"Сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

"Сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх шаардлагатай"

"Сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх шаардлагатай"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2021.03.16)-ийн хуралдаанаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг сонгох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон учраас түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс дэвшүүлсэн юм.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ) нь Үндсэн хуулийг хамгаалах байгууллагын хувьд хуулийн хэрэгжилтийг анхаарч ажиллах хэрэгтэй. Гагцхүү Үндсэн хуулиа л барьж ажиллаарай. Хууль батлаад, дараа нь амьдралд хэрэгжүүлэхэд Байнгын хорооны даргын үүрэг өндөр шүү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар дэл сул яриа гардаг. Тухайлбал, төрийн хуучин сүлдийг сэргээх тухай яриа гарсан. Үүнтэй би эвлэрэхгүй.Үндсэн хуулиараа оролдоно гэдэг улс орноо тонгочуулах үндсийг тавих аюултай учраас маш олон талаас нь асуудалд хандах хэрэгтэй. Улс төрийн өнцгөөс бүгд ханддаг шүү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 10 жил бэлдсэн учраас сайн хийгдсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах ажил бидний хувьд дуусаагүй. Олон хууль хүлээгдэж байна. Улс төрийн намын тухай хууль хүлээгдэж байна. Энэ бол таны хамгийн гол, эхний даалгавар. Мөн Нэгжийн тухай хууль байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнийг та анхаараарай. Үндсэн хуулиас гажвал төрийн байгууллагыг тогтворгүй болгох, цаашлаад нам дотор улс төрийн нөхцөл байдал хурцдах эрсдэлтэй шүү.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД НЭР ДЭВШИГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

-Ж.Сүхбаатар гишүүний хэлж байгаа саналуудтай санал нэг байна. Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийг дээдэлж ажиллах хамгийн гол байнгын хороо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудал амар зүйл биш ээ. 2013-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа улс төрийн намуудын ЕНБД нартай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, Үндсэн хуулийн асуудлаар зөвшилцөж байсан. 2016 оны арванхоёрдугаар сард ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар эрдэмтэн, судлаачдын ажлын хэсгийг ахалж байсны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:

"Ж.Мөнхбатад амжилт хүсье. Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэж байгаа асуудлыг анзаарахгүй өнгөрчихөөд байдаг зүйлүүд бий. Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргаж байгаа шийдвэр нийгмийн суурийг тавьдаг. Энэ ч утгаараа улс төрийн дарамтууд зохион байгуулалттайгаар ирдэг. Энэ бүхэнд Үндсэн хуулиа бат барьж ажиллах хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж байна. Энэ хуулийг сонгуулиас өмнө амжуулаад батлах хэрэгтэй. Тэр хүн Монгол Улсын иргэдтэй ямар гэрээ хийж, Ерөнхийлөгч болж байгаа вэ гэдэг бүрэн зөв ойлголттой болоод сонгуульдаа оролцох ёстой. Тэгэхээр сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдтэй уялдуулаад хийх ёстой.

Үндсэн хуулиас давсан эрх мэдлийг Үндсэн хуульд нийцүүлж гаргах тал дээр анхаарч ажиллаарай. Сүүлийн 30 жил нийгэм, улс төрд болж байсан олон маргаантай асуудал, эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэр алдагдсан нь бүгд үүнээс эхтэй. Тиймээс шинэ даргаас энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллаарай гэж хүсье. Хүн ер нь орж байгаа тоглоомынхоо дүрмийг зөв ойлгосон байх хэрэгтэй. Түүнээс биш орсон хойноо тоглоомын дүрмийг өөрийнхөөрөө өөрчилдөг энэ байдлыг хаах нь Төрийн байгуулалтын байнгын хорооны үүрэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж