Сүүлийн хэдэн өдрийн дотор “Oxford/AstraZeneca”-ийн боловсруулсан Сovid-19-ийн эсрэг вакциныг баруун Европын бараг бүх улс орнууд тодорхойгүй хугацаагаар хориглолоо. Франц, Испани, Герман, Итали болон бусад арав гаруй улс орон энэ вакцин цусны бүлэгнэл үүсгэж байж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс уг вакциныг ашиглахаа түр зогсоосон юм.
Европын эмийн агентлаг уг вакциныг нэгдүгээр сарын сүүлээр бүртгэн авсанаас хойш Европын холбооны улсуудад хэд хэдэн зөрчилдөөнтэй асуудлууд гарсан. Тухайлбал, зарим улс оронд “AstraZeneca” компани улс орнуудад амласан тунгаа нийлүүлж чадахгүй болсноос маргаан үүсч, зарим улс оронд ахмад настнуудад энэ вакциныг хийхийг хориглож, зарим нь вакциныг өөр тив рүү тээвэрлэх явцад нь зогсоож байв. Харин одоо цусны бүлэгнэл үүсгэж байна гэх мэдээлэл гарч, ихэнх улсууд уг вакциныг ашиглахаа зогсоогоод байгааг зарим шинжээчид улстөржилт өрнөөд байна гэж дүгнэж байна.
Вакцины гаж нөлөө Сovid-19-ийн аюул заналаас бага
Цөөн хэдэн улс энэ вакциныг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа ба үүнд 11 сая гаруй тунг аль хэдийн тарьсан Нэгдсэн Вант улс багтаж байна. Тус улс нь “AstraZeneca”-ийн вакциныг үргэлжлүүлэн хийгээд зогсохгүй уг вакцин нь халдварыг бууруулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоо багасч байгаа хэмээн мэдэгдэж байгаа юм.
Судлаач мэргэжилтнүүдийн үзэж буйгаар цусны бүлэгнэл үүсэх эрсдэл нь вакцин хийлгэхгүй Сovid-19 тусах эрсдэлээс харьцангуй бага бөгөөд цусны бүлэгнэл нь ихэвчлэн өндөр настай, ужиг суурь өвчтэй хүмүүст үүсэх магадлалтайг анхааруулж байна. Вакциныг хийлгэхгүй хорьсоноор харин ч илүү эрсдэлийг дагуулах буюу вакцины гаж нөлөө нь Сovid-19-ийн нийт хүн амд учруулах эрсдэлээс хамаагүй бага тул үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Мэргэжлийн байгууллагууд юу хэлэв?
ДЭМБ өөрсдийн бүртгэн авсан вакциныг аюулгүй, төгс вакцин хэмээн мэдэгдсээр байгаа. Цусны бүлэгнэл илэрсэн ч энэ нь вакцинаас болсон гэх нотолгоо олдоогүй, вакцины хийлгэсэн нийт хүмүүсийн тоотой харьцуулахад маш цөөн тохиолдол илэрсэн нь энгийн үзэгдэл гэсэн утгатай тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, Европ даяар нийт таван сая гаруй хүн уг вакциныг хийлгэснээс 30 орчим хүнд цусны бүлэгнэл үүссэн нь аюултай түвшнээс бага буюу нийт хүн амын дунд түгээмэл тохиолддог өвчлөл гэж үзэж байгаа юм. Мөн “AstraZeneca” компанийн зүгээс ч тайлбар хийж, энэхүү вакциныг хийлгэсэн 17 сая хүний эрүүл мэндийн байдлыг судлахад цусны бүлэгнэлт үүсэх эрсдэл нэмэгдсэн гэх байдал ажиглагдаагүй хэмээн мэдэгдэв. Харин АНУ-ын эрүүл мэндийн зохицуулагч байгууллага энэ вакциныг илүү аюулгүй болсон хойно бүртгэн авна гэдгээ илэрхийлсэн байна. Европын эмийн агентлаг (EMA) дээрх вакцинтай холбоотой мэдээллийг мөрдөн шалгаж байгаа ба маргааш буюу Пүрэв гаригт /2021.03.18/ дүгнэлтээ танилцуулах юм. Франц, Герман тэргүүтэй улс орнууд тус байгууллагын дүгнэлтэд үндэслэн цаашид уг вакциныг үргэлжлүүлэн ард иргэдээ дархлаажуулах эсэхээ шийднэ гэв.
“AstraZeneca” вакцины талаар
Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компани, Оксфордын их сургуультай хамтран гаргаж авсан вакцин дэлхийд хамгийн өргөнөөр хэрэглэгдэж буй вакцинуудын нэг юм. Энэхүү вакцин нь ДЭМБ-аас албан ёсны зөвшөөрөл авсан хоёр дахь вакцин бөгөөд ДЭМБ-аас санаачилсан вакциныг дэлхий даяар тэгш хуваарилах “Covax” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт тараагдсан. Бусад вакциныг бодвол “AstraZeneca” вакцины нэг тунг хийх боломжтой. Энэ тохиолдолд Сovid-19 өвчнөөс 60 гаруй хувьтай хамгаалдаг нь нотлогдсон. Мөн үнийн хувьд харьцангуй хямд, ердийн хөргөгчний температурт хадгалах боломжтойгоороо давуу талтай.
Энэхүү вакциныг Өмнөд Солонгосын “SK Bioscience” компани “AZD1222” нэрээр, Энэтхэгийн “Serum” институци “Covishield” нэрээр үйлдвэрлэж байгаа. Өмнөд Солонгосын “SK Bioscience” компанид үйлдвэрлэгдэж буй “AZD1222”вакциныг Австрали, Өмнөд Солонгос, Испани, Нидерланд, Норвеги, Их Британи тэргүүтэй 48 улс бүртгэн авсан бөгөөд Их Британи, Энэтхэг, Япон зэрэг 13 улсад 18 удаагийн туршилт, судалгаа явуулжээ. Харин Энэтхэгт үйлдвэрлэгдэж буй "Covishield" вакцины хувьд Өмнөд Африк, Нигер, Афганистан, Бангладеш, Энэтхэг зэрэг 11 улсад бүртгэгдсэн байна. Оксфордын их сургуулийн эрдэмтэд уг вакцины клиникийн туршилтын гуравдугаар үе шатны завсрын үр дүнг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд танилцуулсан.
Туршилтад хамрагдсан оролцогчдод вакцины нэг болон бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршжээ. Эхний нэг тун тариулсан хүмүүст 90 хувийн дархлаа тогтсон бол хоёр бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршихад 62 хувийн үр дүнд хүрсэн нь дэлхий нийтийг эргэлзээнд оруулсан.
Харин 2021 оны хоёрдугаар сарын 3-нд танилцуулсан клиникийн туршилтын гуравдугаар үе шатны судалгаанд хийсэн дүн шинжилгээний үр дүнгээр вакцины эхний тунг тариулсны дараа вирусийн эсрэг 76 хувийн үр дүн үзүүлсэн бол хоёр дахь тунг хийсний дараа дээрх үр дүнгээ хадгалж байгааг тогтоосон. Мөн хоёр тунгийн тарилгыг 12 долоо хоног болон түүнээс дээш зайтай хийсэн тохиолдолд вирусийн эсрэг 82 хувь хүртэл үр дүн үзүүлжээ.
Холбоотой мэдээ