Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр гуравдугаар сарын 9-нд УИХ-д саналаа хүргүүлсэн. Уг саналыг хуулийн хугацаанд нь багтаан маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ долоо хоногийн VS буландаа эл асуудлыг хөндсөн эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. Эдийн засгийг сэргээх, малчин ард иргэдийн амьдралыг сайжруулахад чухал үүрэгтэй, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдүүлэх Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийг АНУ-ын хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй. Тухайлбал, АНУ-ын 116 дугаар Конгресст хуулийн төслийг хариуцаж байсан холбогдох Байнгын хороодын дарга нартай Элчин сайд нэг ч уулзалт хийгээгүй нь уг ажлыг эс үйлдлээр гацаасан, бодит үр дүнд хүргэхийн оронд аргацаасан гэж үзэж байна.
Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улстөржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 106.1-т “Ерөнхийлөгч гадаад улсад суух Элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалт бий. Энэ дагуу өнгөрсөн баасан гаригт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн.
Элчин сайд Ё.Отгонбаярыг Элчин сайдаас нь эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж байнгын хорооны гишүүдийн олонх үзсэн. Байнгын хорооны санал дүгнэлтийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Холбоотой мэдээ