Нийгэмд хамгийн их шүүмжлэл дагуулдаг нийтийн тээврийн салбарт анхаарах цаг нь боллоо. Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй. Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.
Жишээ татвал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд Хан-Уул дүүрэг, 19-ийн автобусны буудлын орчимд автобус шатсан. “Жи бус” ХХК-ийн Зайсан-Ганхийц чиглэлд үйлчилгээнд явж байсан автобусны хөдөлгүүр шатсанаас гал гарсан юм. Үүнээс хойш ердөө гурван сарын дараа буюу энэ сарын 13-нд дахин автобус шатсан. Тодруулбал, “Тэнүүн огоо” ХХК-ийн Шархад-Хороолол чиглэлийн автобус нь Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Мөнгөнзавьяагийн автобусны буудалд шатсан. Золоор хүний амь эрсдээгүй учраас асуудал олны анхаарлаас гарсан гэхэд болно. Энэ мэтчлэн жилд 2-3 автобус шатдаг ч парк шинэчлэлийг ойрын хугацаанд далайцтай хийх боломж алга. Ямартай ч ирэх таван жилд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийнэ гэх төлөвлөгөө бол гарчээ.
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нийслэлд бид санхүүгийн нөөц бололцоо бий болгож, үүгээрээ нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийнэ. Хоёр давхар автобус, дан автобус оруулж ирье, дизелийг нь шинэчилье. Ийм зохицуулалтаар 500-600 автобус авахаар судлах чиглэл өгчихсөн байгаа. 20 жилийн хугацаатай, 1.75, 2.25 хувийн хүүтэй санхүүгийн эх үүсвэр бидэнд хэрэгтэй" гэсэн тайлбар хийгээд буй нь өнгөрсөн хугацаанд хэрэгжээгүй олон гоё нэртэй төсөл шиг замхрах вий гэдэг болгоомжлол төрүүлж байгаа юм.
Нийтийн тээвэрт хамгийн сүүлд 2019 онд угсраа, эко, дунд багтаамжийн 70 шинэ автобусаар парк шинэчлэлт хийсэн бол үүнээс өмнө 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 автобусаар парк шинэчлэл хийж байсан ч эдүгээ ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 98 чиглэлд 950 орчим автобус үйлчилгээнд явж байгаагаас 450 гаруйнх нь ашиглалтын хугацаа өнгөрсөн онд дууссан аж.
Монгол Улс ихэвчлэн БНСУ-аас автобус импортолдог байна. Ингэхдээ тухайн улсдаа 4-5 жил үйлчилгээнд явсан автобусыг худалдан авч байсан нь эвдрэл гэмтэл ихээр гарах цаашлаад ашиглалтын хугацаа нь дуусангуут шатдаг байж болзошгүй гэдэг асуудал ч хөндөгддөг. Тэгэхээр томоохон хэмжээний шинэчлэл энэ салбарт хийх шаардлага тулгараад байгаа юм.
Хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн өнгө төрхөнд анхаарч цахилгаан автобус, хоёр давхар автобусыг /туршилтаар/ үйлчилгээнд гаргасан. Гэвч хаанаа ч хүрэлцэхгүй байгаа. Мөн дүүжин тээвэр, метро, LRT гэх төсөл цаасан дээр л амилснаас цаашгүй байна. Парк шинэчлэлт далайцтай хийх боломжгүй шалтгаанаа хотын удирдлага хөрөнгө мөнгөгүйгээс болж байна гэдэг. Гэтэл хотын захиргаа барихад шаардагдах хөрөнгийг сунжруулалгүй шийдсэн байх жишээтэй.
Уг нь нийтийн тээвэрт парк шинэчлэлтийг хийж, дээрх гоё төслүүдийг хэрэгжүүлж чадвал түгжрэлийг бууруулах боломж ч байгаа юм.
Иргэдийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн 54 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээ сайжирвал хувийн машинаас татгалзаж, автобусаар зорчих сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, түгжрэлийг бууруулахад иргэдийг “автомашинаасаа татгалз, дугуй уна, автобусаар яв” гэж уриалахаас илүүтэй парк шинэчлэлт хийх шаардлагатай нь харагдаж буй.
Иргэдийн дунд явуулсан судалгаанд оролцогчдын ярилцлагаас жишээ татвал,
- Зарим автобус шатаж байгаа юм шиг хар утаа хаядаг. Цагдаа нар иргэний машиныг хар утаа хаяж байна гэж зогсоодог атал автобустай бол ямар ч хариуцлага тооцохгүй хөдөлгөөнд оруулдаг. Автобус болон автомашинаас гарч буй байгаа хий агаарыг их бохирдуулдаг юм билээ. Би зун нэг хэсэг унадаг дугуйгаар ажилдаа явахдаа замын хажуугаар их явдаг байсан. Тэр үед маш их мэдрэгдсэн. Бүр толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байсан
- Гадаад орнуудынх шиг нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу явдаггүй. Манай нийтийн тээврийн хооорондын зай 10 минут гэж яригддаг боловч тийм юм байхгүй. Түгжрэл нь нөлөөлдөг байх.
- Оюутан байх хугацаандаа нийтийн тээврээр зорчдог байсан. Дөрвөн жилийн хугацаанд байнга хичээлээсээ хоцорч, багш нартаа загнуулдаг байсан. Өглөө эрт гараад ямар ч үр дүнгүй. Нийтийн тээвэр цагдаа ирдэггүй. Найман цагт ирэх ёстой автобус 8.30 гэж ирдэг. Багшийн дээд рүү очих гэж маш их түгжирдэг.
- Зарим газраас дамжиж суух шаардлага гардаг. Автобус дамжихаар цаг хугацаа их алддаг. Автобус хоорондын зай 10 минутдаа л багтаж байвал маш сайн байна. Удаан хүлээлгэдгээс олуулаа чихцэлдэж зорчих болдог. Хөл гишгэх зайгүй болтлоо чихэлдэнэ. Заримдаа багтахгүй үлдэнэ.
- Хэт огцом тоормослохоор хүн унаж гэмтэх зэрэг жолоочийн буруутай үйлдэл их байдаг. Үүнийг жолооч тоодоггүй. Бүгд мөнгөө төлөөд зорчиж байгаа юм чинь цэвэрхэн автобусаар зорчмоор байна.
Нийслэлийнхний өмнө хамгийн тулгамдсан асуудал нь түгжрэл, нийтийн тээвэр иргэдийн хүссэн үйлчилгээг үзүүлж чаддаггүй болохыг дээрх жишээнээс харж болохоор. Түгжрэлд өдөрт 2.5 цаг дунджаар зарцуулдаг ба бид амьдралынхаа турш 4.4 жилийг зам дээр өнгөрүүлж байна. Түгжрэлийн шалтгаан нь хот төлөвлөлт, өдрөөс өдөрт нэмэгдэж буй автомашины тоо, зогсоолын хүрэлцээгүй байдалтай холбоотой. Гэхдээ энэ бүх шалтгааны 37 хувийг нийтийн тээврийн хүртээмж тав тух, сонголт муу буюу нийтийн тээврийн хөгжил муу байдал эзэлж байгаа нь судалгааны дүн харуулжээ. Судалгаагаар иргэдийн олонх нь түгжрэлээс болж гэр бүлдээ зарцуулах цагаа алдаж бас бусдын цагийг ч үрдэг тухай шүүмжилжээ. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хамгийн их чухалчилдаг үзүүлэлт болох автобусны цэвэрлэгээ муу, аюулгүй байдал, тав тухтай зорчих боломжгүй байгааг ч илэрхийлжээ.
Судалгааны дүнгээр нийтийн тээврээр зорчиход дараах хүндрэл гарч байна.
Одоогийн байдлаар нийслэлд төрийн өмчит гурав, хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж том оврын автобусны үйлчилгээ эрхэлж байна. Нийтийн тээвэрт цахим үйлчилгээ нэвтэрсэн ч иргэд сэтгэл дундуур байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамжийн үнэлгээг авч үзвэл,
Б.ЦЭЦЭГ