Италийн Сериэ-А лигийн 26-р тойргийн ээлжит тоглолтууд өчигдөр (2021.03.15) явагдлаа. Энэ тойргийн хүрээнд Ювентус Кальяри багийн талбайд зочлон тоглож, Кристиано Роналдогийн гурван гоолын ачаар өрсөлдөгчөө талбайд нь 3-1 гэсэн харьцаатай хожив. Өдгөө 36 настай Роналдо энэхүү тоглолтод замналынхаа 770 дахь гоолыг оруулж, “хөлбөмбөгийн хаан” гэгддэг Пелегийн 767 гоол оруулсан гэх амжилтыг эвдэж, албан ёсоор дээр нь заларлаа.
Тоглолтын дараа Роналдо “Энэ дэлхий дээр Пелегийн түүхийг сонсч өсөөгүй хөлбөмбөгчин гэж байхгүй байх. Түүний амжилт, гоолууд гээд надад маргах зүйл алга. Мадейрагийн жаал хүү Пелегээс илүү олон гоол оруулна гэж зүүдэлж ч байсангүй” хэмээн инстаграм хуудастаа зургийн хамт нийтэлжээ.
Дэлхийн гурван удаагийн аварга, домогт Пеле “Би чамайг үнэхээр биширч байна. Нуугаад яах вэ, чиний тоглолтыг би үзэх дуртай. Албан ёсны тоглолтуудад оруулсан миний гоолын рекордыг эвдсэнд баяр хүргэе. Ганц харамсах зүйл байгаа нь чамайг тэвэрч чадахгүй нь. Гэхдээ энэхүү зургийг үлдээе” хэмээн цахим хуудсаараа дамжуулан баяр хүргэжээ.
Бразилын хөлбөмбөгийн домгууд болох Пеле болон Ромарио нарыг 1000 гаруй гоол оруулсан гэдэг ч албан ёсны бүртгэлтэй тоглолтуудад харьцангуй бага гоол оруулсан үзүүлэлттэй. Пелег тамирчин ахуйдаа нийтдээ 1283 гоол оруулсан гэдэг боловч зарим гоолуудаа сонирхогчийн түвшинд, нөхөрсөг, бүртгэлгүй тоглолтуудад оруулсан аж.
Холбоотой мэдээ