“Хөл хорио тогтоох талаар эрт зарлахаар иргэд гараад явчихдаг”

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

“Хөл хорио тогтоох талаар эрт зарлахаар иргэд гараад явчихдаг”

“Хөл хорио тогтоох талаар эрт зарлахаар иргэд гараад явчихдаг”

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр /2021.03.17/ 06.00 цагаас эхлэн гуравдугаар сарын 21-ний 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэм тогтоосон. Энэ асуудлаар тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх мэдээлэл хийлээ.  


Тэрбээр “Эрүүл мэндийн байгууллагууд тухайн хороон дээр дүн шинжилгээ хийж, иргэдээс яаралтай PCR шинжилгээ авах болсон учраас хэсэгчилсэн хөл хорио тогтоох захирамжаа гаргасан. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд тандалт судалгааны баг ажиллаж байна. Өнөөдөр болж өгвөл иргэдийнхээ 80 хувийг шинжилгээнд хамруулна. Маргааш иргэдээс шинжилгээгээ 100 хувь авах төлөвлөгөөтэй байна. Иргэдийн шинжилгээг авчихаад 50-65 насны иргэдээ вакцинжуулалтад хамруулна. Энэ ажлын дараа хороог тэр чигт нь ариутгаж, халдваргүйжүүлнэ.

 Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны орон сууцны хороололд халдвар голомтолж гарч байна.  Энэ хороо бол дүүргийн хэмжээнд хамгийн том 31 мянган хүн амтай. Бид одоогийн байдлаар 18-аас дээш насны 16 мянга гаруй иргэдээс PCR шинжилгээг авахаар төлөвлөсөн. Дархлаажуулалтад 50-65 насны 2800 гаруй иргэдийг хамруулна. Мөн 97 мянга гаруй м/кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Нийтдээ 180 гаруй байр, 270 гаруй орцонд халдваргүйжүүлэлт хийнэ.

Улсын Онцгой комиссын 20 дугаар тушаалд аль болох хөл хорио тогтоохоос татгалзаж байгаа. Шаардлагатай тохиолдолд хороо, байр, орцоор нь 24 цагаас дээш хөл хорио тогтоох бол мэргэжлийн байгууллагын ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн дүүргийн Засаг даргын захирамж гаргах ёстой. Захирамж гарсны дараа тухайн хороон дээр хөл хорио тогтоож байна. Иргэд мэргэжлийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэж үзээрэй. Өглөө иргэд нэлээд бухимдаж хүлээж авлаа” гэв.

Мөн тэрбээр “Өмнө нь хэд хэдэн удаагийн PCR шинжилгээг зохион байгуулж байсан ч хөл хорио тогтоох талаар эрт зарлахаар гараад явчихдаг. Тийм учраас хөл хорио үр дүнгүй болдог. Тиймээс бид энэ удаа орой мэдээлэл хийсэн. Өглөө бүх өрхөд санамж тарааж, зарлан мэдээлсэн. Шинжилгээг явуулын баг явж, орц орцоор нь авна. Бид нийт 16 мянга гаруй иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргасан. Хэрэв айлын хаалга нүдээд нээхгүй бол тэмдэглэгээ хийнэ. Ахмад настны дархлаажуулалтыг нөгөөдрөөс хоёр цэг дээр хийнэ. Баянзүрх дүүргийн 133 дугаар сургууль, дүүргийн өрхийн эмнэлэг болон хороон дээр нэг цэг гаргаж иргэдээ дархлаажуулна.

Бидний зарлан мэдээлэх үйл ажиллагаа 07.30-09.00 цаг хүртэл үргэлжилсэн. Тав хоногийн өмнө 26 дугаар хорооны Засаг дарга ажлаа өгсөн. Хороо Засаг даргагүй байгаа. Дүүргийн удирдлагын зүгээс ажлаа өгөх хүсэлтийг нь хүлээж аваагүй учраас үүрэгт ажлаа хийж болно. Түр штаб байгуулж, иргэдтэй холбогдоод төрийн ажил хэвийн үргэлжилж байна. Тухайн хороонд эмийн сан, хүнсний дэлгүүр, түгээх гэх мэт бүх үйлчилгээ нээлттэй. Иргэд шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авч болно. Бүх үйл ажиллагаа хэвийн байна" гэв.

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж