"Олимпийн шүүгчээр ажиллах болсноо сонсоод санаа амарсан"

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Токио 2020

"Олимпийн шүүгчээр ажиллах болсноо сонсоод санаа амарсан"

"Олимпийн шүүгчээр ажиллах болсноо сонсоод санаа амарсан"

"Токио-2020" олимпийн наадмыг дэнслэх хүндийн өргөлтийн шүүгч Л.Одгэрэлтэй ярилцлаа.


-Юуны өмнө та олимпийн наадамд оролцох албан ёсны шүүгчийн бүрэлдэхүүнд багтсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Анхны гэж тодотгож болох уу?

News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Токиогийн олимпод ажиллахаар одоогоор гурван эмэгтэй шүүгч тодроод байна. Анхны гэвэл миний хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сарын 22-нд олимпийн наадам шүүх урилгаа авсан. Урилгаа авсан анхны монгол шүүгч гэж хэлж болно. Мэдээж маш их баярласан. Олимпод оролцоно гэдгээ сонсоод баярлахын сацуу санаа амарсан. Тэмцээн уралдаанд явахаар олон хүний дэмжлэг туслалцаа хэрэг болно. Биеийн тамир, спортын улсын хороо, Сүхбаатар аймгийн биеийн тамир, спортын газар, аймгийн Засаг даргын тамгын газар, Үндэсний олимпийн хороо гээд олон газар намайг олимпийн эрх авахыг дэмжиж байлаа. Эдгээр дэмжиж байсан хүмүүсийн маань хүсэл талаар болоогүйд их баяртай байсан.

Би сонгогдсон гэхээс илүү Монгол Улс сонгогдсон.

-Таныг Токиогийн олимпийг зорих болзлоо аль хэдийнэ хангасан байсан гэж дуулсан. Хариу нь хэр их удаж ирэв?

-2019 онд улс орон бүр олимпийн нааадам шүүх боломжтой олон улсын нэгдүгээр зэрэгтэй шүүгчдийнхээ нэрсийг явуулсан. Тэгээд 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр сонгон шалгаруулалт нь дуусч, хариу нь гарсан. Миний хувьд жилийн дараа буюу 2020 оны хоёрдугаар сард хариугаа хүлээн авсан.

-Ямар болзол, шалгуурууд тавьдаг вэ?

-Олон улсын хүндийн өргөлтийн холбоо бүрэлдэхүүндээ 198 гишүүн оронтой шүү дээ. Улс орон бүр олимпийн шүүгчтэй болохын тулд нэгдүгээр зэрэгтэй шүүгчдийнхээ нэрсийг дэвшүүлнэ. Эндээс 35 шүүгч сонгоно. Ганцхан олимп ч гэлтгүй дэлхийн аварга, олон улсын томоохон тэмцээнүүдэд ийм тооны шүүгчид ажилладаг. Ер нь томоохон тэмцээн, уралдааны өмнө шүүгчдийн бүрэлдэхүүнийг ил зарладаггүй. Энэ нь шүүгчдээ янз бүрийн лоббид орохоос сэргийлж буй бодлого л доо. Шүүгчдийн чансааны оноог ч ил гаргадаггүй. 198 орны шүүгчид дундаас 35 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн багт сонгогдсон байна гэдэг таны хэр чансаатайг харуулж байгаа хэрэг. Мөн шүүгч бүр зургаан сегментэд ажилладаг байх шаардлагатай. Жин үзэлт, нарийн бичиг, бие халаалтын зааланд тамирчдыг шалгах, дэвжээний шүүгч, цаг барих шүүгч, жури шүүгч гээд зургаан сегментэд ажиллах чадвартай байх хэрэгтэй. Дээрээс нь олон янзын зохион байгуулалттай наадмуудад ажиллаж байсан туршлагатай байх хэрэгтэй. Би одоогоор 40 гаруй тэмцээнд ажиллаад байна.

-Жүдо бөхийн тамирчин яаж яваад хүндийн өргөлтийн спорттой холбогдсон юм бэ?

-Би чинь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд арван жилээ дүүргэсэн хүн. Нийгэм солигдоод, хөдөө орон нутагт спортын салбар уначихсан байсан үе. Тийм учраас оюутан болсон хойноо, орой спорттой холбогдсон. Хөдөө аж ахуйн их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид анх нэгдүгээр курст ороод, спортоор хичээллэмээр санагдсан юм. 2000 онд аавыгаа дагуулаад, Спортын төв ордны жүдогийн дугуйланд анх Б.Буядаа багшдаа шавь орж байлаа. 2001 онд жүдогийн залуучуудын улсын аваргаас алтан медаль аваад зогсохгүй самбо бөхийн залуучуудын улсын аваргаас хүрэл медаль бас хүртсэн дээ. Нэг жил хичээллээд, их л амжилт гаргасан байсан. Багш маань ч намайг ирээдүйтэй гэж бодсон байх. Харин тэгтэл хүчний бэлтгэл хийх гээд хүндийн өргөлтийн зааланд оров.

Тухайн үед хүндийн өргөлтийн спортын мастер С.Хөхөө багш маань “Одгэрэл ээ, чи хүндийн өргөлтөөр хичээллэвэл амжилт гаргана. Одоо дэлхийд эмэгтэй хүндийн өргөлт эрчимтэй хөгжиж байна. Чамд боломж бий. Бэлтгэл хийе” гэж санал тавихад нь зөвшөөрсөн дөө.

Яагаад ч юм бэ, анх хүндийн өргөлтийн зааланд ороход миний сэтгэл маш их хөдөлсөн. Цаанаасаа дуудсан юм шиг ээ. Гэтэл Б.Буядаа багш “Миний охинд жүдогоор том ирээдүй байхад хэмжигдэхүүнтэй хүндийн өргөлтийн спорт руу орлоо доо. Эмэгтэй хүнд хэцүү спорт шүү” гэж хэлж байлаа. Би өөрөө ч багшдаа хүсэл сонирхлоо ойлгуулаад, багш маань хүндэтгэн авч үзээд зөвшөөрсөн. Ингэж л анх 2002 онд хүндийн өргөлтийн спорттой холбогдож, 2003 онд насанд хүрэгчдийн Ази тивийн аваргаас Монголын эмэгтэй хүндийн өргөлтийн тамирчдаас анхны мөнгөн медалийг хүртэж байсан түүхтэй.

-Удаагүй та хүндийн өргөлтийн дасгалжуулагч болохоор Хятадыг зорьсон санагдаж байна?

-Мөнгөн медаль аваад ирсний дараа Монгол Улсад одоо юу хэрэгтэй байна вэ гэсэн чинь эмэгтэй мэргэшсэн дасгалжуулагч хэрэгтэй байсан. Тамирчид нь байгаа боловч дасгалжуулагч нь байгаагүй. Ийнхүү Бээжингийн Биеийн тамирын их сургууль руу дасгалжуулагч болохоор явсан даа. Төгсч ирээд, Б.Гансүх багштайгаа хамтарч ажиллахын хажуугаар холбооноос зохион байгуулж буй тэмцээнүүдэд шүүгчээр ажиллаж эхэлсэн. Эндээс л туршлагажиж, шүүгч болох эхлэл минь тавигдсан юм уу даа. 2012 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдахад олон улсын тэмцээнд анх удаагаа шүүгчээр ажиллаж байлаа. Б.Гансүх багш ч намайг олон улсын шүүгчээр ажиллах боломжтой гэж дүгнэсэн, их ч дэмжсэн.

-Анх хэзээ гадаад руу тэмцээн шүүхээр явж байв?

-Анхны гэхээсээ илүү сонирхолтой тэмцээнээ яримаар санагдлаа. Би Иранд болсон тэмцээний талаар ярих дуртай л даа. 2016 оны Пажар кап гээд зөвхөн эрэгтэй тамирчдын тэмцээн Иранд зохион байгуулагдсан. Би ч энэ тэмцээнд ажиллах сонирхолтойгоо илэрхийлж, уригдсан юм. Гэтэл Иранд очсон чинь ганцаараа эмэгтэй шүүгч нь байж таарсан. Өөр эмэгтэй шүүгч, тамирчин байхгүй дандаа эрчүүд. Ядаж байхад тэмцээн болох зааланд эмэгтэй ариун цэврийн өрөө байхгүй. Учир нь тэр зааланд хэзээ ч эмэгтэй хүн орж байгаагүй, хэн ч ийм зүйл болно гэж тооцоолоогүй. Харин удалгүй надад эмэгтэй ариун цэврийн өрөө гаргаж өгч байсан. Одоо бол Иран улс хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчдаа бэлдээд эхэлчихсэн. Энэ бүх асуудлыг зохицуулчихсан. Ираны тэмцээн явагдаад, сар гаруйн дараа тус улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч надад талархлын захидал илгээж байлаа. Захидалдаа “Та манай улсад айлчлан ирж ажилласан нь манай улсын эмэгтэй тамирчдад боломж олголоо. Танд талархлаа” гэсэн утгатай зүйлс бичсэн байсан. Хоёр жилийн дараа 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Иран улс эмэгтэй тамирчдаа илгээчихсэн, тэмцээний В хэсэгт орж байлаа. Би чинь өөрөө бас Олон улсын хүндийн өргөлтийн холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн таван гишүүний нэг. Ази тивийн төлөөлөгч. Энэ байгууллага маань ч хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалдаг, тулгамдаж буй асуудлыг шийддэг.

-Одоогоор та хичнээн улс орноор аялж, тэмцээн уралдаан шүүгээд байна. Хамгийн сонирхолтой санагдсан нь аль улс вэ?

-Давхардсан тоогоор 20 гаруй улсаар аялж, тэмцээн уралдаан шүүгээд байна. 2013 онд Хойд Солонгост очиход их өөр мэдрэмж төрсөн. Анх удаагаа Өмнөд Солонгосын хүндийн өргөлтийн тамирчид Хойд Солонгост зочилсон үйл явдал. Цэнгэлдэх битүү үзэгчидтэй Ким Жон Ун айлчилж, тэмцээнийг маань сонирхсон. Ким Жон Ун цэнгэлдэхэд ирэхэд биднийг заалнаас гаргаад, нэгжлэг хийж, бүх зүйлс шалгаад их сүртэй байсан. Яг удирдагчаа ороод ирэхээр тэнд байсан үзэгчид чинь 20, 30 минут алгаа ташаад зогсчиж байгаа юм. Хойд Солонгосын тамирчин алтан медаль хүртчихээд, медалийн тавцанаас буудаггүй шүү. Удирдагчдаа авсан медалиа харуулаад, уйлаад л байдаг. Гэтэл дараагийн тэмцээний цаг болчихоод байдаг. Их л дурсамжтай, сонирхолтой тэмцээн болсон доо.

-Хүндийн өргөлтийн олон улсын шүүгч болоход гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Анхандаа ч ийм ачаалалттай гэдгээ мэдээгүй гоё л байсан. Сүүлдээ нэгдүгээр зэрэг аваад, өмнөө олимпийн наадам шүүх зорилго тавиад ирэхээр зүтгэхээс өөр аргагүй болдог юм билээ. Нэг сарын бараг талд нь гэртээ байхгүй, гадаад руу тэмцээнд явчихдаг. Нөхөр, хоёр ээж маань л арыг минь даагаад үлддэг. Би их азтай. Хоёр ээж маань ээлжилж ирээд л хүүхдүүд харна. Ингэхээр би тайван, сэтгэл зовох зүйлгүй болдог. Хэний ч надад өгч чадахгүй тусламжийг ээжүүдээсээ л авдаг даа. Эмэгтэй хүнд ар гэрийн дэмжлэг маш чухал.

-Шантрах үе гарч байсан уу. Өөрийгөө ч зовоогоод, бусдыг ч хүнд байдалд орууллаа гээд?

-Шантрах үе гэхээсээ илүү тэмцээн уралдаанд явах зардал дээр л асуудал гардаг. Тэмцээнийхээ зардлыг хэрхэн зохицуулах вэ гээд бодно. Тэрнээс биш шантарсан тохиолдол нэг ч байхгүй. Тамирчдын адил шүүгчид ч гэсэн их тэсвэр тэвчээр гаргана. Нэг тэмцээн хоёр цаг зохион байгуулагдлаа гэж бодоход яг л нэг байдлаараа сууна. Зогсдог шүүгч ч амсхийлгүй хоёр цаг явж, тамирчидтай харьцаж, хяналт тавина. Тамирчдын хурууны боолтыг хүртэл байнга шалгана. Тэгээд болоогүй хоёр цаг том лед дэлгэцний өөдөөс хараад сууна. Хараанд хүртэл өөрчлөлт орно.

-Та сэтгэл хөдлөлдөө хэр их автдаг вэ? Дахиад жаахан өргөчихөөсэй, тэсчихээсэй гээд дэвжээн дээр гарсан тамирчдын өмнөөс санаа зовно биз?

-2013 оны Тяньжинийн зүүн Азийн наадмаас МУГТ Н.Баярмаа мөнгөн медаль хүртдэг гүйцэтгэлээ хийж байх үеэр битгий алдчихаасай гээд алга хөлөрсөн. Нүүрний хувирлаа ил гаргалгүй, төв царай гаргасан хэдий ч дотроо битгий алдчихаасай гэсэн бодол төрж байсан. Мэргэшээд ирэхээр сэтгэл хөдлөл, догдлолоо барьж сурдаг юм билээ. Тамирчдыг ч алхаа, дууны өнгөөр нь л чадах үгүйг нь 80-90 хувьтай хэлнэ шүү. Халаалтын заалаар явж өнгөрөхөд л тамирчдыг хараад ямар байгааг нь дүгнэдэг.

-Цар тахал гээд гадаад, дотоодын тэмцээн хумигдлаа. Та ч гэртээ хэсэг суусан байх. Хамтдаа байгаад, хань ижил, үр хүүхдүүд тань их баярласан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Би чинь хамгийн сүүлд 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд Хятад руу дэлхийн цомын тэмцээнд явж ирээд гэртээ суусан даа. Ээж нь, хань ижил нь гэртээ байсан болохоор манайхан ч бөөн баяр. Энэ хугацаанд бүл нэмээд амжсан. Өнгөрсөн оны зургадугаар сард амаржиж, хөөрхөн хүүтэй болсон. Одоо хүүгээ асраад, гэртээ л сууж байна. Хэрэв олимп хойшлоогүй байсан бол сар гарантай хүүгээ үлдээгээд явах байлаа.

-Тэгэхээр та хөл хорионы үеийг өөрт таатайгаар эргүүлж чаджээ?

-Тийм шүү. Хэдий хөл хориотой ч онлайн сургалт, семинаруудаа хийгээд явсан. Бүх зүйл цахимжаад, интернэт технологи хөгжих сайхан юм даа. Перугийн нийслэл Лима хотод зохион байгуулагдсан өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг онлайнаар шүүлээ. Нэг гэм нь цагийн зөрүү л байв.

-Та манай сайтын уншигчдад гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би нөхөр, гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Нөхрийг маань Д.Гансүрэн гээд тулааны урлагийн мастер, олон улсын таеквондогийн хар бүс VI данн, монгол тулааны урлагийн VII даннтай спортын хүн бий. Манай том охин Монголын 3х3 сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин. Дунд охин маань аавтайгаа адил таеквондогийн спортоор хичээллэдэг. Харин хүү маань ямар спортоор хичээллэхийг цаг хугацаа л харуулна даа.

-Гурван үеийн тамирчид байна шүү дээ. Таны аав шагайн спортын улсын мэргэн хүн, ээж тань волейболын мастер, эмэгтэй дүү тань үндэсний сур харваач улсын мэргэн, ах тань аймгийн начин, эрэгтэй дүү тань сагсан бөмбөгийн спортын дэд мастер. Одоо үр хүүхдүүд тань хүртэл спортоор хичээллэж байна?

-Одоо бодоход нээрээ л тийм байна шүү. Бага байхад аав, ээж хоёр мааь волейбол тоглодог, би ахтайгаа дагаж яваад үздэг байлаа. Одоо гэр бүлээрээ нэг сайхан цуглаж чадахгүй л байна. Нэг сайхан өдөр цуглах биз.

-Нутагтаа сүүлд хэзээ очсон бэ?

-Сүүлд дүүгийнхээ улсын мэргэн цолны наадмаар очсон.

-Токиогийн олимпийн наадмаас өмнө оролцохоор төлөвлөсөн тэмцээн уралдаан бий юу?

-Ирэх тавдугаар сард Саудын Арабад залуучуудын дэлхийн аварга зохион байгуулагдана. Тэрхүү тэмцээн Исламын ертөнцөд анх удаагаа эмэгтэй тамирчид оролцоно гэдгээрээ онцлог. Надад ч урилга ирсэн. Тийшээ явж таарах байх. Уг нь энэ гуравдугаар сард Узбекистанд зохион байгуулагдах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урилга ирсэн. Даанч одоогоор манай улсын хил хаалттай байна. Нялх хүүхэдтэй хүн чинь хэзээ эргэж ирнэ гэж явах вэ дээ.

-Өөрийн орны тамирчдаа шүүх тохиолдол цөөнгүй гарна биз?

-Шүүх тохиолдол таарна шүү. Тамирчдын хувьд өөрсдийн орны шүүгчид таарах гоё гэж сонсч байсан. Сандраад дэвжээн дээр гараад ирэхэд Одгэрэл эгч байж байхаар сэтгэл амраад, Монголдоо байгаа юм шиг байдаг гэсэн. Энэ нь л сайхан юм даа. Тэрнээс биш шүүлтийн асуудал гарвал 1-2 минутад л шийднэ.

-Дэнсэлж үзээгүй наадам гэвэл олимп л үлдсэн юм шиг байна. Энэ олон жил тэмцээн шүүгээд, дэлхийн шилдэг тамирчидтай нүүр тулах ямар байдаг вэ?

-Хажуугаас нь харахаас эхлүүлээд зодог тайлахыг нь хүртэл харлаа. Эхэндээ харахад сайхан, сүрдэм байдаг ч сүүлдээ байнга хараад байхаар хүүхэд шиг санагдаж эхэлсэн. Топ тамирчдын зодог тайлахыг харахад сэтгэл хөдөлмөөр байдаг шүү. Шүүгчид тийм тохиолдолд л хүндэтгэл үзүүлж, алга таших эрхтэй. Тамирчид зодог тайлахдаа дэвжээн дээрээ гутлаа тайлаад, дэвжээндээ мөргөн, штанкаа үнсээд уйлаад сууна. Миний санаанаас нэг үйл явдал ер гардаггүй юм. 2018 оны Ашгабатад зохион байгуулагдсан дэлхийн аваргын үеэр 2016 оны Риогийн олимпийн аварга Ираны Киануш Ростами бэртээд, хүрэл медаль авдаг юм. Гэтэл медаль гардуулах ёслолын арга хэмжээ болоход гарч ирж медалиа авахгүй гээд байдаг. Хоосон байлгаж болдоггүй. Тэгээд очсон чинь уйлчихсан сууж байна. Холбооных нь ерөнхийлөгч хажууд нь аргадаад суучихсан. Шүүгчийн хувиараа ярилцвал намайг тоохгүй шинжтэй. Тэгэхээр нь “Киануш, та бол домогт тамирчин. Энэ зааланд цугларсан хүмүүс таныг харахыг хүсч байна. Бидэнд ганцхан минут байна” гэсэн чинь аваргын нүд нь сэргээд ирсэн. Тэгсэн чинь өвдгөндөө их том мөс тавиад боочихсон, доголоод л гарч ирсэн. Алт, мөнгөн медаль авсан тамирчид тохойноос нь өргөөд, үзэгчид алга ташаад, гайхалтай мөч байсан даа. Тамирчдын бэртэл гэмтэл бидэнд их ойр сонсогдож, харагдана. Аль болох хариу үйлдэл үзүүлэхгүй, сэтгэл хөдлөлөө гаргахгүй байхыг хичээдэг. Дотроо бол санаа зовно.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд нэмж хэлэх зүйл байвал бидэнтэй хуваалцана уу?

-Нэг зүйлийг заавал хэлмээр байна. Токиогийн олимпод Монголын гурван эмэгтэй шүүгч явахаар боллоо. Би Т.Энхцэцэг, Э.Саруул хоёртоо баяр хүргэмээр байна. Бид гурав л одоо ингэж мэдэгдээд байгаа болохоос биш үүний ард Монголын олон арван спортын зүтгэлтэн эмэгтэйчүүд бий. Спортын насжилттай холбоотой, цаг нь болсон. Токиогийн тэнгэрт Монголын далбаа олноор мандаж, төрийн дуулал олноор эгшиглээсэй гэж хүсч байна. Үүнд итгэлтэй байгаа. Мөн Монголын жүдогийн холбоо, байт харвааны холбоондоо олимпийн шүүгчтэй болсонд нь баяр хүргэе. Токиод очоод, өөр өөр газар тэмцээнтэй байж таарах байх, гэхдээ боломж нь олдвол нөгөө хоёртойгоо сайхан зураг даруулъя гэж бодож байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж