Коронаг ялах боломжийг хэлээд өгөхсөн

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Коронаг ялах боломжийг хэлээд өгөхсөн

Драмын театрт Ковид илэрчээ. Халдвар авсан хүний тоо 54, хавьтлын тоо 1000 давсан тухай мэргэжлийн хүмүүс мэдээлж байна. Бөхийн өргөөний суудал дүүрэн, дуучид үзэгчидтэйгээ хамтдаа дуулан цэнгэж байхад "Баянгол" зочид буудалд одонгийн найр хавтгайрч, бүжиг танц, халуун тэврэлт, нойтон үнсэлт үргэлжлэв гэнэ. МАН-ын байрнаас улбаатай халдвар нь Драмын театрт шилжин тархсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хөвөрсөөр байна. Хатуу хөл хориог сулруулаад хоёр долоо хоног өнгөрөөгүй байхад коронагийн халдвар өвсөнд тавьсан түймэр мэт дэгдлээ.

“Нэг хаалга-нэг шинжилгээ” юу болов?

Одоогоос жил гаруйн өмнө буюу 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газар шинэ коронавирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдалд” шилжүүлэх арга хэмжээ авснаар монголчуудын хөл хорионы амьдрал эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш Засгийн газар гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг “Өндөржүүлсэн бэлэн байдлаас” “Бүх нийтийн бэлэн байдалд” шилжүүлэх зэргээр тухайн үеийн байдлаас хамаарч арга хэмжээ авсаар ирэв.

“Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг ард иргэд Шинэ коронавирусын эсрэг тэмцэлд нэгдэж байна хэмээн ухамсарлан, итгэл зүтгэл гаргасан. Элгэмсэг хандаж, айл өрх бүр гэр бүлийн төлөөллөө шинжилгээнд хамруулсан. Ажил, арга хэмжээ амжилттай өндөрлөсөн.

Гэвч… шийдвэр гаргагчид иргэдэд ковидын эсрэг авах халдвар хамгааллын  дүрэм журмыг зөрчиж болох боломжийг олгосноор “Туулын мөсийг долоох шахам” байж гүйцэлдүүлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний үр дүн нь салхинд хийсэх хамхуул лугаа адил замхарлаа. Хайран гэж халаглах ч багадна. Театр үзвэр, баар цэнгээний газар, гоо сайханы үйлчилгээг яаран нээсэн. Магадгүй, Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарын хол, ойрын лобби байсныг үгүйсгэхгүй. Бушуу туулай борвиндоо баастай гэх үг биеллээ олж алдарт “Анна Каренина” жүжиг “коронинагаар” төгссөн нь эмгэнэлтэй. Урлаг соёлоор цангасан эгэл жирийн иргэдийн буруу гэж үүнд үгүй билээ. Ийм боломж, бололцоог олгосон УОК болон шийдвэр гаргагчид хариуцлага хүлээх ёстой.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд УОК-оос авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний үр дүнгийн талаар Үндэсний Аудитын газрын тайланд:

  • Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг хууль, журмын дагуу үндэслэлтэй төлөвлөж, хэрэгжүүлээгүй.
  • “Нэг хаалга–нэг шинжилгээ” арга хэмжээний шийдвэр, хөрөнгө санхүүжилтийн мэдээлэл, олон нийтэд ил тод байдлыг бүрэн хангаагүй байна;
  • “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулах ерөнхий төлөвлөгөөтэй нийслэл, дүүргийн онцгой комиссын төлөвлөгөөг уялдуулан төлөвлөөгүй.
  • Улсын болон Нийслэлийн онцгой комиссын удирдлага зохион байгуулалт хангалтгүйгээс дүүргийн онцгой комисс шинжилгээ авах үйл ажиллагааг бодит тооцоо судалгаанд үндэслэхгүйгээр төлөвлөж хэрэгжүүлсэн байна гэж дүгнэжээ.

Үндэсний Аудитын газрын дүгнэлт нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг олигтой зохион байгуулж чадаагүйг илтгэж байна. УОК нь Үндэсний Аудитын газрын гаргасан дүгнэлтийн талаар ус балгасан юм шиг чимээгүй сууна. Хийсэн ажлаа дүгнэж, алдаа оноогоо шүүн тунгаах нь дараа дараагийн ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд ач тусаа өгдөг жамтай. Харамсалтай нь УОК-оос “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний талаарх тайлан, дүгнэлтээ өнөөдрийг хүртэл гаргаагүй байгаа нь хачирхалтай.

Засгийн газрын 45 дугаар тогтоолоор Гамшгийн үеийн бэлэн байдлын гурван зэрэглэл, дөрвөн түвшнийг НОГООН, ШАР, УЛБАР ШАР, УЛААН өнгөөр тодруулан баталсан байдаг. Тэгвэл 3 дугаар сарын 13-ны өдрийн УОК-ын хуралдаанаар улбар шар буюу гуравдугаар түвшинд, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж болох 14 салбарыг зарласан байна. Энэ салбарт үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/, чийрэгжүүлэх бялдаржуулах /нийт хүчин чадлын 30 хувиас их/ төвийг багтаасан нь Шадар сайд С. Амарсайханы Зайсан Хиллс дахь эзэмшил газрын кино театр, бялдаржуулах үйлчилгээний байгууламжид таатай боломж олдож буй мэт харагдаж байгааг дашрамд дурьдсу.

Эрх баригчид хөл хориог сулруулж, урлагийн арга хэмжээг хараа хяналтгүй орхисон нь санаандгүй хэрэг биш болов уу. МАН-ын 100 жилийн ойд зориулсан урлаг соёлын арга хэмжээг “амжуулаад авах” гэсэн далд санаа агуулсан нь өнөөдөр тодорхой болж байна. Энэ талаар хэвлэлүүд ч амаа үдүүлсэн мэт таг чиг. Тэр ч бүү хэл сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ч ганц үг ган хийсэнгүй. Сонгууль дөхсөн үед ийм бэлээхэн сэдвийг шүүрч авч шуугиулж баймаарсан.

Гайхал коронавирус аймаг, сум дамнан тархаж эхэллээ. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол гурван орон тоо тооноос буухгүй байна. 26 сая хүн амтай Токио хотод өдөртөө халдварын 100-200 гаруй тохиолдол бүртгэгдэж байхад 1,5 сая хүн оршин суудаг Улаанбаатар хотод өдөрт 100 давсан халдварын тохиолдол илэрч байгааг аюултай нөхцөл бүрдсэн гэж үзэхээс өөр яах билээ.Төд удалгүй дахин хөл хорионы байдалд шилжих нь тодорхой болоод байна.

УОК-ын албатуудад дайх үг

Монгол улс дотооддоо халдвар дэгдээгүй арван сарын хугацаанд ковидтой тэмцэх бэлтгэл ажлыг хангасангүй. УОК-оос АЙДАС менежментийг хэрэгжүүлж, ард түмнийг арван сар “дарамтлав”. ЭМЯ болон төрийн холбогдох байгууллагуудын хамтран явуулдаг 11 цагийн мэдээлэл нь иргэдийн тархийг угаах шилдэг технологи болохыг утгаар нь харуулав. Эрхтэн дархтанууд үг сөрж, үнэнийг өгүүлэх нэгнээ  дэлгэцийн цаанаас сүрдүүлэн загнаж, “орон гэртээ амгалан суу, хариуцлагыг бид үүрнэ” хэмээн ойворголон аашилсаар арван сарыг ардаа орхив. Бүтэн жил шахам гэртээ хоригдсоны үр дүн нь гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтууралт, гэмт хэрэг үүрлэх үүр уурхайг бүрдүүлсэн нь нууц биш.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад коронавирусийн халдвар авсан 3961 тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээрийн 3001 тохиолдол нь эдгэрч, эмнэлэгээс гарсан тухай өнөө 11 цагийн мэдээллээр хэлж байна. Ямар эмчилгээг, хэрхэн хэрэглэж өвчлөлийг яаж эдгээсэн талаар өчүүхэн ч сураг үгүй, нууц!  Албаны эх сурвалж нь нэг хүнийг эмчлэхэд 8 сая төгрөг зарцуулдаг тухай ам алдсан байдаг. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага эм, эмчилгээг нууцлалаас гаргаж, иргэдийн өвчлөлөөс айх, ичих сэтгэл зүйг дэмжихэд туслахыг ЭМЯ-наас хичээнгүйлэн хүсье.

Монгол Улсын Засгийн газар нь дотооддоо халдваргүй байсан хирнээ арван сарын турш хаах, бас дахин хаах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Хил гаалийг урт удаан хугацаагаар хааж, Монгол Улсыг гадаад ертөнцөөс тасалсан. Үр дүнд нь 130 мянган аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үйл ажиллагааны хаалгаа барьж, ядуусын эгнээнд шилжив. Гадаадад гацсан 60 мянга орчим монгол хүн эх орондоо ирэх эрхээ хасуулж, өлсгөлөн гуйранчлалыг амсаж, дарга ямбатнуудын гэр бүл, ойрын хүмүүс нь гэртээ саадгүй морилж, иргэд ялгаварлан гадуурхалтын горыг хүртэж байна.

Коронавирус дотоодод тархах нь цаг хугацааны асуудал байлаа. Эрт орой хэзээ нэгэн цагт монголчууд үүнтэй нүүр тулах байсан. 2020 оны 11 дүгээр сард дотоодод анхны халдвар бүртгэгдлээ. Дотоодын халдвар бүртгэгдсэний дараахан буюу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг зарлав. Ингэж Монгол улс коронатой тэмцэх сорилтын өмнө бодитой зогсох болсон. Тэр болтол эрх баригчид 10 сарын турш  хоосон сүржигнэж, “барилдахаасаа таахалзах”-ыг үзүүлсээр ирсэн юм.

УОК-ын хариуцлагагүй ажиллагаа, алдаанаас болж монгол иргэн халдварын тохиолдлоор бүртгэгдсэн. Уг халдвар нь Дархан, Сэлэнгэ зэрэг орон нутгаар тэлж, цочирдсон ард түмэн жинхэнэ утгаараа хөл хорионд оров. Дархан аймагт “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгуулж, халдварыг хумьж чадсан. Нийслэл хотод аль өнгөрсөн оны сүүлээр “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг ул суурьтай, сайтар зохион байгуулсан бол өнөөдөр бид короно вирусээс салсан байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш дөрвөн удаа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ. Эдгээрээс 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх 12 хоногийн хөл хорио нь хамгийн үр дүнтэй байж болох хөл хорио нь байв. Гэвч дээр өгүүлсэнчлэн хөл хорионы хугацаа хэт богино байсан нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг үр өгөөжгүй, үнэгүйдүүлэх шалтгаан болсон юм. Тиймээс өдгөө түймэр мэт дүрэлзэн асч, газар авч байгаа коронавирусын халдварын тархалтыг зогсоох цорын ганц арга нь “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээ гэж онцлон тэмдэглэж байна.

Цаг алдалгүй, нэн яаралтай 21 хоногийн хөл хорио тогтоож, “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг хэрэгжүүлбэл, Гамшгийн үеийн бэлэн байдлын Ногоон түвшинд хүрч, өдөрт халдварын тохиолдол 10-20 хүртэл буурах боломж бүрдэнэ. Чингэвээс, коронатой тэмцэх тэмцэл үр өгөөжөө өгч, коронаг ялах болно. Монгол улсын Засгийн газар, УОК болон  холбогдох байгууллага, эрх мэдэлтнүүдэд мэргэн ухаандаа тунгаан үзэхийг уриалж байна.

Монгол улсын Засгийн газар, УОК, НОК зэрэг холбдогдох байгууллагуудын ковидтой тэмцэж буй арга ажиллагаа хуудуутай байна. Бас хоорондоо уялдаа холбооогүй байна. Бодлого шийдвэрүүд нь харалган байна. Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийн бодлого гэж томоохон хөтөлбөр төлөвлөгөө батлан гаргаж, сүржин даржин байна. Үнэндээ эдийн засгийг аврах хамгийн том арга бол коронагүй болох явдал юм. Коронагүй болчихвол хүн ард аялж зугаалж, дэлгүүр хоршоогоор айдасгүй явж, ресторан зоогийн газар сэжиггүйгээр хооллож, үзвэр үйлчилгээний газраар чөлөөтэй үйлчлүүлэх зэргээр эрх чөлөөтэй зорчих болно. Хүмүүсийн дэргэд корона оршиж буй тул тэд болгоомжилж, нийгмийн харилцаанаас бэргэж байна. Тиймээс коронаг зайлуулах нь нэн чухал болой.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгат /2020.03.15./  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж