Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг буцаав

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг буцаав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.16/ хуралдаан 10 цаг 10 минутад  ирц бүрдсэнээр эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх болон “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагч нь буцаан татлаа

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд гишүүдэд товч танилцуулга хийхдээ эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх зорилготойг онцолсон юм.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, С.Чинзориг, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн асуултад Ажлын хэсэгт хүрэлцэн ирсэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар хариулт өглөө.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Бейсен, С.Одонтуяа, С.Ганбаатар, С.Чинзориг, М.Оюунчимэг нар үг хэлэн байр сууриа илэрхийлэв. Гишүүд төсөл санаачлагч нь хуулийн төслийг буцаан татаж аваад, нэмж судлан, дахин боловсруулж, оруулж ирэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгийн явцад салбарын сайд хуулийн төслийг буцаан татаад, сайжруулж оруулж ирье гэдэг саналыг гаргасан юм.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг төсөл санаачлагч нь буцаан татлаа

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай байв. Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд гишүүдэд товч танилцуулга хийхдээ эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх зорилготойг онцоллоо.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил горимын санал гаргалаа. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаан татсантайгаа адилхан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бас татаж аваад, Засгийн газраар хэлэлцүүлж оруулж ирэх шаардлагатай. Зарчмын хувьд зайлшгүй өөрчлөх асуудлууд байна гэсэн горимын санал гаргасныг үг хэлсэн гишүүд дэмжив. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Б.Бейсен, С.Ганбаатар, С.Чинзориг байр сууриа илэрхийлэхдээ тухайлбал, С.Одонтуяа гишүүн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн бол С.Чинзориг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хэрхэн хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэхэд чиглэсэн төсөл болгох талаар байр сууриа илэрхийллээ.

Ингээд хэлэлцүүлгийн аль ч шатанд төсөл санаачлагч нь төслөө татаж авч болох хуулийн зохицуулалтын дагуу төслийг татан авч буй саналаа салбарын сайд гаргасан юм.

“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлууллаа

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр байсан ч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд зарим хүмүүсийг нэр дэвшүүлсэн талаарх албан ёсны бичиг нь ирээгүй учир хэлэлцэхийг хойшлуулснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж