Covid-19: 130 хүнээс халдвар илэрч, 9 халдварын эх уурхай тодорхойгүй байна | News.MN

Covid-19: 130 хүнээс халдвар илэрч, 9 халдварын эх уурхай тодорхойгүй байна

COVID-19

Covid-19: 130 хүнээс халдвар илэрч, 9 халдварын эх уурхай тодорхойгүй байна

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, March 16, 2021

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-тэй холбоотой өнөөдрийн /2021.3.17/ мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:

-Сүүлийн 24 цагт 16 лабораторид нийт 16800 шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр Covid-19 халдварын 130 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын батлагдсан тохиолдол 4340 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 48 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарлаа. Ингэснээр 3130 хүн буюу 72 хувь нь эдгэрээд байна. Шинээр илэрсэн 130 хүний 129 нь дотоодын халдвар юм. Одоогоор дотоодын халдвар 3807 болж байна. Шинээр бүртгэгдсэн халдвар бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлын 120 нь ойрын хавьтал бол есөн хүний халдварын эх уурхайг тогтоох ажил хийгдэж байна.

Халдварыг хаанаас авсан нь тодорхойгүй иргэд нь Баянзүрх дүүргийн дөрөв, тавдугаар хороо, Баянгол дүүргийн долдугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Хан-Уул дүүргийн тав, ес, 21 дүгээр хороонд амьдардаг.

Өнөөдрийн байдлаар нийт 1133 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1030, хүндэвтэр 92, хүнд найм, маш хүнд гурван хүн байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Улаанбаатар хот бүхэлдээ халдварын голомт ч хэд хэдэн дүүрэгт халдвар өндөр эрсдэлтэй байна. Үүнд Чингэлтэй дүүргийн зургаа, 13, 14 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн зургаа, ес, 10, 11, 15 дугаар хороо, Баянзүрх дүүргийн найм, 14, 16, 18, 25, 26, 28 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15, 16, 21 дүгээр хороо, Баянгол дүүргийн дөрөв, тав, зургаа, 25 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн тав, зургаа, 18, 35 дугаар хорооны нутаг дэвсгэр багтаж байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Улаанбаатар хотод вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж, нийт 139636 хүнд вакцины эхний тунг хийгээд байна. Одоогоор 45 цэгт 95 багийн 671 эмч мэргэжилтэн ажиллаж байна. Эдгээр хүмүүст вакцины дараах хүнд урвал бүртгэгдээгүй, вакцины дараах хэвийн урвал гарч байна. Энэ долоо хоногоос 50-64 насны иргэдийг вакцинд хамруулна. Дархлаажуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

 Халдварын талаас илүү хувь нь шинж тэмдэггүй хүнээр дамжин халдварлаж байна

Мэдээллийн дараа сэтгүүлчдээс ирүүлсэн асуултад хариулт өглөө.

Covid-19-ийн эсрэг вакциныг хүн амын хэдэн хувьд нь хийгээд байна вэ. Мөн жирэмсэн болсноо мэдэлгүй  вакцин хийлгэсэн бол яах вэ?

-О.Дашпагма: Халдварын нөхцөл байдалтай уялдуулан эмч, эмнэлгийн ажилтныг вакцинд хамруулж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын  73 хувийг вакцинд хамруулсан. Халдварын голомтод ажиллаж байгаа, тусгаарлагдсан эмч нарыг үргэлжлүүлэн вакцинжуулна. Жирэмсэн байхдаа вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа ч жирэмснээ мэдэлгүй хийлгэсэн бол урагт, ээжид нөлөөлнө гэсэн зүйл нь батлагдаагүй. Тиймээс эмчтэйгээ сайн зөвлөх хэрэгтэй.

-АстраЗенека вакцин дууссан. Эхний тунгаа хийлгэсэн хүн өөр вакцин хийлгэх үү?

-Вакцины эхний тунг хийлгэсэн хүний хоёр дахь тунг нөөцөлсөн байгаа. Эхний тунтай адил вакциныг хоёр дахь тунд хэрэглэнэ.

-Вакцин хийлгэсэн ч шинжилгээ өгч, тусгаарлагдах  уу, Вакцин хийлгэснээс хэд хоногийн дараа шинжилгээ өгөх вэ?

-Вакцин хийлгэсэн хүн шинжилгээ өгч болно. Вакцинаас болж хариу эерэг гарна гэсэн ойлголт байхгүй. Хэзээ шинжилгээ өгөхийг тархвар судлаач тогтооно.  Нэгдүгээр тунг хийлгэснээр халдвараас бүрэн сэргийлж байна гэсэн үг биш. Тиймээс ойрын хавьтал болсон бол тусгаарлагдана.

-Халдвар авсан гадаадын иргэнийг хэрхэн эмчилж байна вэ?

-Э.Тэмүүлэн: Гадаадын иргэн халдвараар өвчилсөн тохиолдлууд бий. Эдгээр тохиолдлыг монгол иргэдийг эмчилж байгаатай адил эмчилгээ хийж байгаа.

-Вакцин хийлгэсэн хүнд паспорт олгож байгаа юу. Мөн вакцины ханган нийлүүлэлт ямар байна вэ?

-О.Дашпагма: Вакцинд хамрагдсан хүнийг цахим бүртгэлд бүртгээд Emongolia-д энэ талаарх мэдээллийг оруулж байгаа. Мэдээллээ иргэн хэвлэж авах боломжтой. Вакцины ханган нийлүүлэлт төлөвлөгөөний дагуу явж байгаа. Ковакс хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 25-нд дараагийн вакциныг хүлээж авна.

-Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүнийг гэрээр эмчлэхээр болсон. Хяналтыг яаж явуулах вэ. Мөн одоогоор орны ачаалал хэр байгаа вэ?

Б.Буянжаргал (ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлогын хэрэгжилтийн газрын дарга):

-Сүүлийн өдрүүдэд өдөрт 100-гаас дээш тохиолдол бүртгэгдэж байгаатай холбоотойгоор ажиллах хүчний нөөц, орны нөөцөд дахин төлөвлөлт хийх шаардлага тулгарсан. Энэ хүрээнд гэрээр эмчлэх төлөвлөгөөг баталсан. Өнөөдрөөс хөнгөн хэлбэрийн  өвчтөнг гэрээр эмчилнэ. Нийт халдварын 80-90 хувь нь хөнгөн хэлбэртэй байна. Гэрээр эмчлэхийн тулд гэрийн орчны үнэлгээний хуудас, зөвшөөрлийн хуудас, өөрийгөө хянах хуудсыг бэлдсэн. Хөнгөн хэлбэр бүрийг гэрээр эмчлэхгүй. Гэртээ олуулаа, настай хүнтэй болон  бага насны хүүхэдтэй бол гэрээр эмчлэх боломжгүй. Гэрээр эмчлэгдэж байгаа хүнийг өдөрт хоёр удаа зайнаас хянана. Хүндэрсэн тохиолдолд эмнэлзүйн баг очиж дахин үнэлгээ хийнэ. Шаардлагатай бол эмнэлэгт хэвтүүлнэ.

Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн эмнэлэгт халдварын үед ашиглах ор бэлдсэн ч одоогоор ашиглаагүй байгаа. Ашигласнаар үндсэн тусламж үйлчилгээнд асуудал гарахгүй.

-ХӨСҮТ-ийн ачаалал хэр байгаа вэ?

Э.Тэмүүлэн: Одоогоор ХӨСҮТ-д 247 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөний хоёр нь нэн хүнд, тав нь хүндэвтэр байгаа. Орны ачаалал их байна. Гэсэн ч хүндэрсэн хүнийг хүлээж авах эрчимт эмчилгээний төхөөрөмжөөр тоноглогдсон орнууд бэлэн байгаа.

-Хөвсгөлд батлагдсан халдварын талаар мэдээлэл өгөхгүй юу. Мөн ХӨСҮТ-ийн ажилтан шинжилгээний бичгийг хуурамчаар үйлддэг нь үнэн үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хөвсгөлийн Цэцэрлэг суманд зургаан сэжигтэй тохиолдол илэрсэн. Энэ хүрээнд 143 хүнийг ойрын хавьтал гэж үзээд, шинжилгээ авсан. Сорьцыг баталгаажуулахаар ажиллаж байгаа. Хоёр дахь асуудал маш ноцтой. Одоогоор судалж байна. Энэ үйлдэл нотлогдвол байгууллагын дотоод журмын дагуу арга хэмжээ авна.

-Нийслэлийн хоёр хороог яагаад хатуу хөл хорионд оруулсан бэ. Хатуу хөл хорионд орсон иргэд хоол хүнсээ хэрхэн цуглуулах вэ?

Б.Ууганбаяр: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороог хэсэгчлэн хаасан. Дүүргийн онцгой комиссоос зохицуулалт хийж байгаа. Дүүргийн онцгой комиссоос дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

-Шинж тэмдэггүй хүн халдвар тараах эрсдэл хэр байна вэ?

-Э.Тэмүүлэн: Шинэ короновирусыг дэлхий дахин судалж байна. Мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэж байна. Халдвар өргөн тархаж байгаа шалтгаан нь ямар ч шинж тэмдэггүй хүнээр дамжин халдварлаж байгаатай холбоотой. Судалгаанаас харахад нийт халдварын талаас илүү хувь нь шинж тэмдэггүй хүнээр дамжин халдварлаж байна. Тиймээс шинж тэмдэг илрэхгүй байна гээд маск зүүхгүй, халдвар хамгааллын дэглэмийг сулруулах зэрэг нь халдварын эрсдэлийг нэмнэ.

-Халдвар авсан хүний хэдэн хувь нь амны хаалтгүй байсан бэ?

-Халдвараас сэргийлэх аль ч арга 100 хувь үр дүнтэй биш. Нэг удаагийн маск халдварыг 40 хувиар, үүн дээр даавуун маск давхарлан зүүснээр 80 хувиар халдварын эрсдэлийг бууруулж байна гэсэн судалгаа байна.

-Хаяг андуурч, өөр хүн тусгаарласан гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Батлагдсан тохиолдлын үед мэргэжилтнүүд нарийвчилсан асуумж асуудаг. Тусгаарлах ажлыг Шуурхай хариу арга хэмжээний баг гүйцэтгэдэг. Энэ явцад хаяг андуурах тохиолдол гарч болно. Харин буруу хүнийг тусгаарлах тохиолдол маш бага. Хэрэв энэ талаарх нотолгоо байвал бидэнд ирүүлж болно.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж