Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү, тус улсын нөлөө бүхий албан тушаалтнуудын нэг Ким Ё Жон АНУ-ын эрх баригчдад хандан хатуухан үг дайжээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Жо Байден Хойд Солонгостой холбоотой бодлогоо тодорхойлох гэж буй. Мөн удахгүй АНУ болон Өмнөд Солонгос улсууд хамтарсан цэргийн сургуулилалт хийх гэж байгаа зэрэгт Хойд Солонгосын эрх баригчид шүүмжлэлтэй хандаж байна.
Ким Ё Жон “Родонг Синмун” сонинд “Далайн чанадаас манай нутагт дарийн утаа үнэртүүлэх гэж бэлтгэж байгаа АНУ-ын шинэ засаг захиргаанд зөвлөгөө өгмөөр байна. Хэрэв ирэх дөрвөн жил тайван унтаж амрахыг хүсч байгаа бол эхний алхмуудаа зөв хийгээрэй. Өмнөдийн Засгийн газар дахиад л гуравдугаар сарыг дайны сар болгох сонголт хийлээ. Энэ бол Хойд Солонгосыг эзлэн түрэмгийлэх бэлтгэл” хэмээн ярьсан байна.
Энэ долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Ллойд Остин нарын албаны хүмүүс Өмнөд Солонгос, Японд айлчлал хийх юм. Уг айлчлалын үеэр хэлэлцэх хамгийн их анхаарал татсан асуудал нь Хойд Солонгосын асуудал байх болно гэж шинжээчид үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд Хойд Солонгостой холбоотой бодлогоо удахгүй зарлахаар бэлтгэж байгаа аж. Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр тэрбээр Ким Жон Уныг "дээрэмчин" гэж нэрлээд, "Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ ухрахгүй бол АНУ болон НҮБ хоригоо зөөлрүүлэхгүй" хэмээн мэдэгдэж байв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ