагт ч ийм тохиолдлууд гарч байсан.
Байгалийн гэнэтийн үзэгдлээс шалтгаалж 1993 онд Эрдэнэт-Улаанбаатарын 220 кВ-ын шугамын 5 тулгуур, 2001 онд Эмээлт орчимд тус шугамын 4 тулгуур, 2005 онд Цайдамын хөндийд 21 тулгуур, 2011 онд Дарханд 220 кВ, 110 кВ-ын нийт 17 тулгуур, 2013 онд Бор-Өндөр-Өндөрхааны 110 кВ-ын шугамд 14 тулгуур, 2017 онд Эрдэнэт-Булганы 110 кВ-ын шугамын 13 тулгуур, 2018 онд 110 кВ-ын Хархорины шугамын 7 тулгуур унаж байсан. Байгалийн гэнэтийн хүчтэй үзэгдлүүд тохиолдож зөвхөн эрчим хүч бус айл өрх, мал амьтан, эд хөрөнгийн их хэмжээний хохирол гарч байсан.
-Энэ гэмтлүүдийг засварлахын тулд багагүй хөрөнгө мөнгө шаарддаг нь мэдээж. Эрчим хүчний системд гарсан ийм гэмтлүүдийг засварлах, сэргээн босголтын ажил хийхэд хэр их хугацаа шаарддаг вэ?
-Нэг тулгуур унахад цаана нь олон мянган хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болох эрсдэлтэй байдаг. Эрчим хүчний салбар хүнд байсан цаг үед буюу 1998 онд Баруун бүсэд гарсан гэмтлийг дөрвөн сар гаруй хугацаанд ажиллаж хэвийн болгож байсан. Тухайн үед сэлбэг материалын нөөц байхгүй байсантай холбоотой.
2001-2011 оны хооронд гарсан томоохон гэмтлийг арилгахад тусгай зориулалтын автомашинууд хүрэлцэхгүйгээс хувийн автокрануудыг хөлсөлж ажиллуулж байсан. Хамгийн гол нь 22-43 м өндөртэй тулгууруудыг уулын бартаатай нөхцөлд угсарч босгоно гэдэг цэвэр мэргэжлийн ур чадвар шаардсан ажил байдаг. Эрчим хүчний компаниудыг 2012 оноос тусгай зориулалтын машин механизмаар хангах ажлуудыг эрчимтэй хийсэн. Үүний үр дүнд гэмтэл саатлыг богино хугацаанд засварлаж байна. Мөн манай инженер техникийн ажилтнуудын ур чадвар ч бас сайжирсан. Өмнө нь баруун бүст томоохон хэмжээний гэмтэл саатал гарахад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Багануураас мэргэжлийн хүмүүс очиж хамтын хүчээр сэргээн босголтын ажлыг хийдэг байсан бол сүүлийн үед “ББЭХС” ТӨХК-ийн хамт олон өөрсдийн хүчээр гэмтэл саатлыг арилгаж байгаа.
-Дарханд шугамын мөстлөг болж, агаарын шугамууд хугарч унаж байсан гэж сонссон?
-Монгол Улсын хувьд агаарын чийгшил харьцангуй бага мужид байдаг учраас дамжуулагч утасны мөстлөгийн зузааныг 5 мм-ээр тооцдог. Одоогоос 10 жилийн өмнө Дарханд агаарын шугамын томоохон гэмтэл гарсан. Энэ үед утасны мөстлөгийн зузаан 50 мм хүрсэн. Үүнийг онцгой нөхцөл гэж үздэг юм билээ. Манай улсад ийм тохиолдол урьд нь гарч байгаагүйг мэргэжлийн хүмүүс, ахмадууд ярьж байсан.
-Хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангахын тулд цаашид юуг анхаарах ёстой вэ. Та мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой байна вэ?
-Сүүлийн үед ганц манай улс ч биш дэлхий даяар байгаль цаг уурын нөхцөл байдал огцом өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид одоо мөрдөгдөж байгаа стандарт норм дүрэмд шаардлагатай шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй. Эрчим хүчний салбарын хувьд цахилгаан дамжуулах агаарын шугамын ашиглалтын түвшинг улам сайжруулах, эргүүл үзлэгийг тогтмол хийж илэрсэн зөрчлийг цаг тухайд нь арилгах, шугамын хөндлөвчүүдийн холбоосыг чангалах, зэврэлтээс хамгаалах, будах гэх мэт ажлуудыг хугацаанд нь чанартай хийж байх хэрэгтэй. Сая гарсан томоохон гэмтэл саатлын үед Дөргөний усан цахилгаан станц хүчин чадал нь бага ч гэсэн үүргээ маш сайн биелүүлж ажиллаа. Баруун бүсийн цахилгаан хангамжийг найдваржуулахад Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг яаралтай барьж ашиглалтад оруулах нь чухал юм.
Н.ХҮСЛЭН