Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн танил, өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой дөрөв дэх “бөмбөг” өнөөдөр (2021.03.16) тэсэрсэн нь шүүгч нарын данс руу мөнгө шилжсэн баримт болов.
Монголын өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлагч нэгдлээс “цацсан” энэхүү нийтлэлд бичсэнээр өмгөөлөгч Б.Баасанцогт 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэлх хугацаанд таван шүүгч, зургаан шүүхийн ажилтан 11 хүнд 47.2 сая төгрөг шилжүүлжээ. Гэвч энэ бол шүүгч нар луу “илгээсэн” авлигын зах нь гэж тодотгосон байгаа юм.
Өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Эрүүгийн хэргийн шүүгч Д.Отгонбаатар, АТГ-ын ажилтан комиссар П.Чулуунбаатар (чөлөөлөгдсөн) нарын лифтний бичлэг задарч, дуулиан тарихад Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нараа өмгөөлсөн бол энэ удаад дээрх 11 хүнээс таван шүүгчид мэдэгдэл хүргүүлж, шалгуулахыг шаарджээ, зөв. Шүүгч нартай холбоотой авлигын хэрэг сөхөгдөж байхад толгойг нь илэх ёсгүй.
Шүүх засаглал хэнээс ч хараат бусаар ажиллах ёстой. Гэтэл шүүгч өмгөөлөгчөөс мөнгө шилжүүлэн авсан нь баттай бол шүүгч ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл ирэхийг хүлээж суулгүй, өргөдлөө өгөөд, ажлаасаа чөлөөлөгдөх ёстой юм. Хуулийн байгууллага ч шалгаж, үнэн мөнийг мухарлах шаардлагатай.
Учир нь, Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой хэрэг төлөвлөдөг, шүүгч, прокуроруудыг нэг дор цуглуулж уулзалт зохион байгуулдаг зэрэг мэдээллүүд цацагдсан нь шүүгчийн хувьд ёс зүйд нь нийцэхгүй асуудал юм.
Хоёрдугаарт, тэрбээр шүүхийнхэнтэй холбогдсон энэхүү сүлжээгээрээ дамжуулан хэрэг төлөвлөөд гүйцэтгэдэг байж болзошгүй схем компьютерээс нь олдсон тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөндсөн нь илүү ноцтой болж таарч байгаа.
Монголд сүүлийн үед бичлэг их задардаг болсон. Энэ нь тодорхой цикльтэй буюу УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль болох цаг хугацааг угтаад задардаг гэж хэлж болно. Хамгийн гол нь хуулийн байгууллагын хийсэн бичлэг үү, хувь хүмүүсийн хийсэн бичлэг үү гэдгийг шалгаж, тогтоодоггүй тул тухайн үедээ дуулиан дэгдээгээд л өнгөрдөг. Нэг үгээр хэлбэл, бичлэгийг гэмт хэрэг илрүүлэх гэхээсээ нийгэмд дуулиан шуугиан тарьж, нэгээр нөгөөг нь намнах арга хэрэгсэл болгон хувиргадаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Иймээс өмгөөлөгч Б.Баасанцогттой нэр холбогдоод буй шүүгч нартай холбоотой асуудал нь шүүх засаглалд бугшсан буруу бүхнийг засахад чиглэх учиртай.
Нөгөө талдаа УИХ Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан цаг мөчөөс хойш шүүгч нартай холбоотой ноцтой баримт шил дараалан олон нийтэд ил болж эхэлсэн нь болгоомжлол ихээр төрүүлэх боллоо. Тодруулж хэлбэл, энэ оны гуравдугаар сарын 1-нээс Шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр шат, шатны шүүгч нарыг сонгох сонгон шалгаруулалт зарлагдсан нь ирэх жилүүдэд аль бүлэглэл, фракц хүчтэй байхыг шийдэх “уралдаан” өрнөж байна уу гэж хэлж болохуйц байгаа юм.
Тэр дундаа Шүүхийн тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэн нэрийн дор өөрсдийн хүнээ тохоон томилох зорилгоор бусдыг хэрэгт холбогдолгүй байхад нь холбож, буруу ташаа дуулиан дэгдээж буй бол Монголд шударга ёс тогтохгүй.
Харин ч хуулиар дамжуулж, хийсэн хэргээ хаацайлуулах, эрх мэдлээ зузаатгах шударга бус үйл ажиллагааг шүүх засаглал дээр явуулж байна гэж тодорхойлж болно. Энэ тохиолдолд Монгол Улс шүүхийн хараат бус байдлаар дэлхийн 140 улсаас 120-д жагссан байрнаасаа мөддөө урагшлахгүй, харин ч хойшлох эрсдэлтэй гэсэн үг.
Монгол Улсад өнөөдөр 500 гаруй шүүгч ажилладаг гэсэн статистик мэдээлэл бий. Тэдэн дунд шударга шүүгч олон байгаа. Иймээс шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэлийг сэргээхэд авлигын хэрэгт холбогдоод буй шүүгч нар өөрсдийгөө хуулийн байгууллагаар шалгуулж, буруугүй бол түүнийгээ нотлох явдал юм. Харин буруутай бол эртхэн зайгаа тавьж өгөөд, Монголын шүүх засаглалд танилын сүлжээ ялдаг бус хууль ялдаг болох шударга тогтолцоо хэрэгжих орон зайг бий болгох шаардлага байна.
Өмгөөлөгч Б.Баасанцогтоос 47.2 сая төгрөг шилжүүлэн авсан гэх дуулианд нэр холбогдоод буй шүүгч нарын нэрс:
- Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Мөнхбаяр,
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа,
- Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг,
- Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар,
- Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Г.Зулаа,
- Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан З.Ууганзаяа,
- Улсын дээд шүүхэд ажиллаж байсан Т.Батдорж,
- Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Э.Дарханцэцэг,
- Улсын дээд шүүхийн ажилтан Н.Мөнхтулга,
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Г.Галдандагва нар юм.
Тэдний тав нь шүүгч бол дөрөв нь шүүхийн ажилтан, хоёр нь шүүхэд ажиллаж байсан.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ