"Азийн НАТО" буюу "Дөрвийн бүлэг"-ийн шийдэмгий алхам

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

"Азийн НАТО" буюу "Дөрвийн бүлэг"-ийн шийдэмгий алхам

"Азийн НАТО" буюу "Дөрвийн бүлэг"-ийн шийдэмгий алхам

Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын хүч нөлөөг хязгаарлах зорилготой “Дөрвийн бүлэг”-ийг АНУ өнгөрсөн онд байгуулсан билээ. Америк, Австрали, Энэтхэг, Япон гэсэн дөрвөн орон 2004 онд цунамийн гамшгийн эсрэг хамтран ажиллаж, 2007 онд Ази Номхон далайд аюулгүй байдлын асуудлаар дөрвөн талаараа уулздаг байх зарчмын тохиролцоонд хүрч, дөрвөлийн үйл ажиллагаа Трампын засаг захиргааны үед идэвхижсэн юм. Харин одоогийн Ерөнхийлөгч Жо Байден энэ бүлгийг Бээжингийн эсрэг стратегийнхаа нэг хэсэг болгож, яриа хэлэлцээг анх удаа дээд түвшинд хүргэж байна. Тус бүлгийн анхны дээд хэмжээний уулзалт энэ сарын 12-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдав.

Энэ үеэр АНУ-ын эрх баригчид Энэтхэгт Сovid-19-ийн эсрэг вакцины үйлдвэрлэлийг өргөжүүлж, гарцыг нь нэмэгдүүлэх санхүүжилтийн санаачлага гаргасан байна. Тодруулбал, АНУ-ын “Novavax”, “Johnson & Johnson” компаниудын бүтээсэн вакциныг Энэтхэгт бөөнөөр үйлдвэрлүүлэхээр зорьж байгаа аж. Энэтхэгийн тал ч мөн вакцин үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхийг “Дөрвийн бүлэг”-ийн гишүүн орнуудаас хүсчээ.

Энэ нь Сovid-19-ийн эсрэг вакцинаар дамжуулан дэлхий дахинд нөлөөгөө тэлж буй Хятадын эсрэг зогсох арга зам гэдгийг удаа дараа илэрхийлсээр байна. Мутацид орж, хувьсан өөрчлөгдсөөр байгаа Covid-19-ийн тархалтыг зогсоох цорын ганц арга зам нь вакцинжуулалтын хөтөлбөрийг хурдасгах гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд АНУ, Япон, Энэтхэг, Австралийн төрийн тэргүүнүүд 2022 оны сүүлч хүртэл Зүүн Өмнөд Азийн орнуудад Сovid-19-ийн эсрэг нэг тэрбум тун вакцин тусламж болгон өгөх юм байна. Тусламжийн вакцин нь “Johnson & Johnson” компанийн нэг тунтай вакцин байх ба Энэтхэгийн “Biological Ltd” компанид үйлдвэрлүүлэхээр болжээ. “Johnson & Johnson” компанийн вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан гурав дахь вакцин юм. Уг вакциныг ASEAN (Association of South East Asian Nations) байгууллагаар дамжуулан түгээх аж. ASEAN бол нийт 500 гаруй сая хүн амтай Зүүн Өмнөд Азийн 10 орныг багтаасан бүс нутгийн томоохон байгууллага юм.

Хятад улсын хувьд өөрийн бүтээсэн Сovid-19-ийн эсрэг вакциныг дипломат бодлого болгон ашиглаж буй. Тус улс хөгжиж байгаа 69 улсад вакцинаа хандивлаж, өөр 43 улсад вакцинаа худалдахаар болжээ. Мөн зөвхөн Хятадад үйлдвэрлэсэн вакцин хийлгэсэн гадаадын  иргэдэд визний журмаа хөнгөлөх асуудлыг ч ярьж эхэлсэн юм.

Хэдийгээр энэ байгууллага өөрсдийгөө Хятадын эсрэг гэж шууд зарлаагүй ч АНУ Хятадын дэлхийд болон бүс нутагт өргөжсөн үүрэг оролцооны эсрэг холбоотнуудтай байх дипломат нүүдэл хийж байна гэж шинжээчид үзэж байгаа билээ. Тус дөрвөлийг Ази, Номхон далайн бүс нутаг дахь Хятадын цэрэг арми, эдийн засгийн өсөлт, идэвхжилтийг хязгаарлах зорилготой “Азийн НАТО” ч гэж нэрлэж буй юм.

Хятадын хүчирхэгжилт нь дэлхийн геополитикийн тэнцвэрийг өөрчилж буйтай зэрэгцэн цар тахал нь гео-эдийн засгийн асуудлуудыг үүсгэж, бүс нутгийн зөрчлүүд ч нэмэгджээ. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын удирдлага дор АНУ, Хятадын харилцаа түүхэн доод түвшинд хүрч зөрчилдөв. Хятадын эсрэг арга хэмжээний хүрээнд АНУ бүс нутгийн холбоотон орнуудтай харилцаагаа хүчирхэгжүүлэхэд анхаарч эхэлсний илрэл нь “Дөрвийн бүлэг” юм.

АНУ, Хятадын хооронд 2018 оноос худалдааны дайн эхэлж, улмаар оюутнуудын визийг цуцалж, консулын газруудаа хаах зэргээр зөрчил олон талаар хурцадсан. Түүнчлэн Бээжин, Канберрагийн харилцаа ч муудаж, Хятадад ажиллаж байсан Австралийн сүүлчийн хоёр сэтгүүлчийг эргүүлэн татаж, Хятад улс ч Австралийн нүүрс болон бусад гол экспортын бүтээгдэхүүнд хязгаарлалт тогтоосон билээ. Мөн Гималайн нурууны өндөрлөг дэх хилийн маргаантай бүсэд Энэтхэг, Хятадын цэргүүд өнгөрсөн зургадугаар сард мөргөлдөж, олон хүний амь хохирсон. Ийнхүү “Дөрвийн бүлэг”-т Хятадын эсрэг зогсох нийтлэг ашиг сонирхол байгаа нь эдгээр орнуудыг нэгтгэсэн байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж