ТББХ: Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

ТББХ: Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр (2021.03.16) хийж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 11 цаг 15 минутад эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн даргалан хуралдуулав. Байнгын хорооны 19 гишүүнээс 8 гишүүн хуралдааны танхимд хүрэлцэн ирж, 5 гишүүн цахимаар оролцсон юм.

Ж.Мөнхбатыг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцэв. Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн.

Иймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байннгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, нэр дэвшигч Ж.Мөнхбат гишүүн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын үүрэгт ажлыг сайн хийж, олон чухал шийдвэр гаргуулсан учраас цаашид энэ ажлаа үргэлжлүүлмээр байна гээд Улсын Их Хуралд олон удаа сонгогдсон туршлагатай, тулхтай гишүүний хувьд Н.Энхболдыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх санал гаргав. Гэвч Н.Энхболд гишүүн нэрээ татаж, намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг аравдугаар сард зохион байгуулна

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг хэлэлцэж, энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоол, 2021 оны 07 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг товлон зарласны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж буйг тус хорооны дарга танилцуулгадаа дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байхаар дээрх тогтоолд заасан. Гэхдээ сонгуулийг зохион байгуулах эрх зүйн орчны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдах юм.

Иймээс Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр сонгуулийг зохион байгуулж явуулах зарим үйл ажиллагааны хувьд эрх зүйн орчны болон цаг хугацааны хувьд харилцан адилгүй зохицуулалттай байгаагаас шалтгаалж зохион байгуулалтын талаар үүсэж болзошгүй хүндрэл болон бусад эрсдэлийг тооцоолж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын 2020 оны 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хурлын даргад албан бичгээр ирүүлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийхээр заасан бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар сонгогч саналаа өгснийг илэрхийлэх аливаа тэмдэг, тэмдэглэгээ хийхийг хориглосон. Мөн Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, нөхөн сонгуулийн нэрийн жагсаалт үйлдэх эрх зүйн зохицуулалт нь цаг хугацааны хувьд адилгүй, тус тусдаа онцлог зохицуулалттай. Үүнээс үүдэж Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт хамаарах хэсгийн хороод тус бүрт сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж болон түүнийг хариуцаж ажиллуулах итгэмжлэгдсэн ажилтны тоо хоёр дахин нэмэгдэхээр байгаа аж.

Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны хугацаа, хяналтын тооллого хийх хуулийн зохицуулалт өөр өөр байгаа, мөн сонгогчийн саналын хуудаст тавигдах шаардлагаас үүдэж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн болон Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн саналын хуудсыг тус тусад нь хэвлэх шаардлага үүсээд байна.

Эрх зүйн эдгээр зохицуулалт болон нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Их Хурлын 28 дугаар тойрогт ажиллах сонгуулийн нийт 59 хэсгийн хороонд тухайн хэсгийн сонгогчийн тооноос хамаарч хэсэгт тус бүрт Ерөнхийлөгчийн сонгуулийн болон Улсын Их Хурлын нөхөн саналын хуудсыг унших санал тоолох төхөөрөмжийг нэмж гаргах шаардлагатай болж буйг Сонгуулийн ерөнхий дарга хэллээ.

Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг хуралдаан даргалагч Д.Тогтохсүрэн гишүүдэд танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг “Монгол Улсын Их Хурлын 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоосугай” гэж өөрчлөхөөр тогтооллын төсөлд тусгажээ.

Уг тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Энхболд нар асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Ингээд тогтоолын төслийг дэмжих санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 11 нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг тогтоолын төслийн хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж