Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын зургаан иргэний PCR шинжилгээний эцсийн хариу эерэг гарч, батлагджээ. Мөн нэг хүн нэмж халдвар авснаар нийт тохиолдол долоо болж, батлагдсан гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Халдвар авсан иргэд бүгд Цэцэрлэг суманд тусгаарлалтад орсон тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлж, эмчлэх юм байна.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга “Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэдэг жолооч Цэцэрлэг суманд оршин суудаг. Тухайн иргэн гуравдугаар сарын 9-нд PCR шинжилгээ өгч, сөрөг гараад Завхан аймгийн Согоот сумаар дамжин Цэцэрлэгт суманд ирсэн. Халдварын эх уурхайг тогтоож, ойрын хавьтлын хүмүүсийн эцсийн хариу өнөөдөр /2021.03.17/ эерэг гарч, батлагдлаа. Бид хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Аймгийн Онцгой комисс хоёр удаа хуралдсан. Хуралдаанаар гуравдугаар сарын 20-ныг хүртэл бүсчилсэн хөл хориог тогтоож, Цэцэрлэг суманд тэг зогсолт хийсэн. Тус суманд ойрын хавьтал болох 300 хүнийг тогтоож, тандалтыг хийж байна” гэлээ.
Хөвсгөлд ойрын хавьтал 6 хүний шинжилгээний хариу эерэг гарчээ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд бүртгэгдсэн Covid-19-ийн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал зургаан хүний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Шинжилгээг Хөвсгөл аймагт анх удаа хийж байгаа тул хариуг баталгаажуулахаар Орхон аймгийн бүсийн оношилгооны төвд өчигдөр хүргүүлсэн байна. Эцсийн хариу нь өнөөдөр /2021.03.17/ гарах талаар Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Хөвсгөл аймгийн шуурхай Штабын дарга М.Хуягбаатар мэдээлэхдээ “Зургаан хоногийн өмнө Улаанбаатар хотоос Завханы Согоотын чиглэлээр Цэцэрлэг суманд орж ирсэн хүнс тээврийн автомашины жолоочоос зургаа дахь хоногт нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Түүний ойрын хавьтал болох гэр бүлийн хоёр хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад авахад хариу нь эерэг гарсан” гэсэн юм.
Мөн тус аймгийн Мөрөн, Цэцэрлэг сумын бүх шатны сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-18-ны өдрийн 06.00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ.
А.СҮРЭН