Бээжинг энэ сарын 15-нд нөмөрсөн шороон шуурганаас болж агаарын чанар нь доройтсонд бэлэн байдал зарлаж, сүүлийн 10 жилд тохиосон хамгийн хүнд шороон шуурга боллоо хэмээн мэдээлсэн билээ. Шороон шуурга маргааш нь Солонгосын хойгт хүрч, Сөүл 11 байршилд шар түвшний бэлэн байдал зарласан юм. Шороон шуурганаас болж гэрээсээ гарч чадалгүй “хоригдсон” зарим солонгосчууд Хятадыг буруутгасан нь Бээжингийн өндөр албан тушаалтнуудыг “эмзэглүүлсэн” бололтой.
Тухайлбал, Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижен өчигдөр/2021.3.16/ “Байгаль орчин, уур амьсгалын асуудалд улсын хил хамаагүй. Хиймэл дагуулын зургаас харахад шуурга Хятадын хилийн гадна эхэлсэн. Монголчууд ч шороон шуурганы тухай олон мэдээлсэн. Хятад бол ердөө шуурганд өртсөн газруудын нэг. Тиймээс Монголын шар шорооны төлөө Хятад ямар ч хариуцлага хүлээх албагүй. Хятад бол олон улстай хамтран байгаль орчноо хамгаалах, цэвэр, цэмцгэр дэлхийг бүтээлцэхийн төлөө хичээнгүйлэн ажилладаг орон” хэмээн ярьжээ.
Мөн Хятадын цаг уурын товчооны үндэсний уур амьсгалын төвийн дарга Сун Лианчун өнөөдөр/2021.3.17/ “Хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад шар шороо Монголоос хийсч ирсэн нь ойлгомжтой байна. Тиймээс шороон шуурганд Хятад улс буруугүй. Бид ч гэсэн мөн адил хохирогч” хэмээн ярьжээ.
Тэрбээр шороон шуурга босоход Монголын газар дээрх агаарын хэм өндөр, хур тундас бага, зүүн чиглэлтэй хүчтэй салхи салхилдаг гэх мэт хүчин зүйлс хамгийн ихээр нөлөөлсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийн дулаарал Монголын байгалийн гамшгуудыг улам ноцтой асуудал болгож байна хэмээн мэдээлж, Монголын газар нутгийн 70 хувь нь цөлжиж байгааг онцолжээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ