Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн дарга А.Гансүх, өмгөөлөгч Б.Баасанцогт нарын асуудлаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийж, тэдэнтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч шалгахыг шаардан, ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Ч.Ундрам, Б.Баярсайхан нар ажиллах юм байна.
Уг асуудлаар тэд өнөөдөр (2021.03.16) мэдээлэл хийлээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:
-ҮАБЗ нь УИХ-ын баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан ажлаа явуулдаг. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга бол Төрийн албаны тухай хуулиар төрийн тусгай албан хаагчид хамаардаг. ҮАБЗ-ийн ажлын алба нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаардаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ҮАБЗ-ийн ажлын албаны нэр бүхий ажилчид Монгол Улсын хилээр нэвтэрч буцахдаа их хэмжээний мөнгө авчирсан тухай мэдээлэл гарсан. Үүнийг бид ил тод болгох шаардлагатай гэж үзэж байна. ҮАБЗ-ийн ажлын албаныхан төрийн захиргааны алба хаагчид. Тэдэнд дипломат эрх ямба байгаа эсэх, энэ хүмүүс тусгай чиг үүрэг гүйцэтгэх эрхтэй эсэх, хилээр их хэмжээний мөнгө оруулж ирсэн эсэхийг хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой. ҮАБЗ-ийн үндсэн чиг үүргээ биелүүлж байна уу, эсвэл Үндэсний аюулгүй байдалд хортой нөхцөл байдал үүссэн эсэхийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна.
Хоёрдугаарт, Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой мэдээллүүд гарч байгаа. Хэрэв түүнтэй холбоотой бүхэн үнэн бол бид шударга шүүхтэй байна гэж ярихад утгагүй. Үүнийг хуулийн байгууллагууд шалгах ёстой. Хүн бүхэн хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь Үндсэн хуулиар олгогдсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны үндсэн зарчим нь ч энэ. Үүнийгээ биелүүлж чадаж байна уу гэдгийг эргэн харах цаг болжээ. Шударга шүүхийн тогтолцоо бий болгохын тулд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Хонгилын системийг нураах гэж бид үүнийг хийсэн. Ард түмэн ч энэ талаар ил ярьдаг.
Хонгилын шүүгчдээс гадна шударгаар ажиллаж байгаа шүүгчид ч бий. Зарим нь ардаа захиалгатай, эзэнтэй хонгилынхон өнөөдөр амь бөхтэй оршиж байна. Өөрөөр хэлбэл хонгилын шүүх нураагүй байна гэсэн үг. Үүнийг нураахгүй юм бол шүүх, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байна гэдэг талаар ярихад хэцүү болно. "Ардчиллын баянбүрд" гэгдэх манай улсад хүнийг эрүүдэн шүүж, ял тулгаж, хэлмэгдүүлж болохгүй. Аливаа асуудлыг хуулийн өмнө эрх, тэгш шийдэх ёстой гэсэн Үндсэн хуулийн зарчим хэрэгжиж байгаа эсэхийг шалгах ёстой. Хууль хяналтын байгууллага аливаа асуудлыг шалгахдаа өргөдөл, гомдлоор, мөн мэдээллээр шалгадаг. Шүүгчтэй холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай гарч байхад хуулийн байгууллага шалгахгүй, таг дуугүй байна. Тиймээс бид уг асуудлыг шалгахыг шаардаж, Цагдаагийн ерөнхий газар, АТГ, ТЕГ-т албан бичиг хүргүүлнэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ:
-Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой, хэрэг төлөвлөдөг, шүүгч прокуроруудыг нэг дор цуглуулж, тусгай найр наадам, уулзалт зохион байгуулдаг зэрэг мэдээллүүд цацагдсаар байна. Энэ бол шүүгчийн ёс зүйд нийцэхгүй асуудал. Хоёрдугаарт, энэ хүмүүс хамтраад ямарваа нэгэн хэрэг төлөвлөөд гүйцэтгэдэг гэдэг нь харагдаж байна. Энэ талаар Ерөнхий сайд болон ХЗДХ-ийн сайд мэдээлэл хийсэн. Ариг банктай холбоотой асуудал бас бий. Хүний өмчийг дээрэмддэг асуудал байна. Хувь хүн өөрийн өмчөө хууль хяналтын байгууллагад дээрэмдүүлнэ гэдэг өнөөдрийн ардчилсан нийгэмд байж болохгүй асуудал. Хувийн өмчийг дээрэмдээд байвал яаж Монголд хөрөнгө оруулагчид орж ирэх юм бэ. Хэн бидэнд итгэж, манай эдийн засаг хэрхэн сэргэх юм бэ.
Хонгилыг нураах гэж Шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулсан. Гэтэл энэ хонгил нэг эзнээс нөгөө рүү шилжиж, улам бүр бэхжихийг тэвчиж болохгүй. Олон нийтийн сүлжээгээр ийм ноцтой мэдээлэл цацагдаад байхад яагаад Цагдаагийн байгууллага, АТГ дуугарахгүй байна вэ. Хэрэг нээсэн эсэх талаар олон нийтэд яагаад мэдээлэхгүй байна вэ. Энэ тал дээр бид анхаарч ажиллана.
Холбоотой мэдээ