Спикерийн үг ба сонгууль угтсан улс төр

Хуучирсан мэдээ: 2021.03.17-нд нийтлэгдсэн

Спикерийн үг ба сонгууль угтсан улс төр

Спикерийн үг ба сонгууль угтсан улс төр

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр ч дагаад өрнөх нь ээ. Хаврын чуулганаар юу хэлэлцэх, ямар хууль батлах, эх баригчид ямар асуудалд фокуслах вэ гэдэг спикерийн үгнээс тодорхойлогддог.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ хаврын чуулганыг эрх зүйн хувьсгал хийх, товчхондоо ардчилал, хүний эрхийн чуулган байна гэж зарласан.

Намрын чуулганы завсарлагааны хугацаанд өрнөсөн хууль, шүүхийн байгууллагуудтай холбоотой дуулианыг Шүүхийн тухай багц хуулийн өмнөтгөл хэмээн ярилцаж эхэлсэн нь учиртай. Шүүгч нар нь авлига авдаг, хэрэг наймаалцдаг, ял төлөвлөдөг зэрэг олон нийтийн дургуйцлийг хүргэсэн үйл явдлууд Шүүхийн тухай багц хууль хэрэгжихэд, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон шүүгч нарт хариуцлага тооцох, үндсэндээ шүүхийг цэвэрлэх нэг арга хэлбэр шиг харагдаж байгаа нь худал биш. Нөгөө талдаа шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл буурсан, шүүгч нар авлигын асуудалд холбогдох нь шударга бус ч үүнийгээ хэтийдүүлэн эрх ашгаа гүйцэлдүүлэх хэрэгсэл болгочих вий гэсэн болгоомжлол ч бий.

Үүнтэй зэрэгцэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээгийн бичлэгийг олон нийтэд ил болгосон нь ч эцэстээ шүүхийн шинэчлэлтэй шууд хамааралтай. УИХ-ын дарга “Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг зөрчин эрүүдэн шүүдэг, хууль бусаар чагнаж тагнадаг, мөрдөж мөшгөдөг гэсэн шүүмжлэл, түүнийг батлах эх сурвалж ил болж, түүнд хууль, хүчний байгууллага, албан тушаалтнууд нэр холбогдож, асуудал нь шийдэгдэхгүй удааширч байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Түүний нэг жишээ бол иргэн Т.Чимгээд холбогдох өмнө илэрсэн, шинээр илэрч буй нөхцөл байдал юм. Энэ асуудлыг эцэслэн нэг мөр шийдэх, шаардлагатай бол шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх нь эрх зүйт төрийн үүрэг мөн. Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх учиргүй. Хэрвээ хүн хилсээр хэлмэгдэж байвал төрийн эрх барих дээд байгууллагын хараа хяналтаас гадуур байх учиргүй” хэмээн хэлсэн нь ч учиртай.

Мөн тэрбээр “Шүүх засаглалын нэр хүндийг шавартай хутгаж байгаа аливаа үйлдэлтэй эвлэрч хэрхэвч таарахгүй. Шинэ хуулийн агуулга үзэл санаа, зүйл заалтыг ягштал мөрдөж, хатуу хариуцлага тооцох ёстой” гэсэн нь ч тодорхой агуулгатай. Эрх баригч нам, олонхийн бүлгийн энэ хаврын гол улс төр бол шүүх байгууллагыг цэвэрлэх. Гэхдээ нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчих вий. Бүх шүүгч нар авлига авсан, шүүх шударга бус ажилладаг гэдгийг цөөн тооны “аймшигтай” жишээн дээр үндэслээд өөрсдийнхөө эрх ашгийг гүйцээх вий гэсэн болгоомжлол ч хуулийн салбарынхан дунд гарчээ.

УИХ-ын даргын хэлсэнчлэн Шүүхийн хуулийн хэрэгжилт, томилгоо, шүүх засаглалын уялдаа холбоо, хүний эрх зөрчихгүй байх, иргэний халдашгүй эрхийг хангах, эрүү шүүлт тулгах, хуулиас гадуур эрхэнд нь халдахгүй үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, хангах чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь Т.Чимгээгийн бичлэгтэй холбоотойгоор үүсч буй нөхцөл гэж ойлгож болохоор. Хамгийн их анхаарал татаж байгаа нь энэ ажлын хэсгүүдээс гадна УИХ холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ажлыг яаравчлах гэнэ. Тодруулбал,

УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр Үндсэн хууль болон Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн үзэл санааг тууштай хамгаалах зорилгоор хүний эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хуулийн байгууллагууд хэрэг илрүүлэх, мөрдөх, шалгах явцдаа иргэний эрхийг зөрчихгүй байх, ийм үйлдэлд ногдуулах ялын бодлогыг чангатгах чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох тодорхой саналыг ойрын үед бэлтгэж УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийг үүрэг чиглэл болгосон явдал.

Энэ нь өөрөө Т.Чимгээгийн бичлэг олон нийтэд задлах шалтгааныг тодотгов уу эсвэл УИХ нэг л хүний баримт дээр тулгуурлаж, хуульд өөрчлөлт оруулах гэж байна уу гэх хардлага төрүүлж буй. Т.Чимгээгийн бичлэг задарсан нь зорилготой, зохион байгуулалттай. Гэхдээ ийм  асуудалд Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллага нь өөрөө гар бие оролцох, онцгойлон хууль эрх зүйн өөрчлөлт хийнэ гэдэг нь хэр зохимжтой вэ. Эсвэл хоригдож буй бүх эмэгтэйчүүд, бүх ял эдэлж байгаа хүмүүс ийм эрүү шүүлт, хууль бус аргаар хэргээ хүлээчихсэн үү.

Хаврын чуулган нээхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, М.Мөнхцэцэг нарын шинэ гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг Т.Чимгээгийн бичлэгийн асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлт гаргасан явдал. С.Зориг агсны амь насыг хохироосон ял эдэлж буй хүмүүстэй холбоотой нийтийн сонсгол хийх асуудал өмнөх парламентын үед ч яригдаж байсан. Гэхдээ ажил хэрэг болоогүй үлдсэн. Өмгөөлөгч Н.Баасанцогттой холбоотой асуудлаар ч хэсэг УИХ-ын гишүүд хуулийн байгууллагад хандаж байгаагаа мэдэгдсэн. Энэ мэтчилэн УИХ ажилдаа орчихлоо.

Гэхдээ олон эргэлзээ дагуулсан, батлагдаж нотлогдоогүй асуудалд УИХ-ын дарга нь хаврын чуулганыг нээсэн үгэндээ хэлсэн нь анхаарал татаж байна. Харин цаашид ажлын хэсгүүд хэрхэн ажиллах, УИХ хүний эрхээ хамгаалсан ямар хуульд өөрчлөлт оруулах бол гэсэн том хүлээлт үүсгэчихлээ. Ядаж 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон үед бүр ч их хүлээлт үүсэх нь ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж